Ээлжит бусаар цэц, мандат, ЭМС-ын сайдын томилгооны асуудлыг шийдэх үү?


Ээлжит бусаар цэц, мандат, ЭМС-ын сайдын томилгооны асуудлыг шийдэх үү?

Ирэх долоо хоногт УИХ ээлжит бусаар хуралдах асуудал яригдаж буйг бид өмнө нь мэдээлсэн. Учир нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татсан тохиолдолд 30 хоногийн дотор дараачийнх нь хүнийг томилох хуулийн заалттай. Гэтэл хаврын чуулганы товлолт хугацаанаас өмнө 30 хоног нь дуусчих тул өмнө нь ээлжит бус чуулганыг зарлах боломжтой гэж АН-ын бүлгээс мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргын Зөвлөл  хуралдаж, тов, хэлэлцэх асуудлыг тогтоохоор  болосон тухай тухай эрх сурвалжууд мэдээлж байна. АН-ын хувьд хаврын чуулганаар цэцийн асуудлыг хэлэлцэлгүй, ээлжит бус чуулганаар асуудлыг нэг мөр шийдэх сонирхолтой байгаа. Тиймээс ч ээлжит бус чуулганыг дахин зарлаж, цэцийн даргыг шинээр томилохоос гадна Х.Тэмүүжин гишүүний Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн заалтыг мөн хэрэгжүүлэхээр  лоббидож буй. 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу цэцээс 74 настай П.Очирбат, 68 настай Н.Жанцан, 66 настай Т.Лхагва нар тэтгэвэрт гарна. УИХ-ын зүгээс холбогдох хуулийн дагуу цэцээс тэтгэврийн насны гишүүдийг  нь чөлөөлж, орных нь хүнийг шууд томилно гэх мэдээлэл ч явж байгаа. 

Ээлжит бус чуулганаар  хэлэлцэх дараачийн чухал асуудал бол Эрүүл мэнд, спортын сайдыг томилох. Ирэх сонгуулиар тус салбарыг эзэнгүй явуулсан гэх муу нэр дуулахгүйн тулд одоо АН-ынхан сайдыг нь яаралтай томилох шаардлагатай буй. Мэдээж "Шударга ёс" эвсэлтэй тохироонд хүрэх асуудал хурцадсан тул АН-ынхан шинэ хувилбар боловсруулж байгаа гэх бор шувуу нисэж байна. 

Түүнчлэн Ш.Түвдэндорж гишүүний санаачлаад буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж тойрог байгуулах, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх магадлалтай.  Хуулийн төслийн ерөнхий агуулга нь жагсаалтаар сонгогдох мандатыг 28-аас 22 болгон цөөрүүлж харин тойргийн мандатыг 54 болгон нэмэгдүүлэх тухай тусгасан. 

Энэ нь холбогдох хуулиудаа зөрчиж байгаа хэдий ч АН-аас мандатын тоонд өөрчлөлт оруулах асуудлыг дээрх замаар хөндөхөөр шийдсэн нь тодорхой харагдаж буй. Гэвч АН-ынхны бодож олсон эл шинэ хувилбарыг улстөрийн намууд дэмжих эсэх нь тодорхойгүй. Бие даагчид болон сөрөг хүнчин, цаашлаад МАХН өмнөх байр сууриа хэвээр хадгалж, тогтоолын төслийг буцааж мэдэх нигуртай. 

Эрх баригч намын хувьд ээлжит бус чуулганаар чухал лобби хийх асуудлуудаа оруулаад ирлээ гэхэд ирц бүрдүүлэх гэж тов даваа байгаа. Өмнөх ээлжит бус чуулганы үлгэрийг давтахгүйн тулд АН-ыхан дахиад л уран мухээ уралдуулах шаардлага үүснэ. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.