Ерөнхий сайд аа, ард түмэн баялгаасаа хэзээ зөвөөр хүртэж эхлэх бол. Өнгөрөгч 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн цөөнгүй лицензийг цуцаллаа.Мэдээж лиценз эзэмшигчдийн хувьд хөрөнгө оруулалтын хохирлоо шүүхээр тогтооолгох, барагдуулах, дампуурлаа зарлах зэрэг арга замууд үлдсэн биз. Харин үйл ажиллагааг нь зогсоосон өнөөх хөндүүлж, ухуулсан уул уурхайн талбайнуудаа хэрхэн хамгаалах вэ. Хэзээ хэрхэн байгалиа сэргээх вэ зэрэг асуудлыг салбар яам, орон нутгийн удирдлагууд шийдвэрлэх үү. Тэд гэвч асуудлаа цэгцэлж чадах уу.
Өмнө нь буюу 2012 онд улсын хэмжээнд нинжа нарт сүйтгэгдээгүй үлдсэн ганц аймаг болох Завханыг зорих орон нутгийн иргэдийн хөлийг хэн ч “тушаад” бараагүй гэдгийг санах л ёстой. Тухайн үед “МАК” ХХК-ийн хайгуулчид Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт алтны судал илрүүлсэн тухайгаа нууцалж чадалгүй, задалсан байдаг. Түүний балгаар ганцхан жилийн хугацаанд Дөрвөлжин, Ургамал сумын нутгийг дамнасан газар сүйдсэн.Түүнчлэн 1500 гаруй нинжа нутгийн 20-30 орчим км газрыг сүйтгэж, эцэст нь Завхан аймгийн Цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн Ерөнхий газрын баг бүрэлдэхүүн тараасанбайдаг.Цагдаагийн байгууллагаас тэр үед “нинжа” гэх тодотголтой эдгээр бүлэг хүмүүс улам бүр нарийн зохион байгуулалтад орж, мафийн шинжтэй болчихсон байна.Тэд Монголд байхгүй өндөр хүчин чадалтай металл хайгч, сансрын холбоо ашиглаж байна. Унадаг унаа нь “Ланд 200”, “Лексус 570”. Ядарсан нинжа л “Ланд-80” унадаг болж. Алтаар хөлжсөн нинжа нарын эдэлж хэрэглэж байгаа хэрэгсэл үнэхээр өндөр түвшнийх. 20 саяын металл хайгч хэрэглэх нь энгийн зүйл. Муухан геологичоос дээр тоноглогдсон байна. Унасан машинаа сансрын холбоогоор тоноглодог учраас Монгол орны хаанаас ч мэдээлэл хүлээж авах боломжтой. Ямар сайндаа Улаанбаатар хот, Завхан аймгаас цагдаагийн хүч гарах өдрийг сумын удирдлагуудаас түрүүлж мэдсэн байсан” хэмээж байсан. Түүнээс хойш дахиад 8 жил өнгөрсөн ч иргэдийн амьдрал төдийлэн сайжраагүй. Харин мөнгө төлсөн хэний ч төлөө, юу ч хийхээс буцаахааргүй болсон. Тоног, төхөөрөмжийн хувьд ч “төгөлдөржсөн”.
Дээрх байдал дахин давтагдахгүй гэх баталгаа үгүй. Тэр байтугай лиценз цуцалсныг нь дуулгаж, уурхайдын үйл ажиллагааг зогсоомогц л орон нутгийн иргэд “нинжа” болж ордууд руу дайрч орж байгаа талаарх цацагдсан. Гэвч тэгсхийгээд чимээгүй болсон. Мөн Тост, тосон бумбаа хамгаалахаар хэдэн зуун км-ын холоос нийслэлд ирж, Төрийн ордонд үгээ хэлж, уйлж зогссон хүдэр эр хүртэл өмнө нь өөрөө ч “нинжа” байсан нь илэрхий болсон. Бодит байдал дээр уул уурхайн салбараа зөв хөгжүүлээгүй, зөвхөн шуналд хөтлөгдөж байсан нь саяхны лицензүүд хүчингүй болгосон шийдвэрээс харагдаж байгаа.
Тодруулбал, уул уурхайгаас ашиг олох сонирхолтой “нинжа”, уул уурхайн том, бага аж ахуйн нэгжүүд, олон нийтэд таалагдаж гэж элдэв тушаал, шийдвэр гаргасан албан тушаалтнуудын л тэмцэл болоод байх шиг. Аж ахуйн нэгжүүдээ хөөгөөд хуулиар далайлгаад явуулж болно. Харин хэдэн зуугаар айлсаж буугаад ар хударгаар нь алт олборлохыг хичээх “нинжа” нараа хэрхэх вэ. Орон нутаг дахь цагдаа, байгаль орчны байцаагч нар нь байнгы ухсан нүхээ хамгаалж, нинжа нартай тэмцэх хэрэг үү.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл