Монголын үндэсний телевизээр Колумбын “Пабло Эскобар” хэмээх онц сонирхолтой олон ангит кино гараад дууслаа. Гэвч зарим хүн үндэсний телевизээр хар тамхи болоод хүчирхийлэл сурталчиллаа гэсэн хэл ам дагуулсан байв. Үгүй юмаа. Харин ч уг кино хар тамхины эсрэг маш том сурталчилгаа болов. Паблогийн бүхий л хамсаатнууд үхэл, шорон хоёроор дуусч байгаа нь хар тамхи, хүчирхийлэл гээч нь эцэстээ юунд хүргэдгийг яруу тодоор харуулав. Манай улсын хувьд гэвэл хар тамхины наймаа болоод үүнийг хэрэглэгчид хэдийнэ тохилог сайхан үүрээ засчихаад чимээ амиагүйхэн урган төлжсөөр байна. Саяхан гэхэд л манай дипломатчид их хэмжээний хар тамхи Монголд оруулж ирээд баригдлаа. Энэ байдал олон удаа давтагдсан болохоор л ингэж их хэмжээгээр зоригтой бөгөөд саадгүй оруулж ирсэн байж таарна. Тиймдээ ч өмнө нь хагас тонн хар тамхи Монгол руу зөөвөрлөж байсан нь илчлэгдлээ шүү дээ. Манай хүмүүсийн хар тамхины хэрэглээ ч тоймоо алдсан болох нь жилд шүүхээр шийтгэгдэж буй хар тамхитай холбоотой зуу гаруй хэрэг явдлаас тодорхой байна. Цаана нь илчлэгдээгүй хичнээн хүн байгааг бүү мэд. Үнэндээ монголчуудыг МАНАН мэтийн хогийн улс төрөөр хийрхэж, хоорондоо талцан хэрэлдэж байх хойгуур ихэнх залуучууд маань хар тамхинд чимээ амиагүйхэн идэгдэж дууслаа. Хагас тонн хар тамхи гэдэг бол гуравхан сая хүн амтай манай улсад маш өндөр хэрэглээ. Мэдэгдээд байгаа нь л хагас тонн болохоос биш мэдэгдэлгүйгээр хичнээн тонн орж ирсэнийг бид бас мэдэхгүй. Одоо харин “Пабло Эскобар”-аас санаа аваад манай хууль цагдаагийнхан дорвитойхон хөдлөх цаг болжээ.
Дашрамд өгүүлэхэд хар тамхины зартай наймаачин Пабло яагаад ийнхүү дэлхий дахинд зард гарчихав гэвээс ердөө л “Ялтан шилжүүлэх гэрээ” гээчтэй холбоотой. Учир нь Колумб улсын ихэнх албан тушаалтнууд авилгалд идэгдсэн, хуулийнхан болоод зарим улс төрчид хэдийнэ Паблогийн гар хөл болчихсон учраас Колумб улсад түүнийг болоод хамсаатнуудыг нь шоронд суулгах нь таван одтой зочид буудалд тансаглуулсантай л адилхан. Тиймээс хар тамхины наймаачдаа хүчрэхээ байсан Колумбийн засгийн газар “Ялтан шилжүүлэх гэрээ” хэмээх ядарсан арга хэрэглэж зартай гэмт хэрэгтнүүдээ Америк руу цөлж санаагаа амраахаар шийджээ. Колумбийн төрийн албан тушаалтнууд ингэж доройтон ялзарч ирсэн нь ерээд оноос өнөөг хүртэл Монголын улс төрд өрнөж ирсэн үйл явдлуудтай дэндүү төстэй. Учир нь манай улс төрчид болоод цагдаа, шүүх, прокурорынхон хэдийнэ “Шударга бусын хонгил” гээчийг барьж байгуулаад яг л 1980-аад оны Колумб шиг ялзарч гүйцсэн. Манай том том олигархиуд болоод оффшорчид сүр бадруулан баривчлагдаад мөрдөнд хэдхэн хоног суусан болоод л шоронгийн эмнэлэгээр дамжаад наранд гараад чимээ тасардаг болсон. Жишээ нь С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Дорлигжав гээд тоочиход л хангалттай.
Уг нь манайх болдогсон бол 1980-аад оны ядарсан Колумб шиг “Ялтан шилжүүлэх гэрээ” гээчийг яг одоо л хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлмээр байгаа юм. Гэхдээ гэмт хэрэг, авилгалаар дүүрсэн ОХУ бол хэрэггүй. Харин Хятад улстай хамтарч “Ялтан шилжүүлэх гэрээ” гээчийг хэрэгжүүлэх юм бол манай нэр бүхий олигархиуд хэдийнэ Хятадад баривчлагдаж очоод цаазлуулах юмуу насаараа шоронд хоригдох ял сонсох нь тодорхой. Энэ бол задарсан олигархиудаа шоронд хатаачихаж чаддаггүй ядарсан Монгол улсад яг тохирох арга юм. Даанч ингэж болохгүй нь гачлантай. Тэглээ ч “Пабло Эскобар” олон ангит кино манай задарсан улс төрчдөд маш том сануулга өгсөн гэж бодож байна.
2000-гаад оны босгон дээр Монголд казиногийн хэрэг дэгдээд, хуулийнхан хэрхэн шийдэхээ мэдэхгүй дүлэгнэж суух үед Монголын үндэсний телевизээр Холливудын “Казино” хэмээх зэвүүн кино гарч байлаа. Тэгтэл уг кино манай нийгэмд “Үзэгдэл” болж, нөгөө шийдэгдэхгүй байсан казиногийн хэрэг явдал тун ядах юмгүй нааштайгаар шийдэгдчихэж билээ. Үүн шиг “Пабло Эскобар” олон ангит кино Монголын төрийг олон жил зайдагнаж, тохуурхаж, сөхрүүлж, авилгадаж, дарамталж, эрхэндээ оруулж ирсэн зарим нэг задарсан олигархиуд болоод оффшорчдод томоохон “Үзэгдэл” боллоо.
Б.Ойдов
Эх сурвалж: Zuv.mn
Сэтгэгдэл