2015 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эзэн болсон Ангус Дийтон 2010 онд хийсэн судалгаагаараа хүний жилийн орлого 75 000 ам.доллараас давахаар тухайн хүн мөнгөнөөс "таашаал авах”- аа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээсэн байдаг.
Тэрээр "Хүмүүс аз жаргалыг мөнгөөр худалдан авч болно, болохгүй гэдэг дээр маргах нь элбэг. Илүү их мөнгөөр илүү их аз жаргал худалдаж авна гэсэн юм байхгүй. Гэхдээ мөнгөний хэмжээ бага байх нь сэтгэлийн зовиуртай байлгадаг нь үнэн” гэж тайлбарласан нь бий. Ангус Дийтоны хэлснээс дүгнэхэд санхүүгийн эрх чөлөө гэх үг мөнгө хэдий чухал ч тодорхой түвшинд буюу тухайн хүний хүссэн хэмжээнд нь хүрсэн цагтаа амьдралын нэг хэсэг нь биш байжээ гэсэн ойлголтыг төрүүлдэг гэж хэлж болохоор байгаа юм. Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь ерөнхийдөө мөнгөний төлөө ажиллах шаардлагагүй болох буюу тухайн хүн ажил хийсэн ч хийгээгүй ч мөнгөний урсгал нь зогсохгүй байх гэж тодорхойлж болно. Гэхдээ юуны түрүүнд хүн эхлээд өөрийнхөө хэрэглээг тодорхойлох хэрэгтэй. Зарим хүн хэрэглээ, зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхүйц хангалттай орлоготой байж чадвал үүнийгээ санхүүгийн эрх чөлөө гэж нэрлэж ч болно. Заавал санхүүгийн хувьд их хөрөнгөтэй болж байж санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хөрөнгө чинээ ихтэй хүмүүс дундаж амьдралтай хүмүүсээс илүү санхүүгийн боолчлолд байх нь ч бий.
Нэн шаардлагатай хэрэгцээт зүйлсээрээ дутагдаж гачигддаггүй, өдөр, сар, жилийнхээ хэрэгцээг бүрэн хангаж чаддаг, гал алддаггүй, гэнэтийн мөнгөний шаардлага гарахад хэрэглэх хуримтлалтай байхыг ч санхүүгийн эрх чөлөө гэж болно шүү дээ. Харамсалтай нь хүн төрөлхтний дийлэнх нь санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй, түүнд хүрэхүйц тэвчээртэй, санхүүгийн сахилга баттай биш байгаа нь дэлхийн олон оронд хийсэн судалгаануудын дүнгээс харагддаг. Магадгүй ийм болохоор л гэр бүлүүдийн нийт маргааны 60 хувь, салалтын багагүй хувь нь санхүүтэй холбоотой үүсдэг биз. Санхүүгийн эрх чөлөөнд хүрдэггүй, хүрэх зорилго тавиагүй ч өдөр тутмын амьдралдаа мөнгөнөөс болж толгойгоо өвтгөж, ойр дотныхонтойгоо муудалцахгүй амьдрахын тулд санхүүгийн сахилга баттай байх ёстой болж таарч байгаа юм.
Хүнийг санхүүгийн эрсдэлд хүргэдэг гурван хүчин зүйл бий гэж эрдэмтэд үздэг.
- ГЭР БҮЛ САЛАЛТ
-ЭРҮҮЛ МЭНД
- ДОНТОЛТ
Гэр бүл салалтаас болж хурааж хуримтлуулсан хөрөнгө, босгосон бизнесийнхээ 50 хувийг хүртэл алдсан кино ододоос эхлээд алдартай бизнесмэн, тэрбумтнууд ч бий. Эрүүл мэнд хүнийг санхүүгийн эрсдэлд оруулдаг маш том хүчин зүйл учраас гэнэтийн зүйлд хэрэглэх хуримтлал, эрүүл мэндийн даатгалыг амьдралынхаа нэг хэсэг болгох ёстой гэдгийг эдийн засагчид хэлдэг. Донтолт гэхээр зөвхөн архи, тамхи, мансууруулах бодисоор хязгаарлагдахгүй. Бидний өөрсдөө ч анзаардаггүй зүйлс ч донтолт болж санхүүд маань нөлөөлж байдаг. Тухайлбал, алдартай брэндийн машинаас эхлээд үнэтэй цаг, цүнх, гутал, хувцас худалдан авах нь хувь хүний өөрийгөө үнэлдэг нэгэн, аз жаргалтай, онцгой нэгэн гэсэн мессежийг хүний бодол руу чиглүүлсэн сурталчилгаа байгаа оновол бид шопахолик буюу худалдан авалтын дон тусдаг. Хувь хүн өөрийн мөнгөө удирдах зайлшгүй шаардлага микро болон макро үндэслэлтэй байдаг гэдэг. Микро үндэслэл гэдэг нь хувь хүний амьдарлын түвшинг дээшлүүлэхтэй холбоотой бол макро үндэслэл нь улс орны хөгжлийг дэмжихэд иргэн хүний оруулах хувь нэмэртэй холбогддог. Хувийн ч бай, өрхийн ч бай мөнгө санхүүгээ удирдахдаа монголчууд бид нийтлэг алдаа гаргадаг. Хэрэглээг хэт шүтсэн, бэлэнчлэх сэтгэлгээтэй, хэмнэлт гэдгийг мэдэх нь бүү хэл төсөөлдөггүй, ийм дадал суугаагүй, хэмнэлээ гэхэд түүнийг хуримтлуулж хадгаламж үүсгэх дадал бас л байхгүй, нэмээд хуримтлалын арга эзэмшээгүй, санхүүгийн боловсрол муу, ихэвчлэн төлөвлөөгүй худалдан авалт хийдэг, үрэлгэн гэхчилэн бидний алдаа уртаас урт үргэлжилнэ. Тэгсэн хэрнээ мөнгийг асуудлын гол шалтгаан гэж эндүү боддог. Тэгтэл ихэнх тохиолдолд мөнгө асуудлын үр дагавар нь л байдаг.
