Сорхугтани хатны бунхан, сургууль


Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбын охин Сорхугтани 1203 оны орчим Чингис хааны отгон хүү Тулуйтай ураг барилджээ. Тэрбээр дэлхийн олон орны түүх соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн монгол хааныг төрүүлж өсгөсөн мөнхийн гавъяатай. 
Сорхугтани христийн шашны несторын урсгалыг шүтдэг байсныг Марко Пологийн тэмдэглэлд дурджээ. Гэвч тэрбээр бүх шашинд хүлээцтэй ханддаг ухаалаг хүн байсныг түүний амьдралын замнал харуулдаг. 
“Судрын чуулган”-д өгүүлснээр Сорхугтани хатан Тулуйн захирч байсан арван түмэн их цэрэг хийгээд эрт үед хуваан өгсөн монгол өрх, Хебей мужийн дөрвөн түм, Бухар хотын гурван мянган өрхийг захирч байв. Сорхугтани хатан 1252 оны 3-р сард тэнгэрт хальсан, Бурхан халдун уулнаа Их хоригт нутаглуулжээ. Сорхугтани хатан исламын шашинтнуудыг төрийн бодлогоор дэмждэг байв. Тэрбээр исламын шашинтнуудыг мянган лангийн шижир алтаар шагнаж, Бухар хотод эрдэм мэдлэгийн төв байгуулсан гавьяатай. 
ЮНЕСКО-гоос “Мөнхийн хот” өргөмжилсөн Бухар хотод Монголын түүхтэй холбоотой хана хэрэм, сүм, сургуулиудын нэг нь Сорхугтани хатны байгуулсан сургууль юм.
Хатан амьд ахуйдаа 1250-аад оны орчим ислам мөргөлтний мянган хүүхдэд зориулан медресе буюу шашны сургуулийг Бухар хотод байгуулжээ. Нутгийн иргэд хатанд талархаж, ач гавьяаг нь үеийн үед дурсан санах зорилгоор уг медресийг “МОНГОЛ ХАТНЫ СУРГУУЛЬ” хэмээдэг аж. Сургуулийг байгуулахад 1000 лан алт зарцуулсан гэдэг. 
Сорхугтани хатны БУНХАН өдгөө Иран улсад чанд хамгаалалтын дор бүрэн бүтэн хадгалагдаж байдаг.

Эх сурвалж: Аархал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.