» » Д.Баярболд: Монголд умайн хүзүүний хорт хавдраар өнжөөд нэг эмэгтэй нас барж байна

Д.Баярболд: Монголд умайн хүзүүний хорт хавдраар өнжөөд нэг эмэгтэй нас барж байна


ЭМЯ-ны Нийmийн Эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболдтой ярилцлаа.


-Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус. Энэхүү вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан. Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин, хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин, гуравдугаарт, нийгмийн сүлжээнд нэлээн хэл ам дагуулаад байгаа хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Энэ долоо хоногоос эхлээд бид тус вакциныг сургуульд суурилсан хэлбэрээр хийхээр бэлтгэлээ бүрэн хангаад байна. Энэ вакцины талаар ярихын өмнө папиллома вирус гэж ямар вирус вэ, яагаад үүний эсрэг вакцин хийх гээд байна вэ гэдэг мэдээллийг өгөх нь зөв байх. Нэгдүгээрт, папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон.

-Тухайлбал?

-Амны хөндий, ам залгиурын эрхтний, хүзүү, толгой, гадна бэлэг эрхтэн, эрэгтэй хүмүүст шодойны хавдар, хошногоны хавдар гэх мэтчилэн хортой хавдруудаас гадна мөн олон төрлийн үү, ургацаг үүсгэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.

Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон. Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.

-Олон нийтийн дунд папиллома вирусийн эсрэг вакциныг хийлгэвэл эрүүл байсан хүүхэд хэвтрийн болж, таталт өгч байна гэх зэрэг мэдээллүүд ам дамжин яригдаж байна. Энэ вакциныг хийлгэлээ гэхэд ямар шинж тэмдэг илрэх вэ, гаж нөлөө бий юү?

-Вакцинтай холбоотой маш буруу, ташаа мэдээллүүд цацагдаж байна. Вакцин эсэргүүцдэг бүлэг хүмүүс энэ вакциныг иргэдэд маш буруугаар сурталчилж, өөрсдөө хүний эрх ярьж байгаа мөртлөө хүний эрүүл байх эрхэд халдаж байгаад харамсаж байна. Энэ нь бүх улс оронд шинэ вакцин нэвтрэхэд гардаг үзэгдэл. Бидний харамсаад байгаа зүйл юу вэ гэхээр, вакциныг хийх үү, болих уу, хортой юу, хоргүй юү гээд ярихын оронд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд энэ вакциныг аль 20 жилийн өмнө нэвтрүүлээд, өнөөдөр умайн хүзүүний хорт хавдаргүй улс боллоо гэж зарлахад бэлэн болсон байна. Тийм учраас иргэд шинжлэх ухаанд суурилсан, нотолгоотой мэдлэг, мэдээлэлд итгэж, хүүхдүүдээ ирээдүйд умайн хүзүүний хорт хавдар болон бусад төрлийн хавдраар өвчлөхөөс сэргийлж болно. Өнөөдөр Монгол Улсад хорт хавдрын өвчлөл маш өндөр байна. Ялангуяа элэг, ходоод, умайн хүзүү, уушги зэрэг тэргүүлэх зэрэглэлийн хавдруудаас болж маш олон хүний амь нас эрсдэж байна. Жилд 6000 гаруй хүн хавдраар өвчилж, 4000 гаруй хүн нас барж байна.

-Умайн хүзүүний хорт хавдраар?

-Умайн хүзүүний хорт хавдраар?-Жилд 450 гаруй хүн өвчлөөд, 160 нь нас барж байна. Өөрөөр хэлбэл, өнжөөд л нэг эмэгтэй энэ урьдчилан сэргийлж болдог өвчний улмаас нас барж байна. Бидэнд вакцинаар сэргийлэх хоёр төрлийн хавдар байна. Нэг нь, элэгний хавдар. Элэгний хавдрын 90 гаруй хувь нь вирусийн шалтгаант байна гээд, манайх “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн вакцинжуулалттай. Манайхан энэ вакцинаа хийлгэдэг. Үүний нэг адил умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинтай байгаагаараа бид азтай. Улс эх орон маань үүнийг нэвтрүүлж байгаа учраас бид бүр их азтай.

-Монгол Улс 2012 онд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг туршиж байсан. Тухайн үед хэдэн хүүхдэд хийсэн бэ?