Мөнгө ямар нэг сэтгэл ханамжийг хоорондоо солилцоход ашиглагддаг хэрэгсэл болдог. Жишээлбэл, Та бусад хүмүүст сэтгэл ханамжийг өгөх аливаа зүйлсийг санал болгосноор мөнгө олдог бол ямар нэг зүйлээс сэтгэл ханамж авахын тулд эргээд олсон мөнгөө зарцуулдаг. Хамгийн сүүлийн үеийн спорт загварын машин худалдаж авснаа унаж давхих, брэндийн хувцсаараа битүү гоёчихоод найз бүсгүйчүүддээ онгирох нь зөвхөн худалдан авалт биш харин ч тэр машиныг унаснаар бий болох, тэр брэндээр гоёсон байгаа үеийн тэр сэтгэл ханамжийг ч худалдан авч буй хэрэг. Эндээс буцаагаад хөөгөөд үзэхээр сэтгэл ханамж худалдан авах, түүнийг нь даган мэдрэгдэх өөртөө итгэлтэй байдал нь танаас санхүүгийн эрх чөлөөт байдлыг шаардана. Энэ шаардлагаа биелүүлэхээр хүчин чармайлт гаргаж ажиллана, бизнесээ хөгжүүлэн өргөжүүлэхэд анхаарах, түүнийгээ дагаад зарцуулах мөнгө ч нэмэгдэнэ гээд гинжин холбоотой үргэлжилнэ. Хэрэв та энгийн зүйлсээс бүрэн сэтгэл ханамж авч чаддаг бол уг хэлхээний гинж арай хөнгөн байх болно. Заавал бизнес эрхлэхгүйгээр цалингаараа сайхан амьдарч, цалингаа зөв зарцуулаад явсан ч жаргалтай байна.
Америкийн сэтгэл судлаач Абрахам Харолд Маслоу (1908-1970) хүний хэрэгцээг 5 шатлалаар эрэмбэлсэн. Түүний хэрэгцээний шатлалын пирамидын бүтцийг товчхон тайлбарла гэвэл эхний хэрэгцээ хангагдсны дараагийн түвшний хэрэгцээ бий болно. Өмнөх хэрэгцээ тодорхой түвшинд хангагдаагүй байхад дараагийн буюу дээд түвшний хэрэгцээ хангагдахгүй гэсэн санаа агуулсан байгаа юм.
Пирамидын бүтцээс харахад, эхний түвшний хэрэгцээ болох физиологийн хэрэгцээ бүх хүнд нэгэн ижил төрсөн цагаас нь бий болдог. Энэ хэрэгцээний 85-аас багагүй хувийг хангаж байж аюулгүй байдлын хэрэгцээ үүснэ. Харин аюулгүй байдлын түвшинд хэрэгцээнийхээ 70 хувийг хангаж байж нийгмийн хэрэгцээ бий болно. Нийгмийн хэрэгцээ нь өөрийгөө хүндлэх хэрэгцээ үүссэн хүний 70 хувийг хангаж байх ёстой. Өөрийгөө хүндлэх хэрэгцээгээ хангасан бие хүний 60 хувь нь өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ рүү тэмүүлж эхэлдэг. Сүүлийн түвшний энэ хэрэгцээг хангахад нэлээд хэцүү. Энэ түвшний хэрэгцээ 40 хувьд хүрвэл хүн өөрийгөө аз жаргалтайгаар мэдэрдэг. Хамгийн сонирхолтой нь, дэлхийн хүн амын ердөө 1-4 хувь л энэ түвшинд хүрдэг гэж эрдэмтэд тооцоолсон байгаа нь маш сонирхолтой.
Харвардын их сургууль "Хүн гээч нь яавал хамгийн их жаргалтай байдаг вэ?” гэдгийн хариултыг олохоор 75 жил үргэлжилсэн судалгаа хийсэн байдаг. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд хүнийг сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин гэх мэт маш олон хувьсагчтайгаар тооцохыг хичээж ажилласан дүнгээ гаргасан байдаг. Хамгийн сонирхолтой нь "Хүн яавал хамгийн жаргалтай байдаг вэ?” гэсэн судалгааны хариулт нь "Хайр” гэж гарсан байна.
Хүнийг хайрлах, өөрийгөө хайрлахаас эхлээд бүх төрлийн хайр. Тиймээс аз жаргалыг мөнгөөр худалдаж авна, мөнгөгүй бол амьдрах шаардлага алга гэж бодохоос илүү хайр гэдгийг өөрийнхөөрөө мэдэрч, хүлээн авч, бусдад түгээ. Гэхдээ санхүүгийн сахилга баттай байж, орлогоо зөв зарцуулж, хуримтлал үүсгэх зэргээр санхүүгийн боловсролдоо анхаараарай.
Сэтгэгдэл