УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Ээлжит удаагийн сонгууль болсноос хойш хэдийнэ дөрвөн жил өнгөрч байна. Удахгүй парламентын 76 өмнөх дөрвөн жилд хийсэн ажлаа ард түмнээрээ дүгнүүлнэ. Жилийн жилд парламентын отгон хаврын чуулган "ёс төдий” гэмээр болох шинж бий. Нам, эвслүүд сонгуулийн бэлтгэлдээ орж, нэр дэвшигчид тойргоороо хэсч, ард иргэдийнхээ үгийг сонсох нь ихэсдэг. Тийм учраас хууль батлах үндсэн ажил цалгарддаг билээ. Энэ удаад ч бас парламент ээлжит чуулганы өмнө ээлжит бусыг зарлахаар болсон ч ирц бүрдээгүй юм.
Нөгөөтэйгүүр жил бүрийн хаврын чуулган улс төрийн "хаврын синдром”-той үргэлжилдэг. Ихэвчлэн хаврын чуулганы нээлтийн өдөр, эсвэл чуулганаар хэлэлцэх анхаарал татсан асуудлын үеэр жагсаал цуглаан болдог "бичигдээгүй” хуультай. Энэ удаагийн хаврын чуулганы нээлтийн өмнө буюу өчигдөр МАН-ынхан жагсаалаа хийлээ. Үүнээс өмнө ээлжит бус чуулган нээх гэж байх үед ураны асуудлаар жагсагчид бяцхан "үймээн” дэгдээгээд амжсан. Түүнчлэн хаврын чуулгантай огт хамаагүй Монголын эдийн засгийн чуулган тэр чигтээ улстөржилтөөр "амьсгаллаа”.
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хэлсэн үг улстөржилтөөр дүүрэн байсан гэхэд болно. Ялангуяа УИХ-ын дарга хаалтын үгээ хэлэх үеэр АН-ын гишүүн Л.Наранбаатар түүн рүү оймс шидсэн нь багагүй сенсаци дэгдээсэн. Дээр нь өчигдөр болсон МАН-ынхны жагсаалаат УИХ-ын дарга руу дахин оймс шидэхийг уриалсан юм.
Хаврын ээлжит чуулган ийнхүү эхлэхээсээ бараг долоо хоногийн өмнө "хаврын синдром”-оо дагуулсан. Чуулганы хугацаанд ч бас нам, эвслүүдийн сонгуулийн өмнөх талцал, хуваагдал эрчимжих "нягууртай”. Нэгэнт бүрэн эрхийн хугацааны хамгийн сүүлийн чуулган учраас эрх баригчид аль болох өөртөө ашигтай, "чухал” хуулиудаа батлахыг эрмэлзэнэ. Харин сөрөг хүчнийхэн аль болох эрх баригчдын ажлыг харлуулж, гэнэтийн, ноцтой хууль батлуулахгүйн төлөө зүтгэнэ.
Ээлжит чуулганаар албан ёсоор хэлэлцэх 12 асуудал бий. Гэхдээ эдгээрээс гадна татварын багц хуулиудын шинэчлэл хүлээлт үүсгэж буй. Түүнчлэн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж оролдсон цөмийн энергитэй холбоотой конвенц, протоколуудыг ч хэлэлцэх байх. Дээрээс нь эрх баригчид Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн удаад Сонгуулийн хуулийг батлахдаа "Зургаан сарын дотор хуульд өөрчлөлт оруулахгүй” гэх зүйл заалтыг тусгалгүйгээр үлдээсэн. Тийм учраас УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж "Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барихаар болоод байсан. Энэ хүрээнд жагсаалтын 28-аас 8-ыг нь хасч, нийслэлийн тойргуудад хуваарилахаар төлөвлөж байгаа юм.
Хэрвээ энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцээд эхэлбэл, улс төрд жинхэнэ "гал гарах” биз ээ. Сонгуулийн хуулиас гадна хүлээлт үүсгэсэн бас нэгэн асуудал байгаа нь Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал.
УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Тавантолгойн асуудлыг цаашид хэрхэн ашиглах вэ гэх асуулт зүй ёсоор гарна. УИХ Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах шийдлийг гаргах болно” гэжээ.
Сэтгэгдэл