Юм уг нь их энгийн. “Сайн харилцаа” гэдэг хамтран ашигтай, харилцан урагшлахыг л хэлэх байх. Хүн хоорондын ч, улс хоорондын харилцаанд ч энэ зарчим үйлчлэх ёстой болов уу. Тэгвэл Монгол, Турк хоёр улсын хувьд байдал сүүлийн жилүүдэд арай өөрөөр өрнөх боллоо. Тэдний амласан 350 сая ам.долларыг монголчууд хүлээх маягтай, тэд Монгол дахь хувийн хэвшилтэй “заамдалцах” маягтай л өдөр хоногууд үргэлжилж байна. За энэ ч яахав гэхэд ерөнхийдөө л манай хоёр улсын нэр холбогдсон мэдээллүүд сөрөг талдаа жин дарах боллоо. Өнгөрсөн жилийн бараг яг өдийд Монголд хууль ёсны дагуу амьдарч байсан Турк улсын иргэн Вейсел Акчайг манай нутаг дэвсгэрээс хууль бусаар хулгайлах гэсэн оролдлого гарч шуугисан бол энэ онд ч бас нам жим байсангүй ээ.
Уг нь энэ жил бол Монгол, Турк хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой. Энэхүү түүхэн ойн нээлтийн арга хэмжээнүүд ч хоёр улсад эхлээд явж байгаа байх. Монголд лав эхэлчихсэн. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд турк зураач Акын Экижигийн “Амьдрал хэмээх аяллын түүхээс” үзэсгэлэн яг одоо дэлгэгдэж байгаа. Гэтэл тэнд байдал арай өөрөөр эргэлээ. Туркийн Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын хоёр ажилтан 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагджээ. 70 гр биш, бүр 70 кг шүү дээ. Учир мэдэх хүмүүсийн хэлэхээр ийм хэмжээний хар тамхины асуудал мафийн сүлжээтэй яалт ч үгүй холбогддог гэх. Хүн хулгайлах, хар тамхи зөөвөрлөх зэрэг бол мафийн оролцоотой л хийгддэг зүйлс гэдгийг твиттерээр дүүрэн жиргэцгээж байна. Үүнийг баталж чадахгүй ч эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байгаа нь Монгол төрийн алтан аргамжны бодлого алдагджээ.
Дипломат албаныхан гэдэг дэлхийд Монголыг төлөөлж байгаа хүмүүс. Бүгдийг нь хамруулаагүй ч ихэвчлэн улстөрчид, албан тушаалтнуудын тавиулууд, УИХ-ын гишүүдийн шахааны хүмүүс энэ албанд томилогдох болоод удсан. Хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдоод буй Ерөнхий консулын ажилтан Б.Баттүшиг нь Дээд шүүхийн шүүгч асны хүүхэд бол жолооч С.Эрдэнэбаяр нь хоёр ч сайдын жолоочоор ажиллаж байсан хүн аж.Гэтэл энэ мэдээллүүд ил болохын өмнө хурандаа Б.Билэгт, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн нарын хүүхдүүдийн тухай ч мэдээлэл гарч байсан. Хэдийгээр энэ нь ташаа мэдээлэл боловч хоёр хурандаагийн хүүхэд Турк дэх Ерөнхий консулын газар ажилладаг нь бол ил тод боллоо.
Эндээс нэг л дүгнэлт гарч байгаа нь улстөрчид, албан тушаалтнууд л дипломат албанд хүмүүсээ “чихдэг” байх нь. Тэд нь ч мэргэжлийн ёс зүй гэдгээ хойш тавьж, улс орныхоо нэрийг ч үл харгалзан хууль бус үйлдлүүдэд холбогдох болжээ. Байс гээд л хууль бусаар тамхи зөөсөн хэргийн тухай мэдээлэл сонсогддог байсан бол одоо бүр хар тамхи зөөвөрлөж яваад баригдаж байх жишээтэй. Хамгийн ноцтой нь, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр ийм хэрэг гарчихаад байхад Турк дэх Элчин сайд Р.Болд энд ирээд томоохон албан тушаалд, Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь Элчин сайд болж дэвших талаар яриа Монголд өрнөж байх юм. Уг нь тэд бол нэг хүний засаглалтай, дэлхий нийтэд дарангуйллын жишээ болон яригдаж байгаа улсад эх орноо төлөөлж суугаа хүмүүс учраас хамгийн хариуцлагатай байх ёстой байв. Гэвч алдаа гаргачихлаа, тэгсэн хэрнээ ахиад суудал дэвшинэ гэсэн мэдээллүүд сошиалаар хөвөрч явах аж.
Монгол, Туркийн 50 жилийн ойд барьсан 70 кг “бэлэг” цаашаа юу болж өрнөхийг харж л байя даа.
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл