Төрийн мөнгөөр төрөл арилжсан “хүүхдүүд”


Төрөөс төрсөн "төрбумтан”-уудын идэж, уух нь дуусаагүй бололтой.Ардчилсан намын нөхдүүд 2012 оны УИХ сонгуульд арай чүү гэж олонхи болсныхоо дараа Монгол Улсыг хувааж идэх, хямдхан арга сэдсэн нь бонд. "Чингис”, "Самурай” бонд гаргаж овоо хэдэн төгрөг олж ирснийг нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн хүүтэйгээ, зөвлөхтэйгөө, тойрон хүрээлэгчидтэйгээ нийлж юм үзээгүй хүний зангаар "тоншчихсон”. Ерөнхий сайд асны "хүчит” хүргэн төрийн мөнгөнд гараа гүнзгий дүрсний гороо өнөөдөр амсаж явна.Гэтэл АН-ын ах нар хашраагүй бололтой төрийн мөнгөөр төрөл арилжсан хүүхдүүдээ түмний татварын мөнгөөр бойжуулсан нь багадаад одоо бүр татваргүй бүсэд мөнгө нууж тоглож байх шиг. Сийрүүлбэл, Хотын дарга хүүгийнхээ "Гранд лайн”-ыг өөд нь татаж гэр хорооллыг барилгажуулах 14 компанийн нэгээр тодруулж батламжилсан сүүлийн 3 жилд  Үүл дарга ашиг сонирхлын зөрчилтэй төрийн эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтах болсныг гэрчлэх болов. 


Хүүгийнх нь компани барилгын салбарын "топ"-оор шалгарч туршлагатай, итгэл даах, найдвартай гэх мэт томоохон шалгуурт торохгүй тэнцчихсэн нь олон нийтийн эргэлзээг эрхгүй төрүүлж байгаа юм. Угтаа бол хүрзний иш ч барьж, шавар зуурч үзээгүй хүн гэнэтхэн брокэр диллэрийн ажлаа орхиод барилгын салбар руу халтирчихсан нь хар төрүүлдэг ч олны амнаас хэтэрдэггүй, хууль хяналтынхан дүлий дүмбэ царайлж байдаг нь энэмэтчилэн заль нь дэндсэн нөхдүүдийн халаасыг түнтийлгэж байна.

Арга ч үгүй биз. Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа нь төлөвшчихсөн, брокерийн чиглэлийн "Гранд лайн” компанийнхныг гэнэт түүхэн гэгдэх бүтээн байгуулалтад шалгарч шавар зуурч, тоосго өрж орон сууц сүндэрлүүлэх юм гэж хэн санах вэ дээ.

"Эрдэнийн төгөл” хэмээх хотхоныг бүтээн байгуулсан хэмээн өөрийн биеэр мэдээлж байсан Чулуудай дуу бичлэгийн "Сонор рекордс”-ыг 1996 оноос эхлэн ажиллуулсан сүйхээтэй нэгэн.

Тэрбээр 2007 онд Зайсанд газар авч орон сууцны зориулалттай байшин барьж эхэлсэн гэдэг. "Миний бизнесийг аавын ажилтай хутгаад байх юм” хэмээн гомдоллож байсан Чулуудай булавч бултайхын нэрээр гарч аавынхаа буянаар их үйлс бүтээх арын хаалга татав.

Аавынхаа нөмөр буяны хүчинд Чулуудайн тэргүүлдэг "Гранд лайн”-д нийслэлийн хамгийн түрүүнд барилгажих бүрэн боломжтой гэх БЗД-ийн XII дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 15.7 га газар таарсан нь ичмээр ч юм шиг инээдтэй ч юм шиг үйл явдал болж байсан.

Нийслэлийн хамгийн түрүүнд барилгажих боломжтой гэх тодотгол бол зүгээр ч нэг санаандгүй хэлээд байгаа зүйл биш юм. Учир нь Цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой бөгөөд цэвэрлэх байгууламжийг шинээр барина гэдгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулж билээ. Мөн дулааныг нь одоо байгаа "Алтангадас” компанийн уурын зуухыг өргөтгөн барьснаар шийдвэрлэнэ гэж тооцсон нь дулаан, цахилгааны асуудалгүй хэсгийг Үүл дарга хүүгийнхээ компанид зүслэхэд хүрсэн хэмээн хэл амд нилээд өртсөн билээ. Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай аавыгаа хотын дарга болсноос хойш зан ааш, эдэлж хэрэглэж байгаа нь ч эрс хувирч, баячуудын хөвгүүдтэй шөргөөцөлдөх болсон гэх юм билээ.

