"Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болов. Манай улсад аливаа асуудал үүсч, өрнөж, эцэстээ хүний алтан амь авч одсоны дараа л ухаардаг буруу жишиг хэдийнэ тогтжээ.
"Золбин нохойд урууллаа”, "Айлын нохойд идүүлэх шахлаа” гэх таагүй мэдээлэл хэдэнтээ гарч байсан ч нохой устгалын ажил төдийлөн биелэлээ олж байсангүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл хөршийнхөө нохойд бариулж харамсалтайгаар амиа алдсан дөрөвхөн настай бяцхан хүүгийн амь "нохой араатан” болохыг нийгэмд мэдрүүлж, эрх мэдэлтнүүдэд энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг санууллаа.
Далайн эрэгт хэвтэж буй Сири хүүгийн цогцсыг харуулсан гэрэл зураг дэлхий ертөнцийг уйлуулж, дүрвэгсдийн эмгэнэлт байдлыг дэлхий дахинд мэдрүүлж, тэдний асуудлыг шийдэх гарц болж чадсан билээ. Тэгвэл хөршийнхөө нохойд бариулсан дөрвөн настай хүүгийн амь нас нийслэлчүүдийг золбин, зоолсон нохойноос салгаж, мянга мянган хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахаар боллоо.
Энэ сарын 16-ны өдөр хүү ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн "Дундад Ази” үүлдрийн нохой хазуулж, хүнд гэмтээсний улмаас шархаа даалгүй хамамсалтайгаар нас барсан билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн 3 сарын 23-ны өдөр болсон хурлаар золбин нохой муур устгалын талаар хэлэлцсэн юм.
Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг аж. Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулж байгаа юм байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал одоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг тухайн үед дүүргийн дарга нар онцолж байв.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар худалдан авах, уургалан бариад нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх шаардлагатай байгаа учраас золбин нохой муур утсгах үнийг 12 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хэдийгээр нохой устгалын ажлын хөрөнгө мөнгө ийнхүү нэмэгдэж байгаа ч ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх нь юунаас ч чухал гэдгийг ард түмэнд хэлж, хүсч байна.
Энд нэгэн тоо баримтыг дурдвал Улаанбаатар хотын гудамжинд өнөөдрийн байдлаар эзэнгүй 70-80 орчим мянган золбин нохой байгаа аж. Ийнхүү тоо толгой нь эрс олширч байгаа нь устгал дорвитой хийхгүй байгаагаас гадна нохойн үржлийн мөчлөгт өөрчлөлт орсонтой холбоотой юм байна. Тодруулбал, ноходын ороо жилд 1-2 удаа ордог байсан бол өдгөө замбараагаа алдаж, хэзээ, хэдэн удаа орж байгаа нь ч мэдэгдэхээ больжээ. Нэг гөлөглөхдөө 1-2-оор тогтохгүй 10-20 гөлөг гарган үржиж байгааг албаны хүмүүс онцолж байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн онд гэхэд ГСГҮТ-д 2943 хүн нохойд хазууллаа гэж хандсаны 1144 буюу тал хувь нь хүүхэд байжээ. Мөн он гараад хоёр сарын хугацаанд 463 хүн нохойд хазуулж эмчилгээ хийлгэсний 23 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тэдний ихэнх нь гудамжны буюу золбин нохойд хазуулжээ. Гэхдээ эдгээр хүмүүс төдийлөн цагдаагийн байгууллагад хандалгүй өөрсдөө хохироод үлддэг аж.
Уг нь гэрийн тэжээвэр амьтан хүний биед гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчилах хуультай аж. Мөн энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан бол 3-6 сараар баривчлах, таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Тиймээс эзэнтэй нохойд уруулж гэмтсэн бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс өгүүлсэн.
Улаанбаатарыг золбин нохойноос салгах, эзэнтэй нохдыг уяуулдаг болгох ажил олон жил яригдаж, туншсан ч төдийлөн ажил хэрэг болоогүй юм. Тэгвэл дөрвөн настай бяцхан хүүгийн амь нас зоолсон олон золбин нохойны үүр болоод байсан Улаанбаатарыг нохойноос салгаж, нийслэлчүүдийг амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүллээ. Бяцхан хүүгийн амь нас дахин бүү үнэгүйдээсэй.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл