АТГ-ЫН МӨРДӨН ШАЛГАЖ БУЙ ХЭРГҮҮД ДУНД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУССАН ХЭРЭГ БАЙХГҮЙ


АТГ-ЫН МӨРДӨН ШАЛГАЖ БУЙ ХЭРГҮҮД ДУНД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУССАН ХЭРЭГ БАЙХГҮЙ

 

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн зарим асуултад хариулсан юм. 

-Кёкүшюзан Д.Батбаярыг БНХАУ-ын “Евроази интернэйшнл инвестмент групп”-ээс 32.7 тэрбум гаруй төгрөг залилсан хэрэгт холбогдуулан танайхаас шалгаж байгаа юу? 

-Асуултад нэр дурдсан хүн, нийтийн албан тушаалтан нарын нэр дурдсан гомдол тус хэлтэст ирсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцад албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн шинж бүхий асуудал тогтоогдоогүй, харин бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл тогтоогдсон тул прокурорт харьяалал тогтоолгохоор хандсан. Улмаар прокурорын шийдвэрээр цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болсон. Хэргийн үйлдэл аргачлал бусад нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт холбогдсон гишүүдээс 14 хүнд холбогдох үйлдлийг хаах, гурвыг нь шүүхэд шилжүүлэхээр болоод байгаа. Олны дунд тэр гурвын хэргийг тусгаарлан хэрэгсэхгүй болгох гэж байна гэх ойлголт байна л даа. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-ЖДҮХС-гаас аж ахуйн нэгжид зээл олгоход дэмжлэг үзүүлээч гэж агуулга бүхий албан бичгээр тухайн нэгжид хандсан УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг шалгаад заримыг нь хааж шийдвэрлэх санал гаргасан. Тус хэлтсээс энэ хэргийн талаар албан ёсны, дэлгэрэнгүй  мэдээлэл хэдхэн хоногийн өмнө өгсөн. Тодруулбал, зээлээ зориулалтын дагуу ашиглаж, хугацаандаа төлбөрөө төлж байгаа төслүүдээс заримыг нь хаах саналаа прокурорт хүргүүлсэн. Зарим төслүүдтэй холбоотойгоор нээсэн хэргүүд шийдвэрлэгдээд хаагдаж байна. Зарим хэрэг дээр нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэх, тодруулах шаардлагатай зүйл байгаа  учраас нэмэлт хэрэг бүртгэлт хийгдэхээр буцаж ирж байгаа.

Яллагдагчаар татсан УИХ-ын таван гишүүнээс гурван гишүүнд холбогдох эрүүгийн хэргийг  үндсэн хэргээс нь тусгаарлан шүүхэд шилжүүлэх саналаа мөн прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнээс биш нэмж гурван гишүүн яллагдагчаар татсан, хэргийг нь хаасан зүйл байхгүй.

-АСЕМ-ын хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх хэрэг хэдийд шийдэгдэх бол?

-Тухайн үйл явдал өөрөө өргөн хүрээтэй, их хэмжээний мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг  мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох  ажиллагаа явагдаж байна. Хэдэн төгрөгийг зохих ажилд нь зарцуулсан, зарцуулсан мөнгөн хөрөнгөөс хэдэн төгрөг нь зориулалт бусаар зарцуулагдсан, ямар хэмжээний мөнгөн хөрөнгийг хэн завшсан, үрэгдүүлсэн бэ гэх мэтээр  төгрөг мөнгө бүрийн зарцуулалтыг шалгаж байгаа учир хэргийг шалгаж шийдвэрлэхэд нэлээд цаг хугацаа шаардана.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан болон “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийг тус тусад нь шүүхэд шилжүүлж байгаа нь ямар учиртай юм бэ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд баталгаа гаргаж, Монгол Улсад хохирол учруулсан хэргийг өдгөө мөрдөн шалгаж байгаа. “Жаст групп” компанийн удирдлагатай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-Шүүгч нартай холбоотой хэрэг юу болсон бэ, нэг шүүгч авлига авсан, өгсөн хэргээр шалгагдах явцдаа амиа алдсан?

-Шүүгч хүн нас барсан асуудал байхгүй. Шүүхийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүнтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх явцад 1 хүн  нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэлтсээс “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, “хууль бус шийдвэр гаргасан”, “бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй” гэх  олон хэргүүд шалгагдаж байгаа.

