ТҮЦ-ийн түргэн хоолноос хордсоор байх уу


ТҮЦ-ийн бизнес гараагаа эхэлсэн цагаас нэлээд хэл ам дагуулах болсон.

Нэг хэсэг газрын маргаан үүсгэж зөвшөөрөлгүй газар түргэн үйлчилгээний цэг байршуулах тохиолдол гарч байсан. Тухайн асуудлыг нийслэлийн Газрын алба хэлэлцэж түргэн үйлчилгээний цэгийг хаа дуртай газраа байгуулах явдлыг цэгцэлж журамтай болгосон байдаг. Гэтэл нэг асуудлыг намжаатал асуудал хөвөрсөөр. 

Учир нь ТҮЦ-т гарал үүсэл нь тодорхойгүй, үйлдвэрлэсэн он cap өдөр байхгүй, хадгалах горим зөрчигдсөн түргэн хоол хүнсийг хараа хяналтгүй худалдаалсаар олон жилийн нүүрийг үзжээ. Эцэстээ олон хүний эрүүл мэнд, амь насанд нь ч аюул учруулах хэмжээнд хүрч байна. 

Хэдийгээр ТҮЦ-ээр олон хүн амь амьдралаа залгуулж байгаа ч нөгөө талаараа олон хүнийг хохироож бай-гаа юм. Тухайлбал, ТҮЦ-ээс долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдсэн байдаг. Үүний дараа дахин 45 хүн хордсон. Эдгээр хүмүүсийн гурав нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ч биеийн байдал нь сайжирч энгийн тасаг руу шилжсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж буй юм. 

Хордлогод орсон иргэд Тэнгис кино театр, Хүүхдийн урлан бүтээх төв болон Багшийн дээд, Бөхийн өргөөний автобусны буудлын ойролцоох ТҮЦ-үүдээс хиам, өндөгтэй талхыг авч идсэн байна. Хамгийн олон хүн хордож эмчлүүлж олны сонорт хүрч ил тод болсон анхны тохиолдол нь энэ байх.

Харин нууц далд хэлбэрээр хэчнээн хүн хордож эмчлүүлж байсныг таашгүй. Олон хүнийг сэхээнд ортол хордуулсан хиам өндөгтэй талхыг Баянзүрх дүүргийн VI хорооны иргэн Т, Т нар “Гэрэлт” СӨХ-ны байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоосон байна. Ийн олон хүн хордож эрүүл мэндээрээ хохирсны эцэст нийслэлийн Мэргэж-лийн хяналтын газраас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. 

Шалгалтын явцад ТҮЦ-т худалдаалагдаж байсан 127 ширхэг хавчуургатай талхыг хураан авч устгажээ. Энэ нь нэг ТҮЦ-ээс ч биш хэд хэдэн газраас уг бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн хордлогод орсон байгаа юм.

Томоохон гэгдэх Нарантуул, Бөмбөгөр, Хар-хорин зэрэг захуудаар ч кимбаб, өндөгтэй талх зэр-гийг худалдаалдаг байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ТҮЦ-үүдээр тараагдсан 157 бүтээгдэхүүнийг хураан авч, устгалд оруулж, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний чанар стандартын хяналтын байцаагч Х.Чимгээ “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь төлөвлөгөөт хяналт шалгалт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт, хяналт шинжилгээ гэсэн шалгалтууд бий. Мөн иргэний өргөдөл гомдлоор гэнэтийн шалгалт хийдэг.

Нийт 6,507 хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-д хяналт шалгалт 270 нь зах худалдааны төвүүд хамрагдаж, 88 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс 200 дээж авч лабораторид шинжилгээнд хамруулсан. Үүнээс хадгалалтын горим зөрчигдсөн, чанарын шаардлага хангаагүй, муудсан 84 нэр төрлийн 2,454 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан” гэв.

Зөрчилтэй байгууллагуудад хурлын шийдвэрээ гаргаад томоохон зах худалдааны төвүүдэд гар дээрээс ил задгай худалдаа эрхэлж буйг таслан зогсоох, мөн үүрэг зөвлөмж хүргэснийг биелүүлэх үүрэг даалгавар өгч ажилласан хэмээн онцолсон юм.

Ямартай ч “Ниргэсэн хойно нь хашхирна” гэдэг шиг олон хүн хордсоны дараа мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг эхлүүллээ. Энэ нь ТҮЦ-ийн үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүний чанарын асуудалд хяналт тавих ёстой мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийхгүй байна уу гэх хардлагыг төрүүлж байна. Яагаад олон хүн хавчуургатай талханд хордоход хүрэв гээд асуудал мундахгүй.

