“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран 2006, 2007, 2016 онуудад хамтран зохион байгуулсан бөгөөд 2019 онд дөрөв дэх удаагаа 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
"Хааны эрэлд-2019"-г зохион байгуулагчид өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн Монгол талын удирдагч, ЗХЖШ-ын АУГ-ын хэлтсийн дарга хурандаа Ч.Цогтжаргал, Энэтхэг-Номхон далай дах АНУ-ын удирдагч, Тэнгисийн явган цэргийн командлалын хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан хурандаа Wayne Bodine, АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн удирдагч Scott Weide нар оролцлоо.
Энэ удаагийн энхийг дэмжих олон улсын сургуульд 38 орны 1700 гаруй алба хаагч оролцох аж. Тус энхийг бэлтгэл сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршино гэлээ. Мөн түүнчлэн олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулах юм.
Тус сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, нээлт, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
Бүгд Найрамдах Бенин улс, Бүгд Найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс, зэрэг 7 улс анх удаагаа тус олон улсын сургуульд оролцох аж.
Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг дэмжих үйлсэд бодитойгоор оролцож, дэлхийн булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн хамтран ажилладгаар харж болно. 17 дах удаагаа болж буй энэхүү олон улсын сургууль нь анх явагдсан мөчөөсөө эхлэн бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай болсон болсоор байгаа юм. Энэхүү сургууль нь цаашлаад бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.
Хурлын үеэр ноён Scott Weide хэлэхдээ “Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих сургалт бол энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цэрэг алба хаагчид руу хандсан сургалтыг зохион байгуулахад чиглэгдэж байна.Тиймээс хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой нийцэхгүй чраас зохион байгуулж буй талууд ярилцаад энэ удаад иргэд рүү чиглэсэн тусламж үйлчилгээний ажиллагаа явагдахгүй болсон. Мөн хоёр дах шалтгаан нь Энэтхэг-Номхон далайн командлалын цэргийн алба хаагчид маш завгүй байгаа. Тэгэхээр цаг хугацаа бага үед бүх зүйлийг хамтад нь зохион байгуулах боломжгүй юм” гэлээ. Мөн хурандаа Wayne Bodine хэлэхдээ “Би өмнө нь Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэж байлаа. Тухайн үед “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургууль явагддаг төдийгүй цэргийн алба хаагчийн ажиллагааг сайжруулах, ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэд хэдэн үүргийг давхар гүйцэтгэж байсан” гэлээ.
Дашрамд дурдахад “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлт маргааш Тавантолгойн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.
Сэтгэгдэл