Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2016 болон 2017 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж, өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.
Уг дүгнэлтэд дурдсанаар, Монгол Улсын стратегийн орд газруудыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилготой “Эрдэнэс Монгол” ХХК 2016-2018 онд 41 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бие даасан хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг онцолжээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс хөндлөнгийн үнэлгээ хийсэнд олзуурхаж байна. Хөндлөнгийн үнэлгээ учир гарсан дүгнэлтэд санал нийлэх, нийлэхгүй зүйл байна. “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн орд газруудыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Засгийн газраас баримталж буй стратегийн орд газруудыг “Эрдэнэс Монгол” ХХК-д төвлөрүүлэх бодлогын хүрээнд он гарснаар Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Салхит болон Багануурын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлээд байна. Цаашид дээрх ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд ажиллана. “Эрдэнэс Монгол” компани уул уурхайгаас гадна түүнийг дагасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж байна” гэлээ.
Үүний дараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд иргэний нийгмийн байгууллага болон олон улсын шинжээчдэд компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, сонирхсон асуутад хариулав.
Сэтгэгдэл