С.Амарсайхан: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл саналаа нэгтгэн оруулах шаардлагатай


С.Амарсайхан: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл саналаа нэгтгэн оруулах шаардлагатай

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үндсэн хуулийн IV зүйлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба хийв. Энэ үеэр Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг онцолсон юм. Тус заалтад хот, тосгоны зааг, ялгааг тодорхой болгосныг тэрбээр дурдлаа. Мөн бүх шатны ИТХ-ын чиг үүргийн давхардал, ажлын уялдааг зохицуулах зорилгоор тусгаад буй сум, дүүргийн ИТХ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлэх саналыг дурдсан. Эл саналыг УИХ-ын эхний хэлэлцүүлгээр дэмжээгүй хэдий ч хэлэлцүүлгийн төсөлд байгаа заалт ажээ.  Мөн уг өөрчлөлтөд бүх шатны Засаг дарга нарыг сонгох, томилохтой холбоотой заалт тусгасан бөгөөд ингэхдээ сум, дүүргийн Засаг даргыг иргэдээсээ сонгохоор тусгаад байгааг тэрбээр танилцуулгадаа онцолсон. Танилцуулга, мэдээллийг сонсоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан санал хэлсэн. Тэрбээр  “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, ямар статустай ажиллах хийгээд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг баталгаажуулах, сонгох томилохтой холбоотой асуудлыг бид сайн ярилцах ёстой. Хэдийгээр Үндсэн хуульд “Нийслэл бол эдийн засаг, нийгмийн тусгай цогцолбор мөн” гэсэн заалт байдаг ч эдийн засаг, эрх зүйн талаасаа дутмаг, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Тиймээс оновчтой саналуудыг УИХ-д хүргүүлэх хэрэгтэй. Дүүргийн төлөөлөгчдөөс нийслэлийн төлөөлөгчдийг бүрдүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэлцүүлгийн эхэнд “НИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, хэдий хугацаанд бүрэн эрх нь хэрэгжиж, ямар хугацаанд ажиллах вэ гэдэг болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааг баталгаажуулах нэр дэвшүүлэх, сонгох, томилохтой холбогдуулан ямар саналууд байж болох вэ гэдгийг өнөөдөр бид сайн ярилцах ёстой. Нийслэл бол эдийн засаг, нийгмийн тусгай цогцолбор мөн. Нутаг дэвсгэр дээрээ хуулиар тусгайлан заагаагүй бол эдийн засаг, нийгмийн асуудал, хүн амын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрахтай холбоотой дэг журмыг тогтоож хэрэгжүүлнэ гэдгийг одоогийн Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Орон нутгийн эрх барих дээд байгууллага орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулах ажлууд дээр тэр болгон эдийн засаг, эрх зүйн талаасаа тодорхой явж ирсэн зүйл дутмаг байдаг. Аливаа асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой дүрэм журам гаргаад хэрэгжүүлээд явах гэхээр бусад хуулиар хязгаарлагддаг. Бид үүнийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой зааж өгөхөөр ажиллаж байгаа. Мөн бусад холбоотой хуулиа уялдуулж зөв зүйтэй заалтуудыг Үндсэн хуульд оруулахын тулд саналаа нэгтгэн оруулах зайлшгүй шаардлагатай” гэв.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд аймаг, хот, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн газар санал гаргасны дагуу УИХ батална гэсэн нь маш зөв асуудал” гэв. Харин сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгочихоод, огцорсон нөхцөлд дээд шатны Засаг дарга нь шууд томилохоор тусгасан нь өрөөсгөл заалт гэлээ.

Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгын хувьд Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай асуудал анхнаасаа буруу байсан гэв. Энэ талаараа “УИХ-д өргөн барихын өмнө ард түмнээр хэлэлцүүлэх ёстой байтал хэлэлцүүлээгүй. Зөвлөлдөх уулзалт танилцуулаад түүнийгээ иргэдээр хэлэлцүүлсэн гээд байгаа нь учир дутагдалтай” гэсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч ч бас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө анхнаасаа буруу өргөн барьсан гэлээ. Харин хотуудын хилийн цэсийг өөрчлөх асуудлыг өмнө нь тухайн шатны ИТХ-ын саналыг үндэслэн УИХ хэлэлцэж шийдвэрлэдэг байсныг Засгийн газрын саналыг үндэслэхээр оруулж өгсөн нь дэвшил болжээ гэж тэрбээр үзэж байгаагаа хэлсэн. Харин зарчмын хувьд Үндсэн хуулийн IV бүлэг нутгийн удирдлагын тогтолцоог хэвээр үлдээх ёстой гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийн хувьд Үндсэн хуулийн  хэлэлцүүлгийг УИХ хэлэлцэхдээ засаглалын түвшний асуудалд илүү анхаарч, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг төдийлэн анхаарахгүй, хавсралт маягаар хэлэлцээд байна гэж үзэж буйгаа хэлсэн. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын статусыг тодорхой тусгах, дагуул хот, хаяа хот, бүсийн төв хотуудыг бий болгох талд анхаарах гэх мэт асуудлууд чухал байгааг хэлж байв. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатарын зүгээс Үндсэн хуулийн дордсон гэх долоон өөрчлөлтийг хэвэнд нь оруулах ёстой гэсэн юм. Харин IV бүлэг буюу орон нутгийн удирдлагатай холбоотой бүлэгт “гар хүрэх” шаардлагагүй гэдэг саналыг хэлж байв. Учир нь тэрбээр 1992 онд үндсэн хуулийг батлах бүрэлдэхүүнд орж ажилласан бөгөөд тухайн үед эл бүлгийг нухацтай зөвшилцсөн хэмээн үзэж буйгаа хэлсэн.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга сум, дүүрэг, хороод гээд орон нутаг хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан болж байгаа гээд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэллээ. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулиа нэгэнт л өөрчилж байгаа учраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг нарийн тусгаж өгөх нь зүйтэй гэсэн юм. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохоор тусгасан хэрнээ нийслэлийн ИТХ-ыг дүүргээс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдүүлэхээр заасан нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэн. Хэрэв УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог ч мөн нэмэх ёстой гэсэн санал хэллээ. 

Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн УИХ-аас гаргасан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.