-Прокурор асан А.Цэрэнсодномыг АТГ-аас шалгаж байгаа гэсэн. Энэ үнэн мэдээлэл үү?

-Прокурор А.Цэрэн­содном­той холбогдуулан нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Прокурорын байгууллагаас хянаж үзээд харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.  

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээтэй холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа хэт удааширч байгаад иргэд их гайхаж байна. Яагаад удааширч буй юм бол?

-Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Хэргийг шалгана гэдэг бол шууд үнэлэлт дүгнэлт өгөх  ажил биш. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх гэх зэрэг цогц ажиллагаанууд явагддаг. Энэ гэрээнүүдтэй холбоотойгоор Монгол Улсад хэдий хэр хэмжээний хохирол учирсан юм, ямар эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн, ямар албан тушаалтнууд хууль бус шийдвэр гаргасан зэрэг өргөн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэний дараа гэм буруутай эсэх асуудал хэлэлцэгдэх учраас мөрдөн шалгах ажиллагаа удааширч байгаа юм шиг харагдаж байж магадгүй. Мөрдөн шалгах ажиллагааг хууль дүрмийн дагуу явуулж байна. Өмнө нь ч ярьж байсан. Гадаад улстай мөрдөн шалгах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай учраас тэднээс хариу ирэхийг хүлээх зэргээр цаг хугацаа шаардаж буй юм.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг албан тушаалаа урвуулан ашиглаж уран зураг хулгайлсан гэх хэрэг танай дээр шалгагдаж байгаа юу?

-Зуран зураг хулгайлсан гэдэг нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй учир цагдаагийн байгууллага шалгаж байгаа байх. Манай байгууллагаас тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг АТГ-аас шалгаж байсан. Түүнийг хэзээнээс шалгасан бэ?

-С.Зорин бусдын гарт амь насаа алдсан хэргийг шалгасан албан тушаалтнууд сэжигтэн яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд 2018 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, тус хэлтэст харъяаллыг тогтоогоод ирүүлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тухайн хэргийг шалгаж байх хугацаанд өнгөрсөн баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад харьяаллыг цагдаагийн байгууллагад тогтоож хэргийг шилжүүлсэн.

-Томоохон хэргүүдийг шалгаад байна гэдэг. Ахиц гараад шүүх рүү шилжүүлсэн хэрэг байна уу?

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 28 мөрдөгчтэй. Одоогийн байдлаар манайд 445 хэрэг шалгагдаж байна. Тэглээ гээд тоо хэмжээндээ баригдахгүйгээр мөрдөгчид хэрэг бүртээ мөрдөн шалгах ажиллагааг жигд явуулдаг. Тодорхой төрлийн хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд эхнээсээ шийдэгдэж байгаа. Та бүхний асуугаад байсан “Жаст”-ын хэрэг шүүхийн шатанд шилжсэн. Мөн маш олон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Зарим хэрэг нь нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж буцаж ирсэн байна. Зарим нь шүүх дээр хянагдаж байна. Үр дүн ахиц гарч байгаа.

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн асуудал гарахгүй юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд заасан ойлголтуудаар зарим төрлийн асуудал үүсээд байгаа юм. Албан тушаалтан албан тушаалаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тодорхойлоод өгчихсөн. Энэ нь хэт богинохон хугацаа болохоор зарим хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдол байдаг. Гэхдээ өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргүүд дунд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэрэг байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсдэг хууль зүйн ойлголт.

-УБТЗ-ын дарга Д.Жигжид­нямаатай хол­боо­­той хэрэг ямар шатандаа байна вэ, шалгаж байна л гэх юм. Хэзээ шалгаж дуусах вэ?

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэргийг шалгах шатандаа явж байна. Албаар удаашруулсан зүйл байхгүй. Олон хүн холбогдсон уу, үйлдэл гэдгээсээ хамаараад өргөн цар хүрээтэйгээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.

-Хотын дарга С.Амарсайхан албан тушаалын байдлаа ашиглан Хятадын компанид 50 га газрыг өгсөн гэх хэрэг шалгагдаж байгаа юу?

-С.Амарсайхан гэж хүн БНХАУ-ын иргэдэд газар олгоод мөнгө авсан гэсэн хэрэг гомдол манай хэлтэст бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.