Ганцхан мөр кодоор компаниа “устгажээ”


Ганцхан мөр кодоор компаниа “устгажээ” Марко Марсала гэдэг залуу компьютер дээрээ бичсэн ганцхан мөр кодноос болж сервер дээрх бүх мэдээллээ устгаж орхижээ. Веб хостын компани ажиллуулдаг тэрээр 1500 гаруй хэрэглэгчдийнхээ вебсайтуудыг ч гэсэн хамт устгачихсан байна.
 
Ингээд ямар нэгэн арга олдож магадгүй гэж бодоод Server Fault форумд энэ тухайгаа бичжээ. Харамсалтай нь форумд сэтгэгдэл бичсэн хүмүүс дийлэнх нь "Ямар ч арга байхгүй” гэсэн аж.
 
"rm -rf” гэсэн комманд заасан бүхнийг устгадаг энгийн код. "rm” нь компьютерт устгах тушаал өгдөг бол "f” нь "force” буюу ямар нэгэн анхааруулга гарч ирсэн ч үл хэрэгсэн устгах тушаал өг гэсэн утгатай аж.
 
Хэрвээ замыг нь зааж өгвөл энэ код компьютер дээрх хэсэг зүйлийг бүр мөсөн устгадаг боловч Марко ямар нэгэн зам зааж өгөөгүй учраас компьютер дээрх бүхнийг устгажээ.
 
Хамгийн харамсалтай нь шаардлагатай тохиолдолд эргэн сэргээхээр хадгалж байсан нөөц файлын сан нь өөрийнх нь компьютер дээр байсан болохоор сэргээх боломж байхгүй.
 
Ганц мөр код бүх мэдээллийг нь устгаж, дахин сэргээх аргагүй болгосон төдийгүй магадгүй түүний байгуулсан компани ч дампуурлаас зугтаж чадахгүй юм.
 
Форум дээрх сэтгэгдлүүд дунд "Мэдээллийг сэргээхэд асар үнэтэй, эргэж сэргэх магадлал тун бага” гэсэн байхад зарим нэг нь "Бүхнийг устгасан чинь ямар нэг азгүй явдал биш, харин чиний хариуцлагагүй байдалтай холбоотой” гэжээ.

Эх сурвалж: Independent

Д.Багахүү GoGo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.