Халх голын тулаанд амь үрэгдсэн Буриадын дайчдад зориулан бүтээсэн хөшөөг Монгол улсад бэлэглэхээр болжээ. Манай улсад бэлэглэх хөшөөнд буриад, орос, монгол гурван дайчныг дүрсэлсэн бөгөөд хөшөөний сууринд 1939 онд Халх голын байлдаанд амиа алдсан Буриадын 398 дайчны нэрийг сийлсэн дурсгалын самбарыг суурилуулжээ. Уг самбарыг шаазан чулуугаар бүрж, металлаар хийсэн георгиевийн туузаар хүрээлсэн байна.
Дурсгалын хөшөөг наймдугаар сарын 23-нд 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол руу хөдөлжээ. Хөшөөг “Рысь” хайгуулын отрядтай хийсэн бэлэглэлийн гэрээний дагуу тус улсын Халх гол сумын “Ялалт” музейд бэлэглэх бөгөөд наймдугаар сарын 30-нд Халх голын ойролцоох Ремизовын өндөрлөгт нээх ажээ. Нээлтийн ёслолд албаны хүмүүс, ахмад дайчид, залуучууд болон олон нийтийн байгууллагууд, уран бүтээлчид оролцох аж.
Мөн “Эцэг өвгөдийн замаар” Халх голын тулаанд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулан зохион байгуулж буй авто цуваа наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-ний хооронд аялах бөгөөд 100 гаруй хүн оролцож байна.
Эх сурвалж: inews.mn
Сэтгэгдэл