Яг ийм үг, утга агуулгатай хууль манайхаас өөр оронд байдаг болов уу, яадаг бол. Үндсэн хуулиа хуулсан шигээ магадгүй "Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг бас хуулбарласан л байлгүй дээ. Тиймээс л хөрсөн дээр бууж чадахгүй, "тэр дээр” туг дарцаг шиг хийсч байдаг ч байж мэдэх юм.
Өнөөдөр энэхүү хуулийг төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудад хэрэглэж байна. Гэхдээ "хангалтгүй”. Уг нь төрийн албаныханд гэхээсээ гишүүдэд, сайд нарт, УИХ-д нэр дэвшихээр горлигчдод энэхүү хуулийг мөрдүүлмээр. Ойрын өдрүүдэд тэдний "ашиг сонирхлын зөрчил” хэрээс хэтэрлээ. Бараг л дөрвөн жил бие биенээ үзэж чадахгүй, арсалдаж явсан тэд өнөөдөр эвсэж, нэгдэж, урваж шарвацгааж байна. Энэ бүгдийн ард мэдээж ашиг сонирхол л бий.
АН-ыг, түүний Засгийн газрыг мөнхөд буруутгаж явсан "босоо” хочид С.Ганбаатар тохироо хийж "хэвтээд өглөө”. Ерөнхий сайд ч олон улсын хурал чуулганыг нээх үедээ "босоо ганбаа хэвтлээ” гэж зориудаар хэлсэн нь харагдаад байгаа юм. Ард түмний хайр хүндлэлийг нэгэн цаг хүлээж, бахархал болж явсан хүмүүс өнөөдөр ашиг сонирхлынхоо дагуу итгэл үнэмшил, үзэл баримтлалаасаа "хэнэгч үгүй” буцацгааж байна.
Нэг намын дор, нэг эвслийн дор ам тангараг өргөж, УИХ-д сонгогдсон атлаа "одоо хэрэггүй болсоон” гээд л шууд хаяад явж байгаа энэ үзэгдлийг ашиг сонирхлын зөрчил гэхгүй бол өөр юу зөрчил гэж нэрлэх вэ.
Авлигатай тэмцэх газарт хийх ажил мундахгүй л байх. Гэхдээ л нүдэн дээр чинь хууль зөрчиж, улаан цайм "тохироо хийгдсэн” гээд л яриад яваад байхад шалгаж, бүр болдоггүй юм бол анхааруулга өгч болно доо. Хэтэрч байна. Итгэл алдарч байна. Хэн бидний төлөө шударгаар, чин үнэнчээр ажиллаж чадах вэ. Өчигдөрхөн улаан туг өргөж байсан нэгэн өнөөдөр цэнхэр тугийг дор жагсаж, түмнийхээ нүднээс дальджин явна. Маргааш тэрээр ногоон туг өргөх үү, цагаан туг өргөж, эрхий хуруугаа гозоолгох нь уу би лав таашгүй.
Сэтгэгдэл