Дуу чимээнээс болж Японы Засгийн газар нөхөн төлбөрт унав


Дуу чимээнээс болж Японы Засгийн газар нөхөн төлбөрт унав

 

АНУ-ын Йокота  цэргийн бааз ихээхэн дуу чимээ гаргаж байгаа тул Японы Засгийн газар  Фусса хотын оршин суугчдад 7 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэрийг Японы Дээд шүүх гаргажээ. 


Kyodo агентлагийн мэдээлснээр Америкийн агаарын баазтай ойролцоо гэр нь байдаг мянга орчим хүн нөхөн төлбөр авах юм байна. 


“Агаарын баазаас гарч буй дуу чимээ зөвшөөрөгдөх түвшнийг давсан. Үүний улмаас хотын хүн амын сэтгэлзүйд нөлөөлж, хэт ядраан, өдөр тутмын амьдралыг нь алдагдуулсан” хэмээн шүүхийн дарга Сигэру Наканиси мэдэгдсэн байна. 


Харин нэхэмжлэгчдийн шаардсан шөнийн болон өглөөний цагаар АНУ-ын баазаас онгоц, нисдэг тэрэг хөөрөхийг хориглох  хүсэлтээс Дээд шүүх татгалзжээ. 


Өмнө нь 2017 онд Токиогийн тойргийн шүүх мөн л Фусса хотын оршин суугчдын нэхэмжлэлийн хариуд дээрхтэй ижил шийдвэр гаргаж байлаа. Тухайн үед нөхөн төлбөрийн хэмжээг 5.5 сая ам.доллар гэж тогтоож байв. 


Энд дуулгахад, Йокота нь Номхон далайн ай савын баруун хойд хэсгийн Америкийн цэрэг тээврийн томоохон агаарын зангилааны үүргийг гүйцэтгэдэг юм.  Түүнчлэн энд Япон дахь АНУ-ын Зэвсэгт хүчний штаб байрладаг. 


Энэ баазын ойролцоо амьдардаг япончууд Америкийн онгоцнуудын байнгын нислэгээс үүдсэн чимээ уугиан эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн Японы эрх баригчдад хандан байнга нэхэмжлэл гаргадаг бөгөөд энэ удаад ийнхүү Дээд шүүх дээр ялалт байгуулснаар багагүй хэмжээний нөхөн төлбөр авахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.