-Монгол Улс 2012 оноос нэвтрүүлэх бүрэн боломжтой байсан. Вакцин эсэргүүцэгчдийн буруу ташаа мэдээллээс болоод өнөө хүртэл энэ товлолт нэвтэрч чадаагүй. Тухайн үедээ буюу 2012 онд 9000 гаруй охинд энэ вакциныг хийгээд зогссон. Тэдгээр охидыг дагаж судлах судалгаа хийгдээд, үр дүнтэй болох нь тогтоогдоод, шинжлэх ухааны сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний бүтээл болж гарсан. Гурван тун хийлгээд, таван жил болсон хүүхдүүдэд вакцины үр дүн 92 хувьтай, гурван тун хийлгээд, 10 жил болсон хүүхдүүд 100 хувь хамгаалагдсан буюу халдвар аваагүй нь тогтоогдсон.

Тухайн үед энэ вакцины талаар ямар мэдээллүүд гарч байсан бэ?

-“Энэ вакциныг хийлгэснээр үргүй болдог, эмэгтэйчүүд үр тогтох чадваргүй болдог” гэх зэрэг мэдээлэл гарч байсан. Энэ вакциныг хийлгэсэн охидоос 2-3 удаа төрсөн, хүүхдүүд нь том болсон сайхан үр дүнгүүд байна. Тиймээс иргэд эргэлзэхгүйгээр энэ вакциныг хийлгэх хэрэгтэй. Арав гаруй жилийн хугацаанд бид маш олон эмэгтэйг халдварт өртөх, ирээдүйд үүсч болох хавдраас сэргийлж, эхний үр дүнгүүд гараад эхэлчихсэн байх ёстой байсан. Вирусийн халдвар авснаараа шууд хавдар болчихдог юм биш, 3-10 жилийн хугацаанд хавдрын урьтал үе болоод, 15 жилийн дараагаас хавдар болдог. Хүүхдийг аль болох бага насанд нь дархлаажуулах нь илүү үр дүнтэй нь олон улсын судалгаагаар нотлогдсон. Тухайлбал, 12-13 настай хүүхдэд хийсэн дархлаажуулалтын үр дүнд хавдраас 100 хувь хүртэл сэргийлж чадсан бол 17-30 насанд хийсэн вакцин дөнгөж 30 хувьтай байна. Тиймээс эрт хийснээр хавдар болохоос сэргийлж чадаж байна гэдгийг олон улсын, Швед, Дани, Британи зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад хийсэн судалгаанууд харуулж байна.

-Энэ вакциныг дэлхийн хэдэн оронд хийдэг вэ?

-Уг вакциныг зөвхөн Монгол Улсад хийх гээд байна гэвэл үгүй. Дэлхийн 144 орон вакцинжуулалтынхаа үндэсний хөтөлбөрт уг вакциныг амжилттай нэвтрүүлээд, тэдгээр орны 60 гаруй хувь нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсэндээ хийсэн үр дүнгүүд дэлхийд хэдийнэ нотлогдсон байна. Энэ вакциныг зохион бүтээсэн хүн Нобелийн шагнал авсан. Ийм үр дүн нь шинжлэх ухаанаар нотлогдсон учраас манай иргэд ямар ч эргэлзээгүйгээр энэ вакцинаа хийлгэх хэрэгтэй.

Монголд оруулж ирсэн вакцины чанар муу, “хулхи вакцин шахах нь” гэсэн мэдээлэл гарч байна. Яг одоо хүүхдүүдэд хийхээр бэлтгэсэн вакцины чанар, баталгааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн вакцины гурван үйлдвэр умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг үйлдвэрлэж байна. Монгол Улс АНУ-ын “Мерк Шарп” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Gar­dasel” вакциныг энэ удаагийн дархлаажуулалтад хэрэглэнэ. Уг вакцин 2009 онд ДЭМБ-аар баталгаажаад 15, 16 жил болсон. Тухайн үйлдвэрлэгч нь эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ийн шаардлага хангасан. Вакциныг үйлдвэрлэлийнхээ шат болгонд шинжлүүлж, сери, дугаар болгоноо баталгаажуулаад явдаг үйлдвэрээс манай улсад ямар нэгэн эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжихгүйгээр, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар орж ирж байна. Үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх чанар, аюулгүй байдлын бүх шаардлагыг хангасан нөхцөлд вакциныг хийж байгаа учир эргэлзэх хэрэггүй. 2-8 хэмд хадгалдаг, баталгаатай вакцин юм.

