Би гурван настай охин үртэй ганц бие ээж. Охиныхоо ирээдүйг бодох бүртээ хараа хяналтгүй өнгөрүүлэх ганцхан хором тулбал ямар гээчийн гаслан дайрчих бол гэж бодохоос дотор харанхуйлж байна. Охиноо ганцаараа өсгөж байгаадаа түүртэхдээ ийн айж шаналаад байгаа юм биш шүү. Энэ нийгмээс айж байна.
Араатан авир нь хэрээс хэтэрсэн хүчирхийлэгчдээс айж байна. Яасан хэцүү цаг үе вэ. 13 настай турьхан охиныг 40 хүрч яваа төрсөн ах нь хүчирхийлсэн хэрэг өнгөрөгч долоо хоногт гарч байв. Мөн л 13 настай охиныг 20 гаруйхан настай гурван залуу буудалд оруулж байгаад архи цутган хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн. Энэ бүхний ором шарх аниагүй зүрх сэтгэл хөндүүр байхад дахиад л тавхан настай нялх үрийг хойд эцэг нь хүчирхийлчихлээ. Ухаан нь бүрэлдэж амжаагүй бяцхан охин ямар их өвдсөн бол. Үүнээс цааш лавшруулан бодож чадахгүй нь.
Энэ юу болоод байна вэ, Ерөнхийлөгч өө. Эрх баригчидаа, хүүхдийн төлөөх автор бүхий төрийн болон төрийн бус байгууллагынхаан. Яагаад бидний амин зүрхний уяа болсон үрс минь өдөр болгон аймшигт араатнуудын гарт сүйдээд байна вэ. Яагаад Монгол Улс хүүхдээ хайхрахгүй, тэднийг хамгаалж чадахгүй, тэднийхээ төлөө дорвитой шийдвэр гаргахгүй байна вэ. Яагаад үрс минь тамлал гээчийн хамгийн харгисыг биеэр туулчихаад байхад парламентад суугаа ээжүүд хайхрахгүй байна.
Эрх баригч аавуудын зүрх яагаад цохилохгүй байна вэ. Хүүхэд хүчирхийлүүлэх бүрт цахим орчноор цөөхөн тооны иргэд, Ч.Ганжавхлан мэтийн залуус, хэвлэл мэдээллийн зарим нэг сэтгүүлчдээс өөр өр нь өвдөх, халаглах хүнгүй болжээ. Яагаад вэ. Хэний ч үр ялгаагүй шүү дээ. Бидний зовлонг мэдрэх хугацаа ердөө гурав хоног байж болохгүй ээ, хүмүүс ээ. Хуулийн болон хүүхэд хамгааллын тусламж авч чадаж байгаа нь ганц хоёрхон. Гэтэл авч чадалгүй амиа алдах, урт удаан хугацаанд зэрэмдэглүүлэх, цаг мөч бүрийг айдас дунд өнөгөрүүлэх мянга мянган хүүхэд байсаар л байна. Харамсалтай нь ийм амьдралыг төр нь харсан ч хараагүй мэт чимээ алдарсаар л. Эрх баригчдын албан тушаалын хэрүүл бяцхан хүүхдүүдийн зовлонг алгассаар л.
Одоо боль л доо эрх баригчидаа. Хүүхдийн аюулгүй амьдрах нөхцөл бүх талаараа булшлагдчихаад байна шүү дээ. Үүнийг ярьцгаа л даа. Энэ тухай мэтгэлц л дээ. Хүүхдийн мөнгийг 40 хувьд нь олгоно, олгохгүй гэх юун балай утга учиргүй хэрүүл тэмцэл вэ. Энэ мөнгө чинь тэдний хүчирхийлэлгүй амар тайван амьдралын хажууд юу юм бэ. Юу ч биш. Нохойн жогорхой шүү дээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсрол, хуулийн хамгаалалт авах боломж, өлсөхгүй, даарахгүй өсч хүмүүжих орчин нөхцөлийн алийг нь ч цогцоор нь шийдээгүй байж юун 20 мянган төгрөг өгөх, өгөхгүйн тухай улс төржилт попролт вэ. Юуг нь ч авч хүрэлцэхгүй, юунд ч баталгаа болохгүй эзэддээ хүрдэггүй наад мөнгөөр чинь яах юм бэ.
