Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.
МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эриний III зууны эцэст египетчүүд лаа болон зулыг зүүд нойрны туслалцаатайгаар элдэв асуултад хариулт авах өвөрмөц ёслолд ашигладаг байжээ.
Өөрөөр хэлбэл, лаа хүн төрөлхтнийг бурхан сүнстэй уулзахад нь зуучилдаг байсан байна. Цагаан лаваар хийсэн лааны дөл хурц бөгөөд ойр орчмоо удаан гийгүүлдэг аж. Төрөл бүрийн ургамлаас бүтсэн цагаан лав бүхий лааг тухайн үед дээдсүүд хэрэглэдэг байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Өнөө үед лааг цагаан лав, халимны тос, нүүрс, нефть, лаврын тосоор бүтээдэг болсон байна. Дөрвөлжин, дугуй, гадил, мөн алиман гээд лааны хэлбэр өдгөө хачин чамин болжээ. Тиймээс лааг хүмүүс найз нөхдөдөө бэлэг болгон өгөх нь олширчээ.
Гэр орон өрөө тасалгаагаа лаагаар чимэх нь уламжлал болон хэвшээд байна. Гэхдээ лаа болгоныг бэлгэнд барьж, гэрээ чимэглэх нь утга учиртай. Баярын ширээн дээр лаа тавихдаа ширээний бүтээлэг, амны алчуур зэрэг бусад чимэглэлтэй өнгийг нь хослуулах хэрэгтэй. Мөн жижигхэн навтгар хундагыг усаар дүүргээд олон өнгийн лаа хөвүүлэн тавибал алжаал тайлан нүд хужирлах увидастай аж.
Харин эртний монголчууд зуух, тулгандаа гал асааж дэргэд нь удаан суухыг энергитэй холбон тайлбарладаг байжээ. Галын дөлөнд нүүрээ ээх нь биеэ ариутгаж байгаа нэгэн хэлбэр аж. Бас лаагаа гэр орноо тойруулж, орчин тойрноо сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөж болдог хэмээн үздэг. Зарим хүн өглөө бүр лаагаа асааж, түүндээ гар нүүрээ ээгээд суучихдаг. Үүнийг нь гар, нүүрээ угаахаас илүүд үздэг бөгөөд шөнийн харанхуйгаас цугласан бүх л муу энергиэ галд шатааж, бие сэтгэлээ цэвэрлэж, халуун дулаан эрч хүч авч байна гэж тайлбарладаг.
Энэтхэгт анагаах ухаанд ч гэсэн лааны үр өгөөжийн талаар тэмдэглэн үлдээсэн нь бий. Тэд асаалттай лааг нүүрнээсээ 50 см-ийн зайтай байрлуулж, дөлөнд анхаарлаа төвлөрүүлэн удаанаар гүнзгий амьсгал авч, түргэн гаргадаг гэнэ. Ингэхдээ ажлын ачаалал, бухимдал, ядаргаа бүхэн галын дөлөнд замхран одож байна гэж төсөөлдөг байна. Энэ дасгалыг 5-7 удаа давтан хийсний дараа сэтгэл санаа илт дээрддэг аж. Харин барууныхан лаанд шивнэсэн хүсэл биелдэг гэж итгэдэг тул залбирал үйлддэг сүм хийдүүдэд лаа асаадаг. Бас унтлагын өрөөндөө лаа байрлуулбал нойргүйдэл эмчлэгддэг хэмээнэ. Харин шөнийн цагт лааны гэрлийг удаан ширтэж дадвал энэ нь хөнгөн баясалгал шиг үйлчилж, толгой болон мэдрэлийн ядаргааг намжаадаг ажээ. Тэр ч бүү хэл, лаа хар, цагаан хэл амнаас хамгаалдаг хэмээн зарим нь баталдаг байна.
Улаан лаа хайр дурлалын бэлгэдэл болно. Хосууд найз нөхдөө үдийн зоогонд урихдаа улаан өнгийн лаагаар ширээ, гэр орноо чимэглэвэл тохиромжтой. Ногоон лаа нь эхэлсэн ажлаа амжилттай бүтээж мөнгө арвижуулахыг хүссэн хэн бүхэнд тохиромжтой. Шар өнгийн лаа өөртөө нарны эрч хүчийг шингээж байдаг тул хүмүүс сэтгэл санааны дарамтнаас салахад эрч хүч, зоримог байдлыг бэлэглэдэг юм байна. Хүрэн өнгийн лаа айл гэрт аз жаргал авчирдаг бол хөх лаа бие эрхтэнд тамир оруулж, тухайн хүнд ямар нэгэн далдын хүчин тус хүргэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цагаан лаа элдэв муу энергийг зайлуулах увидастай тул түүнийг албан тасалгаа, гэр орондоо асааж, тойруулдаг ажээ. Улбар шар лаа нөхөрлөл, урам зориг, баяр бясгаланг бэлгэддэг байна.
Сэтгэгдэл