-“Хүний папиллома вирусийн вакциныг битгий хийлгээрэй” гэж бөө гэх эмэгтэй лайв хийсэн нь иргэдэд багагүй нөлөөлж байна. Үүнийг нийгмийн эрүүл мэндийн эсрэг үйлдэл гэж зарим хүн дүгнэж байна.

-Долоо хоногийн өмнө бөө мөн эсэхийг нь мэдэхгүй нэг хүүхэн шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоогүйгээр мэдээлэл хийсэнд харамсаж байна. Энэ мэдээлэл нь 6 сая гаруй үзэлттэй, хэдэн мянган шейртэй, Монголд байгаагүй рекорд тогтоосон гэж сонссон. Монгол Улс 3.5 сая хүнтэй, үүнээс хэд нь фэйсбүүк хэрэглэдэг билээ. Эндээс үзэхэд нэлээн зохион байгуулалттай асуудал байх аа гэж бодож байна. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж, үнэн мөнийг нь тогтоох байх.

-ЭМЯ-наас энэ вирусийн тарилгын талаар иргэдэд хэр хугацаанд сурталчилж, мэдээ мэдээлэл түгээсэн бэ?

-ЭМЯ, ХСҮТ, ХӨСҮТ-өөс энэ вакцинжуулалтыг нэвтрүүлэхтэй холбогдуулаад хоёр жилийн өмнөөс мэдээлэл сурталчилгааг эцэг эх, ард иргэдэд зориулсан зэрэг янз бүрийн хэлбэрээр явуулж байна. Ялангуяа сүүлийн хагас жилд нэлээн эрчимжүүлсэн. Хэвлэлд гарч байгаа ярилцлагууд, мөн ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ХСҮТ-ийн болон эрүүл мэндийн бүх байгууллагын сайт, пэйж хуудсуудаар иргэдэд зориулсан мэдээллүүд гарсаар байна. Папиллома вирус гэж юу вэ, энэ вирус ямар өвчлөл үүсгэдэг вэ, энэ өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг бүх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулж байна. Гэхдээ иргэд маань зөв зүйтэй мэдээллийг хараад өнгөрдөг шиг байна. Харин бөө, удган гэсэн шинжлэх ухаанч бус хүмүүсийн мэдээллийг маш анхааралтай сонсож, түүнд автаж байгаад харамсаж байна. Иргэддээ хангалттай мэдээлэл өгөөд явж байна. Сая 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргаас эхлээд бүх сумын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч нар, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч, вакцинатор зэрэг бүх хүнд биечилж мэдээ хүргэсэн. Эцэг эхчүүд, сургуулийн, анги удирдсан багш нарт НЭМҮТ-өөс мэдээлэл хүргэж байна. Цаашид мэдээлэл тасралтгүй хүргэнэ гэдгийг хэлье.

-Энэ удаагийн вакцинжуулалтад 11 настай нийт хэчнээн хүүхдийг хамруулах вэ?

-Бид энэ жил 11 настай хүүхдүүддээ хийх ёстой. Он гараад энэ хүүхдүүдийн товлолт вакцинд хамрагдах нас өнгөрнө. Тийм учраас тэр 70 мянган хүүхдийг үлдээчихгүй хийчих юмсан гэсэн зорилготой бөгөөд тэр хэрээр үүсч болох эрсдэлээс хамгаална. “Оном сан”-гийн Наранбаатар гэж доктор постолсон байсан. 30 дөнгөж гарч байгаа, хоёр хүүхэдтэй эмэгтэй дүү нь нас барсан. Хоёр хүүхэд өнчирлөө. Хэрвээ 2012 онд вакцин хийлгэсэн бол манай дүү энэ өвчнөөр эндэхгүй байлаа, төр хариуцлага хүлээх ёстой гэж бичсэн байсан. Төрийн хувьд хийгээгүйгээрээ хариуцлага хүлээх, хийснээрээ хариуцлага хүлээ гэсэн хоёр асуудлыг иргэд ярьж байна. Гэхдээ өнөөдөр ЭМЯ энэ шийдвэрийг дангаараа гаргаагүй. УИХ-аар батлагдсан хуультай үйл ажиллагаа л явагдах гэж байгаа юм. Ер нь хууль, дүрэм журам батлагдахад маш олон судалгаа, шинжилгээний үр дүнд асуудлуудыг оруулаад, Засгийн газар хэлэлцээд, УИХ-ын чуулган дээр шат дамжсан олон хэлэлцүүлэг дээр манай мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд тайлбараа хэлээд, батлагддаг.

