Улс төрийн намууд сонгууль болгоноор мөнгөн бороо оруулсаар Баянзүрх дүүргийг адал явдлын талбар болгожээ. АН, МАН хоёр хэрээ хэрээнийхээ харыг ялгахгүй гэгчээр аль аль нь гудамж сүлжин мөнгө тараана. Бас хэн хэнээ үйлдэл дээр нь барих гэж хөөцөлдөнө. Ингээд өөрөө ч тараана, өрсөлдөгчөө ч илрүүлнэ. Дараа нь би бага тараасан, энэ их тараасан гээд барьцалдана.
Эсвэл би баригдаагүй, тэр баригдсан гээд заргалдана. Тараасан мөнгө нь нэг сонгогчид 20-50 мянган төгрөгөөр л хэмжигддэг гэж байгаа. Тэгж хийсгэхээр тэр мөнгөөрөө нэг сургууль, эсвэл цэцэрлэг бариад өгчихдөг сөн бол дүүргийн хөгжилд ч, иргэдийн амьдралд ч нэмэртэй байх сан. Хоногийн хоолны мөнгөнөөс саналаа худалдсанаар БЗД-ийн ИТХ –д эрүүгийн гэмт хэрэгтэн ч үүрлэж мэдэх ийм л нөхцөл байдал үүсчээ. Иргэдийн өөрөө удирдах ёсны энэ байгууллагад сонгогдсон зарим төлөөлөгч нь гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа тохиолдлууд байна. 2016 онд БЗД-ийн ИТХ-ын сонгууль нь мөнгөний "дайн” болсон.
"Ц.Элбэгдоржийн хүү мөнгө тараагаад сонгогдчихлоо. Үүнд Ц.Элбэгдорж нөлөөөлж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан шүүхийн байгууллагыг улс төрөөс хараат болгосон” гээд л Ардын намынхан өчнөөн заргалдсан. Эцэст нь туг тахина гэгчээр Ц.Элбэгдоржийн хүүг үлдээж, АН-аас ИТХ-д нэр дэвшсэн долоон төлөөлөгч Сонгуулийн хууль зөрчин, сонгогчдод мөнгө тараасан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон.Ингээд 20 гаруй мянган иргэний эрх зөрчигдөж, хоёр жил тойрон ИТХ-даа өөрдийн төлөөлөлгүй явлаа. 2018 оны аравдугаар сарын сүүлийн долоо хоногт дахин сонгууль явуулахтов зарласан ч ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нь заргалдаад "сонгууль хийх үндэслэлгүй” гээд болиулсан. Дээд шүүх энэ асуудлыг хянаад Ш.Ганчимэгийн гаргасан үндэслэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд сая дахин сонгууль зарлан явуултал "Мөнгөн бороо оруулсан” гэх маргаантайгаар шүүхийн шатанд очоод байна.
Юу болсон бэ гэвэл, БЗД-ийн 19 дүгээр тойрогт болсон нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсан Б.Галхүү ялалт байгуулсан ч мөнгө тараасан гэх маргаан хэл ам намдаагүй. Асуудал эцэстээ шүүхийн шатанд очоод байна. Тухайлбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр БЗД-ийн сонгуулийн хорооны МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүг сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосон 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлжээ. Түүний сонгуулийн штабт ажилласан, МАН-аас сонгогдсон дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч н.Энхбаатар мөнгө тарааж тусласан нь ийм үр дүнд хүргэжээ. ИТХ-ын төлөөлөгч хүн шинээр нэр дэвшигчийг ийм жишигт хөтөлж яваа нь өөрөө бас л ийм байдлаар гарч ирсэн нэгэн байх гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. БЗД-ийн "Мөнгөн борооны адал явдал” үүгээр дуусах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Ер нь бол БЗД-т аль ч шатны сонгуулиар хэн том мөнгө тараасан нь л гардаг жишиг аль эртнээс тогтсон.
Энэ удаагийн сонгуулийг хүчингүй болгосон ч дараагийнх нь тийм л замаар явна. Баянзүрх тойрогт мөнгөн бороо цайр ч байна, улс төрийн намууд ч цагаандаа гарч байна. Ганц БЗД-т болоод байгаа юм биш, улсаараа хавтгайрсан мөнгөний сонгуулийг таслан зогсооход хаврын чуулганаар хэлэлцэх Сонгуулийн хуулийн өөрчлөлт нэмэр болох болов уу гэдэг нь асуулт дагуулж байна.
Эх сурвалж: erennews.mn |
Сэтгэгдэл