АНУ-ын визний талаар жүжигчид, уран бүтээлчдэд зориулсан анхааруулга гаргажээ


Мэргэжлийн уран бүтээлчид  тоглолт хийхээр АНУ-ыг зорьж буй бол В ангиллын визээр явж болохгүй гэдгийг АНУ-ын ЭСЯ-наас анхааруулжээ.  Үүнд тайз болон киноны жүжигчид, хөгжимчид, дуучид, бүжигчид, түүнчлэн нүүр хувиргагч, зураглаач, гэрэлтүүлэгч, техникч зэрэг туслах ажилтнууд багтах юм байна. Тоглолт хийн” гэдэг нь урлаг, уран сайхны мэргэжлийн аливаа тоглолт хийхийг хэлнэ гэдгийг тодотгожээ.

Урлаг, уран сайхны мэргэжилтэй аливаа хүн АНУ руу В ангиллын визээр зорчсон тохиолдолд санхүүжилтын хэмжээ болон эх үүсвэрээс үл хамааран,  түүнчлэн АНУ дахь төрийн бус  байгууллага эсвэл  үндэсний  соёлын арга хэмжээндээ ч хандивын  тоглолт хийх нь хориотой ажээ.

АНУ-д аливаа тоглолт хийхийн тулд  зохих төрлийн виз мэдүүлдэг байна. Хамгийн нийтлэг визний ангилал нь Р-1 болон Р-3 юм. Тоглолтын виз мэдүүлэхийн тулд  эхлээд АНУ дахь холбогдох хувь хүн, байгууллага нь I-129 Petition for Non-Immigrant Worker өргөдлийг United States Citizenship and Immigration Service (USCIS) буюу АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын Албанд  гаргах ёстой аж.  АНУ-ын Иргэншил  ба цагаачлалын албанаас уг өргөдлийг баталсан тохиолдолд тоглолтын визээ мэдүүлж болох юм байна. I-129 өргөдлийг хянан шийдвэрлэхэд нэлээд  хугацаа шаардагдах тул аль болох эрт төлөвлөх хэрэгтэй гэдгийг анхааруулжээ. АНУ-д тоглолт хийж буй багийн бүх гишүүд АНУ-ын татвар төлөх ёстой аж.

АНУ-ын визийг хуулийн дагуу ашиглаагүй тохиолдолд  визийг нь цуцалж, дахин виз олгохгүй байх  үр дагавартай. Тиймээс хуурамч бичиг баримт үйлддэг, өөрсдийгөө АНУ-ын засгийн газраар зөвшөөрөгдсөн, эсвэл хамтран ажилладаг гэх виз зуучлагчдаас болгоомжлохыг тус ЭСЯ-ны зүгээс олон нийтэд анхааруулж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.