24VS24: Цөмийн хаягдлыг Монголд оруулж ирэхийг дэмжсэн, дэмжээгүй


 Гишүүдийн ирцээс болж нээлтээ хийж чадахгүй хоёр хонож буй ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж чадах эсэх нь мөн л эргэлзээтэй байна. Учир нь энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй цөмийн асуудалтай холбоотой багц хуулиудыг УИХ дахь МАН-ын бүлэг болон бусад улс төрийн хүчнүүд эсэргүүцэж чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Засгийн газраас иргэд, олон нийтийг зөв ойлголттой болгохын тулд цөмийн багц асуудлуудыг бие даасан хууль болгон /Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хууль/ УИХ-д өргөн барьсан. Харин УИХ дахь сөрөг хүчин болон бие даагчид, "Шударга ёс" эвслийн зарим гишүүд уг хуулийн төслийг "Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний аюултай" гэж үзэж байгаа учир чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

Өчигдөр уг асуудлаар АН, МАН-ын бүлгийн дарга нар өөрсдийн байр, суурийг илэрхийлсэн. Ингээд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нарын биенээ үгүйсгэсэн, эсрэг тэсрэг байр, суурийг 24VS24 буландаа онцолж байна.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

 

 Нэгэнт УИХ-ын дарга захирамж гаргасан учир бид ажиллах ёстой. Монгол Улсад ашигтайгаар батлуулах хуулийн төсөл оруулж ирснийг МАН дэмжихгүй байна. Засгийн газрын өргөн барьсан хууль бол ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхид бодисыг монголын хилээр оруулахыг хориглох тухай гурван заалт байгаа юм. Үүнийг хэлэлцээд олон улсын конвенцийг соёрхон батлах асуудлыг шийдээд явах боломж байна. Гэтэл МАН цөмийн хог хаягдлыг ашигласан түлшийг оруулахыг дэмжиж байгаа юм байна. Засгийн газрын өргөн барьсан гурван заалтыг баталсан тохиолдол санаа зовоод байх ямар ч асуудал байхгүй.  МАН-ын гишүүн Ж.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхад уг тогтоолын төсөл батлагдаж байсан юм байна. Эдгээр конвенциудад Монгол улс нэгдэх нь зүйтэй. Энэ ажиллагааг Засгийн газар яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэдэг тогтоолыг гаргаж байсан гэсэн үг. Энэ дагуу Засгийн газар уг асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Уг асуудлыг хэлэлцсэн бол Монгол улсад ашигтай байх байсан.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа

 

Ардын нам энэ конвенцид нэгдэн орохыг эсэргүүцэж, Монголд цөмийн хог хаягдлыг булшлахыг дэмжиж байгаа мэтээр АН-ын бүлгийн даргын зүгээс удаа дараа тайлбарлаж байгааг гайхаж байна. Энэ АН-ын бүлгийн даргын байр суурь уу, эсвэл АН-ын байр суурь юм уу. Ийм гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй. Засгийн газар өчигдөр Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг аваад үзэхээр нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болох вий.  Учир нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", 10 дугаар зүйлийн 3-т "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж заасан. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас  өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан ч гэсэн  олон улсын гэрээний заалтаасаа илүү давж үйлчлэх эрхгүй байгаад байна. Иймд ард иргэдийн дунд үүссэн эргэлзээг арилгаж, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн ойлголтод хүрч байж энэ асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй

Т.Энхэлээ

24tsag.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.