Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор ойн баярыг зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа билээ.
Ойн хүрээнд 80 орчим ажил өрнүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулах, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль явуулах гэхчлэн.
Ойн баярт ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцоно. Мөн А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулна. Ойн баярыг зохион байгуулахад зориулж Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгаад байгаа аж. Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөхөн ахмадууд үлдээд байгаа. Харин тэдгээр ахмадууддаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 5 сая төгрөг олгохоор төлөвлөжээ.
Г.Тулга
Эх сурвалж: Zaluu.com
Сэтгэгдэл