Монгол төр ядуу, боломжгүй, өлссөн цангасан хүүхдүүддээ сар бүр 20 мянган төгрөгний тэтгэмж өгчихдөг. Асуудлыг нь шийдчихсэн гээд эрх баригчид санаагаа амраах гэж байгаа бол уучлаарай. Хүүхдийн асуудал хөсөр хаягдчихлаа. Тэд өдөр бүрийг хүчирхийлэгчдийн дунд өнгөрүүлж байна.
Томчууд бол яах вэ. Жагсаж цуглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хэрэлдэж байгаад цалингаа нэмүүлэх албан тушаалаа ахиулж чадаж байна. Гэтэл “Чимээгүй хашгирч” байгаа хүүхдүүдээ төр сонсож чадаж байна уу.
Бид мэдээллийн урсгал дунд хэтэрхий гэхэд даанч хэтэрхий мартамхай болжээ. Хэдхэн жилийн өмнө хойд эцэгтээ зодуулж, дарамтлуулдаг байсан 11 настай хүү эрүүлжүүлэхээс удахгүй гарах ааваасаа айхдаа хөшигнөөсөө өөрийгөө боомилж амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарсан. Бид үүнийг “мартсан”.
Мөн л саяхан шүү дээ. Архичин эцэгтээ зодуулж, заазуурдуулчихаад цусаа гоожуулан дүүгээ тэврэн зогсохдоо дусал ч нулимс унагахгүй «Би том болоод бөх болно» гээд зогсох Идрээ хүүгийн талаарх дүрс бичлэгийг үзээд нийгэм тэр аяараа яргачин эцгийг жигшсэн. Үүнийг ч мөн өнөөдөр “мартав”. Энэ мэт тухайн үедээ халаглачихаад тэгсгээд “мартагдсан” хүүхэд хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдийг жагсаавал дуусахгүй тул ингээд зогсооё.
ХЭҮК-ийн тайланд 2015-2016 онд улсын хэмжээнд 17 нас хүртэлх 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсан гэсэн судалгаа тайланг нийтэлжээ. Энэ бол мэдээж өнгөрөгч оны хуулийн байгууллагад мэдэгдэж бүртгэгдсэн л тоо юм. Мэдэгдэхгүй хүчирхийллийн бай болж байгаа зуу зуун хүүхэд үүний цаана байгаа гэж бодохоор Монгол Улс хүүхэд хүчирхийлэгчдийн орон болжээ гэсэн гашуун бодол эрхгүй сэтгэлд буух юм.
Нялх балчир үрс рүү минь тэлээгээ мултлаад өмдөө шувтлаад дайрах адгуусуудад төрийн хайр хүртэх эрх бий гэж үү. Гартаа заазуур барьчихаад хүүхэд хэрчээд зогсож байгаа эрлэгүүдийг төр нь өршөөж толгойг нь илэх хэрэг байна уу. Өлгийтэй нярайг хана мөргүүлж тогоо руу шидэж хөмсгийг нь сэтэлж хараанд нь өөрчлөлт оруулчихаад 2-5 настай ах нарыг нь хазаж элэгдэж заазуурдсан араатныг хүний ертөнцөд амьд байлгах ямар хэрэгтэй юм бэ. Төр төмөр нударгатай гэлцдэг биш бил үү. Энэ мэт хүүхэд хүчирхийлж, амь нас, эрүүл мэндийг нь хохироож зүрх сэтгэл бяцхан нүдэнд нь нулимс буулгаж айдас түгшүүр дунд бөмбөгнөтөл чичрүүлэх хүчирхийлэгчдийг цаазлаад өгөөч Ерөнхийлөгч өө. Хүний биед хувирсан ийм араатнуудад амьсгалах агаар, амьдрах орон зай хэрэггүй. Өдөр бүр хүүхэд хүчирхийллийн золиос болж байхад эрх баригчид, шийдвэр гаргагчид албан тушаалын бялуундаа цатгалдаад нүдээ таглуулж чихээ бөглүүлээд суух нь яасан гомдолтой вэ.
М.МӨНХ /2017 он/
Сэтгэгдэл