Эрх баригчдад өнөөдөр амлалт, мөрийн хөтөлбөрөө нэгд нэгэнгүй хянаж, бүтээн байгуулалтаа бүртгэж, ашиглалтад оруулахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байх үе. Хаана л бүтээн байгуулалт өрнөж байна, хаана юунаас болоод гацаж байгаа зэргийг шалгаж, асуудлыг шуурхай шийдээд, шийдээд явдаг үе. Басхүү иргэдийн амьжиргаанд анхаарч, эдийн засгийг сэргээдэггүй юм гэхэд өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байхад анхаарч, өрхийн хэрэглээг ерөнхий индексээр хянаж, наанадаж, мах, гурилын үнэ ханшийг бууруулж чадахгүй юм гэхэд нэмэхгүй байхад анхаарч ажиллах үе.
Атал өнөөдөр дэлхийн зах зээлд, тэр дундаа шатахуун импортлогч хойд хөршид шатахууны үнэ буурч, энэ хэрээр манай улсад ч буурдаггүй юм гэхэд нэмэгдэхээргүй байгаа. Ашигт малтмал, газрын тосны удирлагууд шатахууны үнийг долдугаар сард дахин 50 төгрөгөөр бууруулах боломжтоай гэж хоёр сар орчмын өмнө мэдээлж байсан. Ямартай ч өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг дахин буурлаа сонсоогүй. Харин ч эсрэгээрээ мах, гурилын үнэ нэмэгдсээр ирсэн. Шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг бичигдээгүй хууль манай үйлчилдэг. Нэгэнтээ, ачаа тээвэрлэлтийн зардал нэмэгдэхээр бараа таваарын ханш нэмэгдэхээс аргагүй. Харин дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байхад манайд өргөн хэрэглээний барааны ханш өссөөр байгаа гаж тогтолцоо өнөөдөр үйлчилсээр байна.
Ханш нь тэнгэрт хадаад бгаа махны үнийг буурууллаа гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан наадмын өмнө мэдээлсэн. Гэвч монголын хууль гурав хоног гэгчээр сайдын хэлсэн үг салхинд хийсч, маргаашнаас нь л махны үнэ дахин нэмэгдсээр, өнөөдрийг хүртэл буурахгүй, буурна гэдэгт ч итгэхэд бэрх болоолд байна. Гэхдээ энэ нэмэгдсэн үнэ малчдын амьдралд эергээр нөлөөлж, амьжиргаанд нь нэмэр болж байвал аштай юу. Гэвч мал, мах өндөр үнээр борлогдоод, бидний амьдралд дэмтэй байна гэж малчдын амнаас л сонсогдоогүй. Харин урьдын адил цөөн хэдэн ченжийн халаасыг түнтийлгээд гэсэн хардлага бий. Тэр дундаа мах экспортлох компаниуд малчны хотноос бус ченжийн гараас нөөцийн махыг бэлтгэсэн нь тодорхой болсон.
Ирэх намраас гурилын үнэ нэмэгдэх сураг дуулдана лээ. Тэгээд ч талх, нарийн боовны үнэ 50, 100 төгрөгөөр үл ялиг нэмэгдсээр нэг л мэдэхэд хэдэн жилийн өмнөхөөс 500, 1000 төгрөгөөр давсан байх юм. Хэдхэн жилийн өмнө 1200 төгрөг байсан талхны үнэ өнөөдөр 1500 төгрөгт хүрээд байгаа.
Дөрвөн жилийн өмнө амьжиргааны түвшин доогуур өрх хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо хүүхдийн мөнгөөрөө сарын хүнсээ авахад хүрэлцэхгүй, цаашлаад амьжиргааны түвшин доогуур өрхөд олгодог хүнсний талоноор авдаг бараа ч жилээс жилд хумигдсаар байгаа гэдэг юм билээ. Арга ч үгүй биз, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөөр худалдан авалтын хэмжээ ч буурна.
Эрх баригчид эдийн засгийн санхүүгийн хямралд орж, дефольт зарлах гэж байсныг бид сэргээсэн гэж чанга дуугаар хэлдэг. Гэвч эрх баригчдийн өсгөсөн таван хувь өрхийн амьжиргаанд мэдрэгдээгүй, цалин, тэтгэвэр нэмлээ ч нөлөөлөөгүй. Учир нь эдийн засгийн өсөлт, цалин тэтгэвэрийн нэмэлтээс үл хамаараад өргөн хэрэглээний барааны үнэ ханш алгуур өссөөр ирсэн.
Өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, эдийн засгийн үзүүлэлт дээшилснээс бус эрх баригчид хуруугаа ч хөдөлгөөгүй гэж экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн чин үнэн үг шүү.
Харин өнгөрсөн хугацаанд эрх баригчид Засгийн газраа хоёронтаа байгуулж, УИХ-ын даргыг чөлөөлж, томилж, салбарын сайдыг хэдэнтээ огцруулж, дараагийн томилгоог шуурхай хийж, хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг нийгмийн шаардлагаар чөлөөлж, нөхөн сонгуулийг зарласан ч явуулахгүй цаг хожиж чадлаа.
Цаашлаад энэ парламентын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан тэрбум тэрбумаар нь зээл авсан нь илэрч, зөвшөөрөл өгч, гарын үсэг зурсан салбарын сайдыг огцруулсан нэр зүүгээд асуудлыг чимээгүй орхисон. Шалгагдаж байгаа уг хэргийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ЖДХҮС-гаас гурван хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэй өсгөж, банк бус санхүүгийн байгууллага, ломбард ажиллуулсан гурван гишүүн байгаа"-г онцоллоо. Тэгвэл энэ гурван эрхмийн ард агаар нэгэн 37 эрхэм бий.
Саяхнаас МХЕГ-ын Газрын дарга нарын авлига авсан бичлэг цацагдаж, бие, ажлын байр, гэрээс нь нийтдээ нэг тэрбум төгрөгийн авлигын мөнгө илэрсэнээс 10 мянган ам.доллар оймсноос нь гарсныг тэр бичлэгээс бид түмнээрээ харсан. Тэрбум төгрөгийн авлигын хэргийг 40 сая төгрөгөөр торгож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан юм билээ.
Олон нийтэд бичлэг цацагдсантай зэрэгцээд УИХ-ын дарга авлига, албан тушаалын хэргийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байгаа. Гэхдээ энэ нь нэр төдий ажиллаж, хуулийг эргэж үйлчлүүлэхгүйгээр, цаг хугацаа хожсон үйлдэл гэж олон нийт харж байгаа.
Дараагийн сонгуулийн жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хүлээлт нэгэнтээ арилсныг эрх баригчид эрхбиш тааварлаж байгаа биз. Ийнхүү эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар анх “ардын” тодотголыг өөрсдөдөө оноож байсан бол өнөөдөр авлигын Засаг гэж ард түмэн цоллох боллоо. Ардын намын үед авлига ч газар авч, ард иргэдийн амьжиргаа улам доройтлоо. Авлигыг цэцэглүүлснээ эдийн засгийг сэргээсэн гэж эндүүрэх нь том алдаа. Хүссэн ч, эс хүссэн ч тойрон хүрээлэгчидтэй хамт ваакумжилтаасаа гарч, хөрсөн дээр бууж, ард иргэдийн амьдралыг мэдрэх сонгуулийн цикль ойртож л байна.
Н.Энхбат
Эх сурвалж: shuud.mn
Сэтгэгдэл