Гэтэл өдгөө үүгээр түүчээлсэн дахин төлөвлөлтийн ажил төдийгөөс өдийг хүртэл царцаж, байс хийгээд л хэл ам таталж, амны  бай болж байсан аав хүү хоёрын хот хөгжүүлэх ажил нь татваргүй бүсэд мөнгө нууж байсан байна. Тодруулбал, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум амалсан ёсоороо "Panama Papers” буюу Панамаас алдагдсан оффшор компанийн мэдээллүүдийг дэлхий нийтэд задаллаа. Орон орноор нь ангилсан оффшортонгуудын мэдээлэлд Монгол хэмээх ангилал байх бөгөөд үүнд нэлээдгүй хүмүүсийн нэрс нэмэгдэж орлоо. Өмнө нь бидэнд мэдэгдээд байсан С.Баярцогт, Борхүүгийн Дэлгэрсайхан, Янсанжавын Очирсүх нарын оффшортонгууд дээр нэмэгдээд Бат-Үүлийн хүү Чулуудай, Кёкшүюзан Д.Батбаяр, "Петровис”-ын Ж.Оюунгэрэл нарын 30-иад хүний нэрс бичигджээ.Оффшор данстай нөхдүүдийн  нэг гэдэг нь тодорхой болсон Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн талаар мэдээллийг хүргэх нь зөв болов уу. Үүл баатрын хувьд төрсөн хүүгийнхээ оффшор бүсэд нээлгэсэн дансны талаар огт юу ч мэдэхгүй байна гэвэл үнэнээс дэндүү хол зөрөх биз.  Б.Чулуудайгийн хувьд Брокерийн үйл ажиллагаа явуулдаг "Грандлайн” гэх компанийг байгуулж, өдийг хүрэхдээ  чамгүй хэл ам дагуулсан. Нийслэлийн дахин төлөвлөлтийн тендерт ялагчаар тодорсон нь, Хотын даргын хувьд яах аргагүй ашиг сонирхлын зөрчилтэй ойлголтыг нийгэмд төрүүлдэг. Харин Э.Бат-Үүл дарга хүүдээ хир халдаадаггүй бөгөөд дүүргийн иргэд манай хүүгийн компанийг сонгоод байхад би яах билээ дээ гэсэн агуулгатай зүйлийг хэлж яриад сууж байдаг. Б.Чулуудайг бизнесмэн гэдэг утгаар нь хараад оффшор дансыг нь зөвтгөж үзье ээ гэхэд улстөрчийн гэр бүлийн хүмүүс оффшор данстай байх нь ёс зүйгүй үйлдэл болдог олон улсын жишгээс бид гажаад хаачих билээ. Б.Чулуудай оффшор бүсэд данс нээх болсон нь Монголд орж ирээгүй орлого бус Монголд олсон орлогоо л оффшорт нууж байрлуулах гэсэн алхам байхыг үгүйсгэх аргагүй юм л даа.

Э.Бат-Үүл баатрын хувьд хүүгээ томоос том хүн болгох гэсэндээ хамаг байдгаараа дэмждэг байж болох ч гэвч төрийн хүн бол төрийн л хүн шиг байх хэрэгтэй. Э.Бат-Үүл дарга шиг өөрөө шүүгчээр нь суучихаад хүүгийнхээ компанийг тендерт ялагч болгоод байдаг байж болохгүй л байхгүй юу. Үүл баатраас ёс зүй асуухад гэмгүй гэж хэлмээр байна. Б.Чулуудай аавынхаа нөмөр нөөлгөөр тендерийн ялагч болсныхоо дараа удаагүй байхад нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас "Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Гол нь Б.Чулуудай ажлаа хийж чадаагүйд асуудлын гол оршдог юм.  "Грандлайн”-ы хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн газар нэг ч тоосго өрөгдөөгүй суурийг нь  ухсан нүхнээс өөр зүйлгүй 2015 онтой золгож байв. Бүхэл бүтэн 2 жил өнгөрчихөөд байхад шүү дээ. Хэтэрч байгаа юм шүү. Энэ мэтчилэн ардын мөнгөөр барилга барьж тогломооргүй байна,  Чулуудай! Хариуцсан ажлаа олигтой хийгээд явж байсан бол хошуу нэмэх хүн олдохгүй л болов уу.

amjilt.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.