Эрсдлээс бид урьдчилан сэргийлэх боломж байсаар байтал дуугүй харж суусаар олон хүнийг хордууллаа. Дан ганц хавчуургатай талх гэлтгүй кимбаб, хиам өндөгтэй талх, бургер, гээд ТҮЦ-т зарахгүй хоол хүнс гэж алга. Харамсалтай нь, хараа хяналтгүй нөхцөл байдал нь тэднийг өөгшүүлэв үү.

НИЙСЛЭЛД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ 1,100 ТҮЦ БАЙНА

Ийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд хоол хүнсний бүтээгдэхүүн бэлтгэж байсан иргэдийг хуульд зааснаар 50-300 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу дээрх иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан аж.

Харин нийслэлд тав алхаад 4-5 ТҮЦ байна. Ингээд бодоход ТҮЦ-ийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдээд байгаа нь илт. Харин эдгээр ТҮЦ-үүд зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэлж байгаагаар “Хүнсний тухай хуулиар бол үйл ажиллагаа явуулах тухайгаа Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл энэ хуулийн хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөл аваагүй 1,100 ТҮЦ байгаа аж.

ТҮЦ-ийн стандартын тухайд хүнсний мухлаг 20-40 метр квадрат байх ёстой байтал ихэнх ТҮЦ-үүд ID-15 метр квадрат талбайтай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид чөлөөтэй орж гарах нөхцөл бүрдээгүй цаашлаад тоног төхөөрөмж байршуулах зай талбай байхгүй гээд стандартаасаа зөрүүтэй байгаа нь энэ аж. ТҮЦ гэх томьёог тодотгосон төдий.

Үнэндээ ТҮЦ-ийн үйл ажиллагааг тодорхойлсон стандарт журам манай улсад хангалтгүй байна. Стандарт, журам байхгүйгээс үүдэн гарах хамгийн наад захын хохирол бол түргэн хоол бэлэн бүтээгдэхүүнээс хордох тохиолдол газар авч байгаа юм.

Ямартай ч наймдугаар сарын 15-наас эхлэн ТҮЦ-т түргэн хоол заруулахгүй байх журам гаргах аж. ТҮЦ-т түргэн хоол битгий хэл хүнсний бүтээгдэхүүн ч худалдаалах хууль байдаггүй байна.

Өнгөрөгч 2018 онд 13 мянга 799 ТҮЦ нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан гэх тоон мэдээлэл байна. Стандарт, журам хангалтгүй байгаагаас зөвшөөрөл авалгүй, хаа дуртай газраа ТҮЦ байршуулна, хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн зарна, насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдана, ТҮЦ-ээ тойруулж бие засна, гадаа нь хог хөглөрсөн байхад цэвэрлэчих сэтгэлгүй байна.

Үүнээс үүдэн нийтийн эрх ашиг хохирч байгаа юм. Хэн, ямар бизнес эрхэлж аж амьдралаа залгуулах нь хувь хүний эрх боловч хууль, журам зөрчөөд үйл ажиллагаа явуулах нь бизнесийн эрх чөлөө биш. Энэ байдал удаан үргэлжилбэл ТҮЦ-т зарж буй бүтээгдэхүүнээс дахиад олон хүн хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирохыг үгүйсгэхгүй. ТҮЦ эрхлэгчдийн 90 орчим хувь нь хууль тогтоомжийг ямар нэгэн байдлаар зөрчсөнийг холбогдох байгууллагаас тогтоодог.

Харин илэрсэн зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүй гэнэ. Тэд эрүүл ахуйн стандартад нийцүүлэн иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр үйл ажиллагаа явуулах учиртай. Хууль хяналтын байгууллагаас зөрчил дутагдлаа арилгах талаар удаа дараа шаардлага тавьдаг ч өнөөдөр ТҮЦ-ийн эмх замбараагүй, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй ойр орчноо цэвэрлэдэггүй байдал ноёрхсоор байна.

Хэдийгээр олон мянган хүн ТҮЦ-ийн худалдаа үйлчилгээ эрхэлж амьдралаа залгуулж байгаа ч амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц хүнс худалдаалахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Цаашлаад ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хууль, Хүнсний тухай хуулийг зөрчдөг гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Цаашлаад ТҮЦ эрхлэгчдийн дийлэнх буюу 80-90 хувь нь цаг хэтрүүлэн ажилладаг гээд зөрчил нэлээд бий. Тиймээс холбогдох байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж хяналттай болгоход хатуу анхаараач.

Б.ОЮУНЖАРГАЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.