Монгол улсын зэвсэгт хүчний баг уралдааны өмнөх бэлтгэлдээ орлоо
Уралдаан албан ёсоор наймдугаар сарын 3-8-ны өдөр явагдах бөгөөд тэр хүртэлх хугацаанд бэлтгэл сургуулилтыг гүйцэтгэнэ. Өнөөдөр ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг ахлагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг богино зайн маршийн үеэр гүйцэтгэх дасгалуудад дадлага хийлээ. Тасаг гараанаас гараад 3.1 км замыг явганаар, 4.1 км замыг морьтой туулж, маршрутын дагуух байрлах цэгүүдэд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэв. Тухайлбал, морины давхилт дунд гранат шидэж, саадын зурвас туулж, тактикийн ажиллагаа гүйцэтгэж, буудлагын дасгал хийсэн юм. Энэ үед багийн ахлагч Ч.Мөнхтүшиг тамирчдад нэг бүрчлэн анхаарах асуудлыг өөрийн үйлдлээр тайлбарлав. Ялангуяа морины давхилт дунд гранат шидэхдээ морины хурдыг сааруулах болоод түр зогсолт хийж болохгүй. Мөн хурдан давхихад гранат шидэхэд хүндрэлтэй байдаг зэрэг заавар зөвлөмжийг өглөө. Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид маргааш буудлагын дасгал боловсруулах ажээ.
ОХУ-ын цэргийн алба хаагчид буудлагын дасгал гүйцэтгэв
"Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор ирсэн ОХУ-ын цэргийн алба хаагчид уралдааны өмнөх бэлтгэл сургуулилтаа буудлагын дасгалаар эхлүүллээ. Оролцогч орны багууд уралдааны дүрэм ёсоор нээлт хүртэлх хугацаанд бэлтгэл хийх бөгөөд алсын болон ойрын зайн маршийн бүх дасгалд сургуулилт явуулна. Тус багийнхан маргааш алсын зайн морин маршийн товч маршрутаар бэлтгэл хийх ажээ.
Анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа энэхүү олон улсын тэмцээнд найман орон оролцохоос Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, АНУ, БНХАУ, Зимбабве, Вьетнам улс ажиглагчаар оролцох юм.
Казахстаны баг алсын зайн маршийн бэлтгэл сургуулилт хийлээ
Харин Казахстан улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өнөөдөр алсын зайн маршийн товчилсон маршрутаар дасгал сургуулилт хийлээ. Оролцогч орнууд 130 гаруй км-ын алсын зайн марш болон 30 гаруй км-ын богинын зайн маршид уралдах бөгөөд уралдаанаас өмнө энэ чиглэлийн дасгал сургуулилтыг 10 орчим хоногийн хугацаанд явуулж байгаа юм. Тэр дагуу Казахстан улсын баг тамирчид өнөөдөр алсын зайн маршийн үеэр гүйцэтгэх дасгалуудад ажиллаж, туршлага хуримтлууллаа.
Киргизийн тамирчид морьд арчлах, уналгад бэлтгэх сургуулилтад хамрагдлаа
"Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролцох Киргиз улсын цэргийн алба хаагчид өнөөдөр морьд арчлах, уналгад бэлтгэх дасгал сургуулилтыг гүйцэтгэлээ. "Аравт” уралдаанаар дөрвөн орны цэргийн алба хаагчид алсын болон ойрын зайн маршид уралдах бөгөөд энэ үеэр гүйцэтгэх нэг даалгаврын нэг нь морь бугуйлдаж, уналгад бэлтгэх юм.
Дашрамд дуулгахад, "Аравт” уралдаан нь бэлтгэлийн, алсын зайны морин маршийн, богино зайны холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттай явагдана. Нэгдүгээр шат нь тэмцээндээ бэлтгэх үе шат бөгөөд оролцогч орны баг тамирчдыг хүлээн авч байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар танилцуулах, энэ чиглэлийн сургалтууд явуулах, уралдааны бэлтгэлийг хангуулах, морьтой дадлага сургалт хийх, уралдааны маршрутыг баг тамирчдад танилцуулах юм.
Хоёрдугаар шатанд алсын зайны морин марш зохион байгуулагдана. Энэ шатанд уралдаанаар оролцогч орны цэргийн алба хаагчид уул, ой мод, гол ус, элс, бартаа саад бүхий 130 км замыг маршрутын дагуу туулна. Гэхдээ зүгээр туулаад өнгөрөхгүй, замдаа цэрэг хүний гүйцэтгэх ёстой дөрвөн даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд усан болон минажуулсан талбайг туулах, морь бугуйлдах, уналгад бэлтгэх даалгавар, бартаа саад бүхий газарт хоноглох даалгавар, эцэст нь шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах даалгав зэрэг багтана. Усан саадаар урсгал ширүүн гол туулж, минатай саадыг давах бол морь сэлгэх даалгавраар адуун сүргээс морь бугуйлдаж уналгад бэлдэх юм.
Харин гуравдугаар шат болох ойрын зайны холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар 3.1 км, морьтой 4.1 км замыг туулахдаа мөн маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгаврыг гүйцэтгэн барианд орохоор уралдааны дүрэмд заажээ. Төгсгөлд нь тэмцээний дүнг нэгтгэж, уралдаанд амжилт үзүүлсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслол болох юм. Уралдааны бэлтгэл явцад Монгол Улсын зан заншил, түүх, соёл уламжлалыг сурталчлах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах хүрээнд бэсрэг наадам, соёл урлаг болон спортын өдөрлөг, "Адуучин” тэмцээн зэрэг олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар "Аравт”-ын арын албаныхан ажиллаж байна.
"Аравт” олон улсын морин цэргийн уралдааны бэлтгэл шатанд цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах, Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, адууны өв соёлыг сурталчлах хүрээнд соёл урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна. Үүний нэг нь уралдаанд оролцогч дөрвөн орны цэргийн алба хаагчдад зориулсан урлагийн тоглолт юм. Ирэх өдрүүдэд "Бэсрэг наадам", ЦДБЭЧ-ын тоглолт, гар бөмбөгийн тэмцээн, "Адуучин" морин үзүүлбэр, "Монгол дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн болон уралдаанд оролцогч орнуудын соёлын өдөрлөг болно.
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
Сэтгэгдэл