Ил цагаандаа гараад шүүхээ татан буулгачихаач, Ц.Нямдорж сайд аа


Ил цагаандаа гараад шүүхээ татан буулгачихаач, Ц.Нямдорж сайд аа

Уг нь УИХ Үндсэн хуулиараа Монгол төрийн эрх барих дээд байгууллага. Гэвч УИХ одоо гэмт хэрэгтнүүдийг сулладаг, хорьдог газар болж хувирвал гайхах зүйл алга.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2019.05.08/ хуралдаж, Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны илтгэлийг хэлэлцэх үеэр Л.Болд гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах санал гаргаж, санал нь дэмжлэг аваагүй ч Хүний эрхийн дэд хороо болгон хаяглаж, тэднийг нэн даруй суллах даалгаврыг Засгийн газарт чиглэл болгов.

Энэ хэргээр улс төрийн замаа уртасгаж, 20 гаруй жил хуулийн байгууллагыг удирдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид бол том олз. Наанадаж жилийн дараа болох УИХ-ын сонгууль, цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх “зэвсэг”-ээ болгож хувиргахыг үгүйсгэхгүй. Гэвч улстөрчдийн хувийн өчүүхэн эрх ашгаа бодсон улс төрөөс нь болж, хууль тогтоох дээд байгууллага нь шүүх засаглал болон хувирч байгааг тоолгүй өнгөрч болохгүй нь. Хуулиараа хэн нэгнийг суллахыг шүүх шийдэх ёстой болохоос УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь хэргийг хэлэлцээд, Хүний эрхийн дэд хороо нь Засгийн газартаа чиглэл өгөөд, Засгийн газар нь хэрэгт холбогдогчдыг сулладаг эрх зүй байхгүй. Хэрвээ ийм хууль хэрэгжээд эхэлсэн юм бол хэдний өдөр УИХ-аас баталснаа зарлачих нь шударга болов уу.

Уг нь УИХ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн үнэн мөнийг олох зорилго тавьсан юм бол хилсээр хэрэг хүлээсэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шийдвэрийг шүүхэд нь үлдээж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиа дагах ёстой болохоос зөрчих эрх байхгүй.

Гэвч парламентын гишүүдийг эх орноо ч худалдахаас сийхгүй болсныг Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлт “Рио Тинто”-д очсоноос эхлээд ЖДҮХС-гаас авсан тэрбум, тэрбумынх нь хулгай, 2017 оны тавдугаар сард баталсан Эрүүгийн хуульд оруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөс харж болно. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” хэмээн өөрчлөн найруулж, баталсан юм.

Тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга дээрх саналыг гаргаж, шударгын дүрд тоглоод удаж байгаа одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нар хамгийн их дэмжиж, бусдыгаа уриалан баталж байв.

Харамсалтай нь, УИХ-аас баталсан энэхүү хуулийн өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдын олон жил хөөцөлдөж, тогтоосон, үйлдэл дээр нь хэргийг барьсан авлига, хээл хахуулийн хэрэг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж ял завшигчид нэмэгдэх болсон. Хамгийн сүүлийн жишээ нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа болон Г.Элдэв-Очир, С.Бүрэн төгс нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Баярсайханыг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасав.

Тэрбум шахуу төгрөгийн хахуулийн хэрэгт нэр холбогдож, үйлдэл нь газар дээрээ баригдсан хүмүүст энэ ял мөн үү. Ял завших боломжийг олгосон хуулийг УИХ нь баталчихаад байхад шүүхийг, шүүгч нарыг шударга бус шийдвэр гаргалаа гэж зүхэх шаардлагагүй. Гагцхүү УИХ Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж, хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хугацаагүй болгож л өөрчлөх ёстой. Хууль эрх зүйн ийм орчин бүрдсэн нөхцөлд шүүхээс буцаж, цаг хожиж байгаа “цагаан захтан”-уудтай холбогдох том хэргүүдийн жинхэнэ эзэд ял шийтгэлээ хүлээх боломжтой болно. Хуульд өөрчлөлт оруулаагүй цагт хээл, хахуулийн хэрэг буурахгүй, улам төгөлдөршинө, бас цагаадна.

Нөгөөтэйгүүр, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Л.Болд нартай холбоотой ноцтой зүйл ярьсныг хуулийнхан анхааралдаа авах цаг нь иржээ.

Энэ тухай тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэрэг хэрэгсэхгүй болох байсан. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болдоос өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сард Ц.Нямдорж сайд намайг өрөөндөө дуудаад айлгах зорилгоор “Чиний талаар маш ноцтой зүйл яригдаж байна. Чи С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар нууцаар өөрчилсөн байна. Чиний асуудлыг ярих нь. Чи өөрийнхөө асуудлыг яриулах уу, өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөх үү” гэсэн. Би хариуд нь “Уучлаарай. Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг та нар өөрсдөө өөрчилсөн. Засгийн газраас хуулийн төслийг өргөн барьсан ажлын хэсэг буюу бид гэмт этгээдийг олох хүртэл гээд өөр концепци боловсруулаад өгснийг та нар Хууль зүйн байнгын хороон дээр санал гаргаад, та чуулган дээр үг хэлээд, гар өргөөд олонхиороо баталсан юм аа. Би мэдэж байна” гэсэн чинь Ц.Нямдорж сайд “Чамд баримт байгаа юм уу” гэсэн. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг дуу, дүрсний баримттайгаас гадна протколоор давхар баримтжуулдаг шүү дээ гэсэн чинь яв, яв гэсэн. Ингэж байхдаа Л.Болдод хэлсэн. Өнөөх нь тэр хүний үгийг зөв гээд бодчихсон, өөрийгөө бууны нохой болж яваагаа мэдэхгүй, Б.Энхбаяр гэдэг хүн хэрэг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байна” ярьж байгаа нь зохисгүй гэжээ.

Хууль тогтоогчид өөрсдийн хийсэн булхайгаа хэнд тохохоо ч андахгүй. Хууль дээдлэх зарчмыг ингэж уландаа гишгэх болсон.

Уг нь УИХ нийтийн эрх ашгийг хамгаалж хууль батлах ёстой байтал нэг хэсэг бүлэг этгээдэд, эсвэл бүр хэдхэн хүнд зориулж хууль баталдаг тогтолцоо руу аажмаар гулсан орж, хуулийн гажуудлаас үүдэлтэй алдаагаа шүүх байгууллага, шүүгчид рүү “чихдэг” аргатай болж хувираад байна. Энэ шударга ёсыг тогтоох эхлэл мөн үү. Ингэж байхаар ил цагаандаа гараад шүүхээ татан буулгачихаач Ц.Нямдорж сайд аа.

ЭХ СУРВАЛЖ:news.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.