Хавтаст хэрэг: Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын холбогдсон хэрэг


 

Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглсан хэмээн хоёр асуудлаар 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцсан хэргийн талаар бид дэлгэрүүлэн хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г болон өөрийн хүү Б.Чулуудайнартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр "Зуншин”, "Сайрам булган”, "Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлйин 3.1 дэх хэсгийг зөрчиж 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр уг түншлэлийг бус өөрийн хүү Б.Чулуудайн гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг, дээрх төслийг хэрэгжүүлэх боловсон хүчин, туршлага, техник хэрэгсэлгүй "Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, "Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд нэг ч орон сууцны барилга бариагүй байхад 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулж, улмаар гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ, мөн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг байгуулан нийслэлийн төсөвт 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Мөн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гантулгатай бүлэглэн түүнд нөлөөлсөнөөр "Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг барих төслийн ажлыг санхүүжүүлэх зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр "Хөгжлийн банк” болон "ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон 35,500,000 ам.долларын зээлээс гэрээний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зээлийн зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт "Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэж, мөн Монгол Улсын Ерөнхий сайд болон "ТОСК” ТӨҮГ-ын захиралтай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний 4.7-д "Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 4.10-д "Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно”, 5.2-т "Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэж заасан хууль болон гэрээгээр заасан эрх, үүргээ зөрчин ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр "ТОСК” ТӨҮГ-ын "Голомт” банк дахь 2205048203 дугаарын данснаас "Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн "Хаан” банк дахь 5038010168 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000,000 төгрөг, мөн тускомпанийн "Голомт” банк дахь 8140000167 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000,000 төгрөг, нийт 9,000,000,000 төгрөгийг ямар нэгэн хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлж, улмаар "Бэрэн групп” ХХК-иас өөрийн төрсөн хүү Б.Чулуудайн "Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн "Төрийн” банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3,500,000,000 төгрөг, нийт 5,500,000,000 төгрөгийг шилжүүлэн авч "ТОСК” ТӨҮГ-т 5,500,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Түүний энэ үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Харин Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайд "Гранд лайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн эцэг болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр "Зуншин”, "Сайрам булган”, "Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад уг түншлэлийг бус өөрийн гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг дээрх төсөл хэрэгжүүлэх боловсон хүчин, туршлага, техник хэрэгсэлгүй "Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар батламжлуулсан. "Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд нэг ч орон сууцны барилга барилгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг зөрчиж 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан, улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01-2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ 33/2014 дугаартай 980,000,000 төгрөгиин үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулаптын газартай байгуулан Нийслэлийн төсөвт онц их хэмжээний хохирол буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Б.Чулуудайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Аав хүү хоёр өдгөө дээрх хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд тэд дундаа гурван өмгөөлөгч авсан байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд хэргийг хянаж байсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөнд буцаах шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм. Ингэснээр 60 хавтаст энэ хэрэг мөрдөн байцаалтад хянан хэлэлцэгдэж байгаа болно.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.