АН-ынхан бол Ордонд орсон ч, гудамжинд байхдаа ч хоорондоо нүдэлдэж л байдаг. Сурчихсан.
Шинэ Үндсэн хуулиас хойшхи 27 жилийн хугацаанд монголчууд эдэнд хоёр ч удаа засаг барих эрх олгож байлаа.
1996 онд “Ардчилсан холбоо” эвслийнх нь 50 хүнийг УИХ-ын гишүүн болгож байв. Тэгтэл 2000 оныг хүртэл засгаа хэд ч солив доо. Тэр дөрвөн жилд “хөлөө жийлцэж” долоо хоног Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэсэн Н.Туяаг оролцуулбал таван Ерөнхий сайд сольсон байдаг.
Дараа нь 2012 онд АН-ынхан 34 суудал авсан. Бас л Засгийн газраа өөрсдөө унагаж, энэ хооронд МАН-тай ч, МАХН-тай ч хамтарч үзсэн.
Харин 2016 оны УИХ-ын сонгуульд АН тааруухан дүн үзүүлж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд буюу есөн гишүүнтэй болсон юм. Энэ сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Б.Наранхүү, Лу.Болд, З.Нарантуяа, Я.Санжмятав, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Д.Мурат нар ялалт байгуулж, намдаа суудал олж ирсэн.
2016 оны УИХ-ын сонгуулиас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гартал УИХ дахь АН-ын бүлэг төсөв шүүмжилж, МАН-ын амлалтыг сануулж өнжив. Гэхдээ АН нь дотооддоо жинхэнэ нам шиг ажиллаж, 2016, 2017 оны дамнуулан дотоод сонгууль явуулсан. Ийм сонгуулиар С.Эрдэнийг намын даргаар сонгож, улмаар бүтцээ байгуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Х.Баттулгыг тодруулсан юм.
Иймэрхүү ажин түжин байдалтай байсан АН-ынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас бужигнаж эхэлсэн.
Намын дарга нь УИХ-д байгаа ч АН-ын бүлэг намаа “залуурдах” хэмжээний хүчтэй биш байв. Тийм учраас АН-ын хаягтай улс төр УИХ дахь бүлэгт нь, бас нам дээр нь өрнөж эхлэв.
УИХ дахь бүлэг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад дэмжлэг үзүүлэв. Мэдээж, энэ бол сөрөг хүний гаргах ёстой шийдвэр юм. Бас Д.Мурат гишүүн нэгэн таагүй явдалд орооцолдов. За, энэ ч яахав. Дараа нь болсон явдлуудын дэргэд энэ анхаараад байх асуудал биш.
Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь АН-д, ялангуяа дотоод сонгуулийн дүнгээр намын дарга болсон С.Эрдэнэд “гай” болсон нь өнөөдөр тодорхой харагдаж байгаа юм.
Эхэндээ С.Эрдэнэ “…Х.Баттулга бол АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон. Тиймээс АН-ын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой” гэж үзэж байв. Үүнийгээ ч өөрт нь хэлж байсан гэдэг.
Ингэж ЕТГ-т Х.Баттулгыг дагасан МоАХ хаягтай хүмүүс болон АН-ынхан чихсэн. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийг харахад л энэ дүр зураг гараад ирнэ.
Тэр үед “Ардчилсан хүчний холбоо” хэмээх нэгэн малгай дор үзэл суртлаа нэгтгэж ирсэн С.Эрдэнэ, З.Энхболд хоёр ойр байв. Өөрөөр хэлбэл, АН-ын бодлого З.Энхболдоор дамжин Ерөнхийлөгчийн институцийн зүгээс явж байсан үе бий. Гэхдээ энэ удаан үргэлжлээгүй.
2018 он гараад Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө байр сууриас С.Эрдэнэтэй харилцах болсон. С.Эрдэнийн шахалтыг тоохоо больсон. Улмаар ЕТГ-ын дарга З.Энхболд ч Ерөнхийлөгчтэй нэг талд гарч, “баруун гар” нь болсноор С.Эрдэнийг дэмжихээ больсон юм. Мөн Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөхөөр очсон Н.Алтанхуяг ч Х.Баттулгын нөгөө “гар” нь болсон.
УИХ дахь АН-ын бүлэг үндсэндээ эрх зүйн чадамжгүй болчихоод байгаа. 2017 оны сүүлчээс нүүр буруулж МАН-ынхантай нийлж “давхих” болсон Ж.Батзандан, Лу.Болд хоёр 2018 оны сүүлч гэхэд намаасаа бүр салж, хэд хоногийн өмнө “Шинэ Ардчилсан нам” байгуулна гэдгээ зарласан. Тэднийг өмнө нь хөөж туугаад сүйд болж байсан С.Эрдэнэ одоо “…Манай хоёр манай намын гишүүн хэвээрээ байгаа” гэж мэдэгдэх болоод байгаа юм.
Мөн АН-ын бүлгийн үлдсэн гишүүдээс Б.Пүрэвдоржийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн, Б.Наранхүүг УИХ-ын дарга асан М.Энхболдын гээд тал тал тийш тарсан байр суурьтай гэдгийг АН-ынхан байтугай ард түмэн нийтээрээ мэддэг болсон.
Ийм нөхцөлд УИХ дахь АН-ын бүлэг улс төрийн жин дарах боломжгүй болж байгаа юм.
Ингэсээр 2018 оны төгсгөл болоход С.Эрдэнэ нам дээрээ Баянгол болон Ардчилсан хүчний холбоо, бас бус жижиг фракцуудын нэгдэлтэй үлдэж, Ерөнхийлөгч МоАХ, “Алтангадас”, бас “Ардчилсан хүчний холбоо”-ны З.Энхболдыг дагасан нэлээд хэсэгтэй болсон.
