Өршөөлийн хуулиа эргэж шалгавал Монголын төрд гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчид итгэхээ болино


УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр зарим нэг гишүүн 33 их наяд төгрөгийг бондын мөнгөөр босгоод, түүнийгээ идэж уучихаад Өршөөлийн хуулиар цагаатгасан гэх утгатай зүйл ярьсан. Нууц далд хөрөнгүүдийг ил болгож, эдийн засгийн өршөөл үзүүлэх Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд ээлжит бус чуулганаар баталж байсан билээ.

Уг хуулиар далд байсан хөрөнгөө ил болгож бүртгүүлсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх зохицуулалттай байсан. Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлж, мэдүүлж, тайлагнасны эцэст олон их наядын хөрөнгө ил болж, тэр хэрээр татварын орлого ч нэмэгдэж байсныг хүмүүс санаж байгаа.

Эдийн засгийн Өршөөлийн хууль бондтой ямар ч холбоогүй байсан гэдгийг тухайн үед хэвлэгдэж байсан хэвлэлийн хуудсыг сөхөж үзэхэд харагдана. Эдийн засагчид ч Өршөөлийн хуулийн өгөөжийн талаар ярьж, бондоос холуур болж өнгөрсөн үйл явдал гэдгийг ярьж байгаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын чуулган дээр зарим гишүүн 33 их наядыг бондтой хамаатай гэж ярихад түүнийг нь няцааж “УИХ хариуцлагатай баймаар байгаа юм. 33 их наяд болон бонд хоёр ямар ч холбоо хамаарал байхгүй. Үүнийхээ учрыг олж байж ярих хэрэгтэй. Тухайн үед бүгд ярьж байгаад гаргасан шийдвэр. 33 их наяд төгрөгийн нууцын асуудал ил болсон болохоос биш буцааж төлөх асуудал биш. Энэ материалыг нууцалж байгаа асуудал байхгүй. Энэ хууль бол түүхэн үүргээ гүйцэтгэсэн хууль” гэж хэлсэн.

Эдийн засгийн Өршөөлийн хуулийг энгийнээр тайлбарлавал 1990-ээд оноос хойш буюу зах зээлд шилжсэн үеэс эхэлж нуусан, хаасан, татвараа өгч чадаагүй, гадаад дотоодын дансанд байршуулсан дарагдмал хөрөнгийг эргэлтэд оруулахын тулд “Бүгдийг нь төрд мэдүүлээдэх. Хариуд нь төр яах ч үгүй.

Та нарыг төр мөрдөхгүй, шалгахгүй, олон нийтэд зарлахгүй. Энэ асуудлыг чинь дахиж мөшгөж сэдрээхгүй, элдэв гэмт хэргийн баримтад ашиглахгүй" гэж ам мөчгөө өгөн байж Өршөөлийн хуульд далд байсан бүхнийг ил болгож хамруулсан учиртай. Гэтэл төр энэ хэлсэн амнаасаа буцаж, зарим поп улстөрч “Эдийн засгийн Өршөөлийн хуулийг шалгах нь зүйтэй” гэж ярьж эхэллээ. Тэд “Хууль эргэж үйлчилдэггүй гэдэг ч тэрнийх нь учрыг олж дөнгөнө” хэмээн яриад сууж байна.

Мөнгийг нь шалгадаггүй юм аа гэхэд үйлдлийг нь шалгана ч гэх шиг. Ингэж нохой зан гаргаж, амлалт, хэлсэн үгнээсээ буцвал Монголын төрд итгэх гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагч үлдэхгүй шүү. Ийм юм ярьж байгаа нь хамгийн попорсон хамгийн ёозгүй төрөөс гарах авир. Энэ бол нэр төр хөөцөлдөж, олон нийтээс оноо авч, ард түмнийг хөөсрүүлж, тэдний өмнө шударга дүр эсгэж байгаа, хувь улстөрч тодорч гарч ирэх гэсэн оролдлого юм.

Их өмч хувьчлал, офшорыг шалгана, Өршөөлийн хуулийг эргэж шалгаж буруутай этгээдүүдийнх нь үйлдлийг ил гаргаж зарлана гэж ярьцгааж байна. Хэрвээ ийм үйл явдал болбол Монгол төрийн нэр хүнд, үнэ цэнэ шороотой хутгалдана. Хэдэн поп улстөрч сонгууль хүртэл “Шалгана, нэгжинэ” гэж хашхиралдах нь ойлгомжтой.

Монгол төрийн нэр хүндийг ингэж баллаж харлуулан байж гарч ирэх тийм үнэ хүндтэй хүмүүс үү, тэд. Монгол төрийг шороотой хутган байж сонгуулиар гарч ирэх үнэ хүндтэй улс уу, попчид. Монголчууд төрт ёсоо дээдэлж, төрийн үйл хэргийг бүхний дээр тавьж, төрөө цэвэр ариун, шударга байлгахын төлөө хаанаасаа жирийн ард нь хүртэл нэрээ хичээж ирсэн түүхтэй ард түмэн. Хэзээ ч хувь хүн нэр олохын төлөө төрийн нэрийг баллаж байгаагүй.

