Дээрх хувилбараар "Сентерра гоулд”-тай зөвшилцөлд хүрч асуудлыг шийдэхээр хэлэлцэх үед төв талбайд 100 бөө зэрэг бөөлж, ордны гадна 13 хоног өлсгөлөн зарлаж "амь биеэ үл хайхран Гацууртын орд, Ноён уулаа хамгаална” гэж цээжээ дэлдэж байсан "Босоо хөх монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдан тэргүүтэй нөхөд одоо хаачив. 1850 гаруй нинжа өдөр шөнөгүй олзонд шунаж, тааралдсан дуртай газраа ухаж сэндийчэж байхад үүнийг анхаарах, хамгаалах сөхөө үнэндээ алга. 70 тонн алтны нөөцтэй тус ордыг хуулийн дагуу ашиглаж, төр засаг иргэд нь түүнээсээ хувиа хүртээд явахгүйгээр нинжа нарын гарт сэглүүлээд дуусах нь эцэстээ хэнд ашигтай вэ. Нэг таамаг байна. Ийнхүү учраа ололцохгүй "уралцаж” байх хойгуур "Сентерра гоулд” компанийн санхүүжилт 120 орчим сая ам.доллараар буурсан болохыг салбарын сайд нь мэдээлсэн удаатай. Тодруулан хэлэхэд тус компанийн анхны санхүүжилтийг 350 сая ам.доллар байна гэж байсныг өнгөрсөн хугацааны "шоу”-ны дүнд 230 сая ам.доллар болгон бууруулжээ.
Тус орд газрыг нинжа нарын гарт сөнөөгдөж, монголчууд бид ямар ч хувь хүртэхгүйгээр алтаа алдах нь гэсэн өнгөц ойлголтыг төрүүлж ар хударгаар нь тус компани санхүүжилтийнхээ хэмжээг багагүй хувиар бууруулаад авах башир санаа байсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм.
Тун удахгүй өргөн барихаар зэхэж буй Гацууртын ордыг ашиглах хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэхээс дээрх хадлагын хариу тодрох болов уу.
М.БОЛОР
Сэтгэгдэл