Яваандаа АН-ыг С.Эрдэнийн гараас салгах операци Ерөнхийлөгчийн дэргэдээс эхэлсэн гэдэг юм. “…З.Энхболд АН-ын дарга болох гэнэ” гэсэн мессэж хааяа илгээж С.Эрдэнийг айлгана. Энэ боломжгүй л дээ. З.Энхболд ийм мэдээлэл гараад ирэхээр “..Би болохгүй, битгий оролдоод байгаарай” гэж уурладаг. Гэвч З.Энхболд дахиад АН-ын дарга хэзээ ч болохгүй. АН түүнийг хүлээж авахгүй гэдгийг АН-ынхан бүгдээрээ хэлдэг. Өөрөө ч мэдэрдэг учраас ийм хариулт хэлдэг биз.
2019 он гараад С.Эрдэнийг намын даргаас унагах операци улам хүчтэй өрнөж байна. Н.Алтанхуяг МАНАН-тай, “Шударга бусын хонгил”-той, С.Эрдэнэтэй тэмцэхээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өглөө. Түүнийг АН-ын дарга болох гэж байна гэж ярьсан. Тэр бас л үгүй. Бас л боломж байхгүй. Харин С.Эрдэнийг унагалцаад, дараа нь болох намын даргын марафонд “Алтангадас- фракцаасаа УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг зүтгүүлэх гэж байгаа гэх мэдээлэл бий. Угтаа Я.Санжмятав АН-ын дарга болно гэдэг энэ суудал Н.Алтанхуягт очсоноос ялгаа байхгүй.
Энэ хоёр “Асар, Басар”-аас гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэж том “дайсан” бий. Ц.Элбэгдорж сүүлийн үед ихээхэн идэвхжиж байгаа. Эрдэнэтийн 49 хувь, МАНАН бүлэглэл гээд түүнтэй холбоотой асуудал босч ирээд, хажуугаар нь Тавантолгой, уран зургийн асуудлаар хуулийн байгууллага түүнийг чангаагаад зүгээр байлгахгүй болсон. Гэсэн ч тэр Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ нарт аюултай этгээд болоод байгаа юм. Саяхан болсон АН-ын ротацийн үеэр Эрдэнэтэд оччихоод С.Эрдэнийг айлгаад л байв.
Гэхдээ сүүлийн үед Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёрын нэгдэл бий болж, улс төрийн хоршсон тоглолтыг эхлүүлээд байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл сонсогдох болсон юм.
Ийн тэдний зөрчил нэгэнт ил болж, хэн нь дийлэх вэ гэдэг рүүгээ явчихсан гэхэд болно.
Энэ бүхний хажуугаар, дээр дурдсан томчуудын хэн нэгэнд дэм болсон залуус бас С.Эрдэнийн эсрэг тэмцэл өрнүүлж эхлээд байгаа. АН-ын залуус бол ингэж хоёрдугаар эгнээнд явахаас өөр аргагүй. МАН шиг түүхэн уламжлал энэ намд байхгүй. Х.Тэмүүжин хэлсэн дээ, “дээрээ ахгүй өвөө нар” гэж… Тэднийх нь улс төрийн карьер дуусаагүй, дөнгөж 60 шүргэж яваа учраас одоогийн залуус эдэнтэйгээ л хамт тэтгэвэртээ сууна гэсэн үг.
С.Эрдэнийн хувьд өөртөө хамгаалалт авч, олны дунд “нэр, гар цэвэр” гэгддэг Р.Амаржаргалыг дэд дарга болгож дэргэдээ авчирсан. Гээд тэсч үлдэхэд нь нэмэр бага л болов уу.
Учир нь С.Эрдэнэд бэлдсэн “хор” удахгүй задарч магадгүй болоод байгаа аж. С.Эрдэнэ өмнөх УИХ-ын үед Нийгмийн хамгааллын сайд байхдаа дампуурч байсан нэгэн банкинд “хөрөнгө оруулалт” хийж босгожээ. 2016 оны сонгуулийн өмнөхөн болсон явдал гэж байгаа. Гэвч тэр хөрөнгө оруулалт нь төрийн мөнгө байгаад, түүнээс сонгуульд зориулах татаас авсан бололтой юм.
Ийм агуулгатай баримт удахгүй ил болж, нэг банк хүнд байдалд орж, С.Эрдэнэ АН-ын даргаасаа бууна. Баримт дэлгэлгүй бууж ч бас мэднэ.
АН ийм маягаар холион бантан, наацшаа цаашаа болсон, ёстой л Монголын нууц товчоонд гардагчлан “…Орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэж, хөнжилдөө хэвтэх завгүй хөнөөлдөн тэмцэлдэж буй” юм.
Энэ бүхэнд нөлөөлдөг хүчин зүйлүүд гэвэл, АН угаасаа сүүлд нийлсэн эр эмийн дагавар хүүхдүүд шиг олон фракц, бүлэглэлтэй. Нэг үгээр, 2000 онд АН-ыг байгуулж нэгдсэн олон намын суурь дээр бий болсон фракцууд бие биеэ хүлээн зөвшөөрөлгүй өнөөг хүрсэн юм. Тэдгээр нь хүч тэнцүүхэн. Аль ч фракцаас намын дарга гарлаа гэхэд түүнийг нь түлхээд унагах хүч нөгөөдүүлд нь байдаг. Тэгэх сонирхол ч ихтэй. Ер нь бол бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй улсууд гэсэн үг.
Угтаа АН-ын онцлог нь энэ юм. Тиймээс АН ийм байдлаар яваад байвал ард түмнээс санал авч, засаг төрийг дахин дангаар барих боломж бараг байхгүй л болов уу.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл