-Эрх баригчид АН-ын алдааг давтаж иргэдийн амьдралд дарамт учруулах гэж байна-
Уржигдар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн. Монголбанк 2016-2019 оны эхний хагаст санхүү эдийн засгийн тогтвортой байдал, түүний өсөлтийг дэмжихэд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, үр дүнгийн талаар тайлагнасан юм. Тус банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулсан уг тайланд Монголбанк тайлант хугацаандаа улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлс хийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл болгох, Монгол банкыг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг танилцуулсан юм.
Гэвч эрх баригч намын төлөөллөөс голдуу бүрдсэн ирцтэй Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг даргалсан Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монголбанкийг ердөө мөнгө нийлүүлэхийг шахсан тулгалтыг ихэвчлэн тавьсан. Тухайлбал, эдийн засагт мөнгө оруулж ирэх гол бодлого, шийдвэрийг гаргах ёстой Засгийн газар, УИХ нь огт ажлаа хийж чадаагүй байж, ам.долларын ханш 2600 давсаныг дан ганц Монголбанкны ажил юм шигээр төгрөгийг тогтоон барьж чадсангүй гэдэг асуудлыг тавьж байсан ч УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэн ам.долларын орж ирэх урсгал татарсан хөрөнгө оруулалтын орчин байхгүй цагт төгрөгийн ханш тогтвортой байх боломжгүй. Тиймээс төр хувийн хэвшил хамтдаа ам.доллар оруулж ирэх оролдлогыг хийхгүй бол Төв банк нөөцөөрөө тогтворжуулах боломжгүй гэдгийг хэлсэн юм.
Гэсэн ч ханшийг ямар нэгэн аргаар тогтворжуулах, эдийн засагт мөнгө нийлүүлэх, зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэсэн шахалтыг Я.Содбаатар нарын гишүүд илэрхийлж байв. Бизнес эрхэлдэг гишүүд зээлийн хүү өндөр байна. Төв банк яагаад зээлийн хүүг бууруулахгүй байна гэдэг асуудлыг тавьж байгаагаас үзэхэд дээрх санааг илэрхийлж буйн тод илэрхийлэл юм. Үнэн хэрэгтээ зээлийн хүүг хүчээр бууруулахын оронд макро орчноо сайжруулах шаардлагатай байгааг эдийн засагчид байнга хэлж учирлаж байгаа ба хүчээр бууруулбал өнөөдрийнхөөс долоон дор байдалд орохыг сануулсаар байгаа. Түүнээс гадна Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хүртээмжийн асуудлыг Монголбанкинд тулгасанд Монголбанкны Ерөнхийлөгч Засгийн газрын бодлого тул Засгийн газарт асуудлаа тавих нь зүйтэй гэдгийг зөвлөсөн юм.
Тэгэхээр эрх баригчид ханшийг хүчээр тогтворжуулахын тулд Төв банкнаас нөөцийг гаргуулах, мөн сонгуулийн жил ирж байгаатай холбогдуулан мөнгөний бодлогын хүүг буулгах, мөнгө хэвлүүлэх шахалтыг үзүүлэх оролдлогыг хийж эхэллээ. Үүний тулд одоогийн Төв банкны Ерөнхийлөгчийг огцруулах чиглэлийг УИХ-ын даргаас өгөөд байгаа гэсэн чимээ ордонд сонсогдох болсон тухайг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Үүнийг баталж уржигдарийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Төв банкны үйл ажиллагааны тайланг гишүүдийн дийлэнх нь өндөрөөр үнэлж байсан ч хуралдааныг даргалагч нь хангалтгүй гэж дүгнэн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргахаар болсноо хэлж алхаа цохьсон нь эрхгүй нэгийг бодогдуулсаныг нуух юун.
Мөнгө хэвлэвэл мөнгөний ханш унаж, ам.доллар 5000 төгрөг хүрэх аюултай
Ийнхүү эрх баригчид сонгуулийн өмнө мөнгө хэвлэж Ардчилсан намын алдааг дахин давтаж нийгэмд ахиж дарамт үүсгэхээр улайрч эхэллээ. Уг нь тус хурал дээр УИХ-ын гишүүн Л.Болд Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сайн хөтөлбөр гэж баахан мөнгө тараасны гайг өнөөдөр ч бид эдэлж байна. Энэ бидэнд том сургамж болсон шүү гэдгийг сануулсан МАН алдааг нь давтахаар оролдож байна. Гэтэл манай улсад 2020-2024 онуудад эдийн засгийн хүндрэлийн томоохон сорилттой тулгарна гэдгийг Монголбанк тайлангийн төгсгөлд гишүүдэд сануулж үүнд анхаарсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг учирласан.
Тодруулбал, манай улс 2020-2024 онд томоохон дүнтэй төр болон хувийн хэвшлийн нийт 13.3 тэрбум ам.долларын гадаад өр төлбөрийг барагдуулна. Үүний тулд гадаад валютын нөөцөөс 4 дахин давсан гадаад валют шаардагдах урьдчилсан тооцоо гарч байгаа юм байна. Энэ нь дан ганц Монголбанкны асуудал биш нийт Монгол төрийн шандасыг сорьсон асуудал тулгарч байгаг Монголбанкны Ерөнхийлөгч хэлж байсан юм. Үүнээс гадна ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт амласан амлалтаа биелүүлж хөтөлбөрийг тууштай бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай ба хэрэв сонгууль угтсан эдийн засгийн өсөлтийн эсрэг мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлэх юм бол энэ хөтөлбөрөөс гарч, гадаад өр төлбөрийн өндөр дарамтад унах юм.
Мөн Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаал”-д орох өндөр эрсдэлтэй байгаа. Хэрэв энэхүү жагсаалтад орчихвол гадаадын банкуудтай төлбөр тооцоо хийхээ зогсоох, гадаад худалдааны зээл зогсох зэрэг маш ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эсрсдэлтэй Тиймээс саарал жагсаалтад орохгүй байх нь дан ганц Монголбанкны ажил биш ЗГ, УИХ хууль, шүүх, хяналтын байгууллага зэрэг нийт төрийн санаа тавих асуудал болоод байгааг бас хөндсөн юм.
Эцэст нь 2021 оноос дэлхийн зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ унахаар байгаа нь уул уурхай дагасан эдийн засагтай манай улсын хувьд бас томоохон цохилт болох тул үүнийг хэрхэн даван туулах бодлогын шийдэл мөн хэрэгтэй байгаа аж. Монголбанк ийнхүү Монгол Улсад ойрын жилүүдэд ирэх эрсдэлүүдийг тооцжээ. Гэтэл эрх баригч нам зөвхөн дараагийн сонгуульдаа бэлдэхийн тулд сонгогчдынхоо эрх ашгийг хөсөр хаяж зөвхөн өнөөдөр тэдэнд таалагдах зүйлийг хийхийн төлөө дахин төгрөгийн ханшийг сулруулах шийдвэрийг гаргаж байна. Улс төрчдийн эрх ашиг үүгээр нэгдүгээрт тавигдаж маргааш нийгэмд ирэх дарамтыг үл хайхарч байна.
www.Erennews.mn
Сэтгэгдэл