Төрийн минь сүлд өршөө гэж тэргүүнээ мэхийлгэн залбирч байснаас биш төрийн нэрийг шороогоор булсан түүх үгүй. Төр бол мөнх. Хэрвээ та нар төрийн нэрийг хугалчихвал тэр хугарсан нэр ч бас мөнх дагана. Ингэвэл энэ улс орон цаашаа юу болох вэ.

Та нар дэмий попорч чуулганы танхим, Төрийн ордны индрийн цаанаас амандаа орсноо ярьж, нэр хүндээ өсгөхийн тулд нэг оноо ч болов авахын тулд хүссэнээ хэлж, цаг үрсэн юм хийгээд хэрэггүй, улстөрчид өө!

Гэхдээ эдний ярьж байгаа дэмий үгс нь цаашаа явахгүй, дэмжлэг авахгүй гэдгийг захын хүн мэднэ л дээ. Тэглээ ч энэ асуудлыг шалгууллаа гэхэд Үндсэн хуулийн Цэц, шүүхэд дээр очоод л уначихна. Ерөнхий сайд шүүх хурал болгон дээр очиж тайлбар хэлж оролцож чадахгүй учир Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргадаа үүрэг өгч таарна.

ЗГХЭГ-ын дарга нь яамандаа үүрэг болгоно. Яам нь хэлтэстээ энэ асуудлыг шилжүүлнэ. Хэлтэс нь яахав, шинээр орж ирсэн нэг мэргэжилтэндээ үүрэг болгож тохож орхино. Тэр мэргэжилтэн нь юунд яваад байгаагаа ч сайн мэдэхгүй шүүх дээр очоод “Мэдэхгүй ээ, шүүх дээр очоорой л гэсэн шүү дээ” гэсэн шүү юм яриад зогсох нь мэдээж. Өөр юугаа хэлэхэв. Мэдэхгүй нь үнэн юм чинь. Ингээд л шүүх хурал дээр юу хэлэхээ мэдэхгүй суусаар ялагдаад гараад ирнэ.

Төр ямар нэг асуудлаар заргалдлаа гэхэд шүүх дээр очоод ялагдаад байдаг шалтгаан нь ерөөсөө энэ л байдаг юм. Үүсгэсэн маргааныхаа араас эзэн хүний ёсоор уйгагүй, үнэнч сэтгэлээр явдаггүй болохоор ялагдахаас өөр яах юм. Яг л ийм зураглалаар энэ хэдэн улстөрчийн яриад байгаа “Шалгана” гэж сүр оруулан зарлаж байгаа асуудал нь шүүх, Цэц дээр очоод унаж таарна. Тэдний хувьд өнгөн дээрээ “Шалгана” гэж ярих нь ард түмэнд таалагдаж оноогоо нэмүүлнэ гэдгийг мэдэж байгаа учраас тэгж зоригтой мөртлөө логикгүй юм ярьж байгаа юм.

Бондын мөнгө, Өршөөлийн хууль ямар ч хамааралгүй гэдгийг улс төр судалдаг, нийгмийн үйл явдлыг гойд анзаардаг, ой сайтай хүн бол шууд л мэдэж байгаа даа. Өнөөдөр “Шалгана” гэж хэлээд нэг оноо авчихаад шуугиан тарьсан тэр асуудал нь цаашид яах ийх, шүүх дээр очоод унах эсэх нь огтоос хамаагүй, дахин сонгогдож л байвал бол оо. Ингэж дуулиан дэгдээх нь эргээд Монгол төрд ямар сүүдэр тусгаж байгаа нь тэдэнд хамаа байдаггүй.

Хамгийн гол нь ийм яриа гаргаж, ийм философитой байгаа нь “Монгол төр ямар ч итгэл төрүүлэхээргүй юм даа” гэсэн урамгүй бодол төрүүлж байна. Яаж ч мэдэх улсууд төрд гарвал юу ч хийж мэдэхээр юм байна. Ер нь тэгээд төр ч дээ, төрд итгээд байх хэрэггүй юм байна гэсэн дохиог Монгол төр маань гадаад, дотоодгүй төрүүлээд эхэлчихлээ.

Нэр хөөцөлдсөн хувь улстөрчдийн болчимгүй хашхираанаас болж эдийн засгийг минь аврахаар дөхөж байсан хөрөнгө оруулагчдын хөлөг онгоц зангуугаа татаад залуураа эргүүлчихэв үү дээ гэж харагдаж байна. Дотоодын томоохон хөрөнгө оруулагчдад ч төрдөө итгэх итгэл нь алдрах шалтгааныг гаргаад өгчихөв.

ЭХ СУРВАЛЖ: Д.ГАНСАРУУЛ, ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.