-ЕБС-ийн нэг ангийн 47 хүүхдээс нэг нь л хүний папиллома вирусийн эсрэг вакциныг хийлгэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээлээд, одоо би яах вэ гэсэн айдастай байна. Та энэ хүнд юу гэж зөвлөх вэ?

-Нэгдүгээрт, төрийн баталгаатай эх сурвалжаас авсан мэдээлэлд итгээч ээ. Хаанахын, хэн нь тодорхойгүй хүний үгэнд итгээд, хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хийж байгаа үйлсээс хазайх хэрэггүй. Хүүхэд өнөөдөр эцэг, эхийн шийдвэрээр вакцинд хамрагдах эсэхээ шийдэж байна. Дараа нь хүүхдэдээ “Миний аав, ээж энэ вакциныг хийлгэчихгүй яав даа” гэсэн бодол төрүүлэхгүйн тулд нотолгоотой мэдээлэлд итгэж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Бид энэ вакцин эсэргүүцээд байгаа нөхдүүдтэй хэд хэдэн удаа уулзсан. Олон эрдэмтэн суугаад, 1 цаг 30 минут тэднийг сонссон, 5-хан минут биднийг яриулдаггүй, тэнэг мангараар нь дуудаад, чи дуугүй бай гээд явдаг. Тэдний ярьж байгаад шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо байхгүй, цуу үг яриа, хэвлэлийн шар мэдээ л ярьдаг. Харин манай эрдэмтэн, докторууд ийм ийм судалгаа, шинжилгээгээр ийм үр дүн гарсан гэдгийг хангалттай нотлоод ярихаар эсэргүүцээд огт сонсдоггүй. Ийм хүмүүст л итгэхгүй байхыг уриалж байна.

-Хүний папиллома вирусийн вакциныг бүх насныхан хийлгэж болох уу?

-Тухайн вакцин өртөг өндөртэй. Дэлхийд олдоц багатай. Улс орнууд оочерлоод авдаг. Англи, Америк, Австрали, Япон зэрэг өндөр хөгжилтэй маш олон, ихэнх нь хоёр хүйсэндээ хийлгэдэг. Бид эхний ээлжинд 11 настай хүүхдэдээ хийнэ. Дараагийн ээлжинд Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр 15 хүртэлх насны хүүхдүүдэд нэмэлт нөхөн дархлаажуулалт хэлбэрээр хийх асуудал яригдаж байна. Гэхдээ эцэслээгүй. Харин сайн дурын үндсэн дээр, ХӨСҮТ болон дархлаажуулалтын бүх нэгжээр нэг тарилга нь 23 мянган төгрөгийн үнэтэй энэ вакциныг аль ч насныхан хийлгэж болно. 18-аас дээш насныхан хүний папиллома вирусийн халдвартай байна уу, үгүй юү гэдгийг илрүүлэх шинжилгээнд хамрагдаад, хийлгэснээрээ умайн хүзүүний болон бусад төрлийн хавдраас сэргийлэх бүрэн боломжтой.

-Сүүлийн үед нийгмийн сүлжээнд эрүүл мэндийн көүч, эрүүл хооллолтын эмч гээд мэргэжлийн бус хүмүүс бусдад зөвлөгөө их өгдөг болсон. Эдгээр хүмүүстэй ЭМЯ-наас уулзаж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх тал дээр хяналт тавьдаг уу?

-Хуулийн хүрээнд хүмүүс хэвлэн нийтлэх, мэдээ мэдээллээ дамжуулах эрхтэй. Гэхдээ өнөөдөр ийм хуурамч, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл цацсан тохиолдолд хариуцлага тооцох санкц бий. Тухайлбал, манай салбарт Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар худал мэдээлэл түгээсэн хүмүүст Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Мөн Эрүүгийн хуулинд худал хуурмаг мэдээлэл иргэдэд түгээсэн бол мөнгөн торгуулиас эхлээд, биеэр хөдөлмөр эрхлүүлэх, тодорхой хугацаанд хорих хэмжээнд арга хэмжээ авдаг юм билээ. Гэхдээ бид иргэд энэ хүмүүст их цензуртэй хандах байх гэдэг үүднээс тэр болгон хүмүүсийг хуулийн байгууллагад өгдөггүй. Гэхдээ манай хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг авч үзэж байгаа юм билээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.