Америкийн эрдэмтэд тамхи татах дуршлыг тааламжтай үнэрний тусламжтайгаар бууруулж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ тухай Америкийн сэтгэл судлалын холбооны албан ёсны сэтгүүлд нийтэлжээ.
Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд тамхи татдаг 18-55 насны 232 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон хүмүүс өмнө нь хорт зуршлаасаа татгалзах оролдлогыг хийж байгаагүй аж. Эхлээд 8 цаг тамхи татахгүй байхыг эрдэмтэд судалгаанд оролцогчдоос хүсжээ. Дараа нь тэдэнд янз бүрийн зүйлсийг үнэрлэж, тухайн үнэртээ үнэлгээ өгөхийг санал болгосон байна. Оролцогчдын дийлэнх нь шоколад, алим, нимбэг, ванильны үнэрийг таатай гэж үзжээ. Түүнчлэн тэдэнд химийн хольцтой таагүй үнэртэй савнууд, тамхи болон ямар ч үнэргүй сав үнэрлэхийг санал болгосон байна. Дараа нь тэднийг тамхиа асааж, тамхи татах дуршлаа 100 оноогоор үнэлэхийг хүсжээ.
Ингээд оролцогчдын 3 бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт таатай зүйл үнэрлэхийг дахин санал болгосон бол хоёр дахь бүлэгт тамхи, гурав дахид нь хоосон зүйл үнэрлэхийг санал болгосон байна. Үүний дараа тамхи татах дуршил хэр төрж байгаагаа үнэлэхийг хүссэн байна. Энэ үйлдлийг 60 секундын давтамжтай хэд хэдэн удаа хийлгэжээ.
Туршилтын дүнд гурван бүлэгт багтсан хүмүүсийн тамхи татах дуршил буурч байгааг эрдэмтэд илрүүлсэн хэдий ч таатай үнэр мэдэрсэн хүмүүсийн дуршил илүү ихээр буурсныг анзаарчээ.
“Таатай үнэр нь тамхинаас гарахыг зорьж байгаа хүмүүст никотинд татагдах байдалдаа хяналт тавих боломжтой гэсэн найдварыг төрүүлж байна” хэмээн тус сэтгүүлд нийтэлсэн байна.
24news.mn
Сэтгэгдэл