Манай улсын спикер их айхавтар хүн л дээ. Тиймдээ ч тэрбээр хэрхэн, яаж уснаас хуурай гарахаа мэднэ. Барагтаа л асуудалд орж, орооцолдоод байдаггүй. Энэ удаад ч тэрбээр тун ноцтой асуудлаас цэвэрхэн мултарч амжив. Гэхдээ түүний энэхүү айхавтар зангийн золиосонд УИХ-ын туршлагатай, цөөн хэдэн хуульчийн нэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өртөх нь тэр. Хуульч гишүүнээр хууль зөрчүүлнэ гэдэг айхавтар хүний шинж мөн биз. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын нэгдсэн чуулганаар бүтэн зунжин дуншиж, араасаа олон янзын шүүмжлэл дагуулсан Өршөөлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх байв.
Харин энэ үеэр Зи дарга урд хөршид болох Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцож таарав. Тааруулав ч гэж хэлж болох. "Төдний үеэр гадагшаа явна, түүний араар энэ хуулийг ингэ, тэднийх завсарлага авч таарна, өг” гэх яриа эрх баригч намын хэдэн даргын дунд өрнөсөн ч байж магадгүй гэх хардлагын үүднээс ийн бичиж байгаа юм. Үгүй гэх нь ээ хэн хүнээс илүү хуулиа мэддэг, эцэг хуулийг барилцсан эрхэм Р.Гончигдорж гишүүн хоёр ч хуулийн зөрчил үүсгээд эвсэлд завсарлага өгөх учиргүй байлтай.
Тэгээд ч Өршөөлийн хууль, түүний нэмэлт, өөрчлөлт хоёрыг өөр хууль хэмээн тайлбарлаж "Ийм ялгаатай учраас хоёр өөр хууль гэж үзээд хурал даргалагч эвсэлд завсарлага өгсөн байх” хэмээн өөрсдийнхөө эрх ашигт тааруулан хууль тайлбарлаж байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Т.Бакей гишүүн шиг мэлзэх шалтгаан Р.Гончигдорж даргад баймааргүйсэн. Нэг хуулиар аль нэг бүлэг нэг л удаа завсарлага авах учиртай гэсэн Дэгийн хуулийг дээр хэлсэнчлэн Өршөөлийн хууль, нэмэлт, өөрчлөлт хоёр нь тусдаа гэж ашиг сонирхолдоо нийцүүлэн гуйвуулаад гүрийгээд байж болох ч мөн л Дэгийн хуулийн дагуу аливаа асуудлаар завсарлага авахад тухайн бүлгийн дарга юмуу дэд дарга нь л авах ёстой гэсэн заалтыг Р.Гончигдорж мэдэхгүй бол өөр хэнийг мэд гэх юм бэ. Тэгээд ч АН-ынхан цаг нарыг яг тааруулж байгаа юм.
УИХ-ын дарга өмнө нь "Шударга ёс”-ынхонд Өршөөлийн хуулиар завсарлага өгчихсөн учраас ингэж Р.Гончигоо гишүүнээр "могой бариуллаа”. Ерөөсөө энэ процессыг харахаар энэ хоёр хүний аль альных нь ашиг сонирхол нэг цэгт мөргөлдсөн учраас нэг нь уснаас хуурай гарч, нөгөө нь аль эртнээс ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ ил тодоор зарлаж, "Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах ёсгүй” гэж байсандаа хүрч, "Шударга бус”-ынханд шударга бусаар завсарлага өгчихөв. Р.Гончигдорж даргын ашиг сонирхол Өршөөлийн хуульд шингэсний ганцхан жишээ нь тэрбээр нүдэнд нь дурайтал харагдаж байгаа хуулийн зүйл, заалтыг нүдэн балай, чихэн дүлий зөрчиж, эвсэлд завсарлага өгснөөр хэрэг нь дууссан.
Өөрөөр хэлбэл, тэрбээр Д.Тэрбишдагвыг завсарлага авъя гэхтэй зэрэгцэн дуун дээр нь алх цохисоныхоо дараа спикерийн суудлаас буусан нь хэргээ бүтээгээд буцаж байгаа хүний шинж гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ. УИХ-ын даргыг орлож үлдсэн тэрбээр ганц хүний эрх ашгийн үүднээс эрх чөлөөгөө хасуулсан 7000-аад хүнийг донсолгож орхисон Өршөөлийн хуулийг хууль зөрчин гацаасныхаа дараа улс орны амин чухал асуудал болсон Төсөв хэлэлцэх болохоор УИХ-ын дэд дарга М.Энхболдод суудлаа шилжүүлчихээд яваад өгөх жишээтэй. Аргагүй зохион байгуулалттай ажиллагаа байгаа биз. Ингэж Зи дарга Р.Гончигдоржоор "могой бариулж”, Гончигоо дарга хэдхэн хоног ч болов ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх нь тэр.
Харин энэ хооронд хор найруулах ажиллагаа өрнөнө гэдгийг УИХ-ын гишүүдийн цөөнгүй хэсэг нь хэлж байгаа. Угаасаа ч олны үг оргүй байдаггүй. Тийм ч учраас Өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцэх гэж үзээд барахгүй болохоороо хуулийн зөрчил үүсгэн байж завсарлага авч байгаа эвслийнхэнд авлига, албан тушаалтнуудыг өршөөж, даргыгаа "цэвэрлэж” авах ганц л зорилго бий. Тийм учраас өнөөдөр ч гишүүдэд нөлөөлөх ажиллагаа шаргал ордонд өрнөж байгаа нь баараггүй.
М.Өлзий
unen.mn
Сэтгэгдэл