Монголын Үндэсний музейн захиргаанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус музейн урд хэсэгт жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх хүсэлт ирүүлсэн. Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн.
Хуралдаанд асуудлыг танилцуулсан Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар "Монголын Үндэсний музей нь 55 мянга гаруй үзмэр, жилд 80 гаруй мянган үзэгчтэй. Сүүлийн жилүүдэд манай музейн урд талбайд иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж гэр барьж олон хонох тохиолдол эрс нэмэгдсэн. Жагсагчид тухайн орчны эд хогшил, хөшөөг эвдэж, бие засах, гал түлэх, хоол хийх, хог хаях зэргээр бохирдуулдаг. Музейгээр үйлчлүүлж буй иргэд, ялангуяа бага ангийн сурагчдын багш, эцэг эхчүүд музей үзэх боломжоор хангах, аюулгүй байдлыг хангаж өгөх гомдол, хүсэлтийг удаа дараа ирүүлж байна. Мөн жилийн дөрвөн улиралд манайхыг зорьдог гадаадын жуулчдын тав тух, аюулгүй байдал ч хөндөгдөж байгаа юм” гэдгийг онцлоод тухайн хэсэг тохижилтын ажил хийх гэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Сэтгэгдэл