АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулсантай холбоотойгоор алтны ханш сүүлийн хоёр өдөр тогтворгүй байна. Уржигдар шөнө 20 ам.доллараар унаж 1427 ам.доллараас 1405-д хүрсэн. Тэгвэл шөнийн дотор өсөж, одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр алтны ханш 1432 болоод байна. Өөрөөр хэлбэл, анх унасан ханшаасаа 30 орчим ам.доллараар өслөө.
Алтны ханшийн талаар Эдийн засгийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “2015 оноос хойш бодлогын хүү 8 удаа өсгөж 0.25 хувиас 2.5 хувь хүртэл өсгөөд байсан АНУ-ын Холбооны нөөцийн банк өнөөдөр Улаанбаатарын цагаар 02.00 цагт ээлжит хурлын шийдвэрээ зарлалаа. Энэ удаад нөөцийн банк хүүг 0.25 хувиар бууруулж 2.25 хувьд хүргэснээр алтны ханшид 20 ам.долларын уналтыг авчирлаа. Холбооны нөөцийн банк нь оны эхэнд хүүг өсгөх тухай мэдэгдэж байсан бол эхний хагаст хүү бууруулах эсэхийг ажиглаж, хүлээцтэй байна гэсэн мэдэгдсэний дараа ийнхүү хүүг бууруулж байна. Богино хугацаанд алтны ханш 1360-1380 хүртэл буурах магадлал өндөр байгаа бөгөөд эргээд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан өсөх чиглэлд орох магадлал өндөр байна” гэсэн юм.
Алтны ханшийг энэ онд 1500 ам.доллар хүрнэ гэж ОУВС-гийн шинжээчид тооцоод буй.
Сэтгэгдэл