АТГ орших уу, эс орших уу


 

АТГ орших уу, эс орших уу

 

2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Зандраагийн Дашдаваа, Жанжаагийн Батсайхан нар Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргаар томилогдож тамгаа гардан авлаа. Харин  түүхэнд энэ өдрийг тодоор бичих үү, эсвэл зүгээр л нэг бороотой өдрийн өмнөх өдөр хэмээн дурсагдах уу.

 

Нөхдүүд албан тушаалд томилогдохын тулд олны анхаарлыг татсан, одоо ч шийдлээ олж чадахгүй байгаа олон хэргийг шийдэж, хариуцлага тооцох болно гэх амлалтыг өгсөн юм.

Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны асуудал, Цэвэр агаарын сангийн асуудал, Бондын асуудал, Оффшор данстай холбоотой хэргүүд, Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал, 60 тэрбумын хэрэг, ЖДҮ гээд нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан мөртлөө одоо ч шийдэгдээгүй олон хэргүүд байна.

Энэ бүгдийг З.Дашдаваа, Ж.Батсайхан нарын баг шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож, Монгол Улсыг хохиролгүй болгож, шударга ёс тогтооно гэж итгэж байна. Хэрвээ чадахгүй бол өмнөх хэдээсээ ялгарах юмгүй л болж таарна.

Энэ цаг үед Монголд "авлигатай тэмцэж чаддаггүй” Авлигатай тэмцэх газраар юугаа хийх вэ гэж яригдаад эхэлсэн. Улс төрийн хүрээнд ч татах буулгаж, прокурорын дэргэдэх алба, нэгж болгох тухай ч яриа хэлэлцээр хийгдэж байгаа. Тэгвэл ийм газар манайд хэрэгтэй, ийм газар байснаар шударга ёс оршин тогтнож, авлигаар асуудлыг шийдвэрлэдэггүй гэдгийг нотлох шаардлага тулгарч байна.

Нотлох хүмүүс бол З.Дашдаваа, Ж.Батсайхан хоёр юм. Чадахгүй бол чацга царайлаад явцгааж болно гээд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн алдарт үг байна. Нээрээ л чадахгүй бол мянга сайхан амлаад яах вэ. Авлигачидтай тэмцэж чаддаггүй, улс төрийн бойкот болж, авлигачиддаа атгуулсан, тэдний гар хөлийн үзүүрт гүйдэлтэй ийм газраар юугаа ч хийх вэ. Татан буулгаад авлигатай тэмцэх эрх мэдлийг иргэд олон нийтэд шилжүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр яана гэсэн үг үү? З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг яаж ажиллахыг харж л байя гэсэн үг биз дээ. Иргэдэд цаг хугацаа болон алдаан дээр дэвслээд өнгөрөх цэвдэг сэтгэл бий гэдгийг хоёр эрхэмд анхааруулья.

 
Undesten.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.