Элийрэх ба илэрхийлэх эрх чөлөө


Элийрэл нь төгс гэгээрэл гэж хэлэх нь ч хаашаа юм. Гэгээрэл мөн үү биш үү гэдгийг сэтгэц эсхүл шашин талаас нь онож хэлэх юм даанч надад алга. Харин хууль зүйн хувьд элийрэх нь эрх чөлөө бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ойлголт билээ. Эл эрх чөлөөг иргэн бүр эдлэх боломжтой боловч хэмжээ хязгаарын хүрээнд хэрэглэхгүй бол “гай түйтгэр” тарьж мэдэх зүйл.

Иймээс ч иргэд үзэл бодлоо янз бүрийн аргаар илэрхийлэх боломжтой агаад илэрхийлэх арга хэлбэрт хэмжээ, хязгаар үгүй ч зөвхөн хуулийн хүрээнд уг эрх чөлөөг эдлэх ёстой. Хуулиар үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, ёс суртахуун зэрэг бусад зайлшгүй шалтгаанаар уг эрхийг эдлэхэд тодорхой хязгаарлалт тогтоож болох боловч эл эрхийн мөн чанар, бүрэн цогц, нэгдмэл байдлыг хязгаарлан хөндөх ёсгүй гэсэн шалгуур тавигддаг.

Илэрхийлэх арга, хэлбэр олон янз аа. Илэрхийлэл илрэн гарахдаа үг хэлэх, сонин, сэтгүүл гаргах, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх, цахим орчноор дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлэх, нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулах, нам, олон нийтийн байгууллага үүсгэн байгуулах замаар эвлэлдэн нэгдэх, ажил хаялт зохион байгуулах, өлсгөлөн зарлах зэрэг шинжтэй байж болдог.

Ангилал зүйн үүднээс авч үзэхэд, илэрхийллийн арга гэдэгт амаар, бичгээр, хэвлэлийн болон уран сайхны аргууд багтах бол илэрхийлэх эрхийн хэлбэр гэдэгт улс төрийн мэтгэлцээн, хүний эрхийн хэлэлцүүлэг, сэтгүүл зүй, соёл, уран сайхны илэрхийллүүд хамаардаг байна. Танд дээрх илэрхийллийн арга, хэлбэрүүдээ түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ шаардлага гарч болох юм. Тэгвэл түгээн дэлгэрүүлэх арга, хэрэгсэлд яриа, бичиг, дохионы хэл, дүрс, урлагийн бүтээл гэх мэт аман бус хэлбэр, ном, сонин, товхимол, зурагт хуудас, баннер, хувцас, тэр ч бүү хэл хуулийн дагуу гомдол гаргах зэрэг нь багтана.

Эл эрх чөлөөгөө эдлэгч хүн харин эрүүл саруул, эрх зүйн чадвар, чадамжтай этгээд байх ёстой. Элий балай, мунаг тэнэг нэгэн бол угаас таныг хэн ч, хууль ч тоож авч хэлэлцэхгүй юм. Элийрэх гэдгийг монгол хэлний тайлбар тольд “ухаан хагас дутуу болж балайрах” гэж томьёолжээ. Тэгэхээр таныг “элийрэгч” үү, элийрэх эрх чөлөөгөө эдлэгч үү гэдгийг тодорхойлохын тулд хууль гэхээсээ урьтал болгож сэтгэцийн хувьд асуудалгүй болохыг нь олж тогтоох хэрэгтэй билээ. Тэр болтол мань хүн өөрийгөө би “элийрэгч” ээ, нийгмээс энэ хүн яавч эрүүл биш гээд мянга зүхээд нэмэргүй, эрүүлд тооцогдоно.

Монголд элийрэх эрх чөлөөг төрийн эрх хэмжээний хүрээнд эдлүүлэх гэсэн оролдлого гарах боллоо. Угтаа хүний төрөхөөс олгогдсон үндсэн эрх боловч төрөөс оролцон бантагнуулах гэсэн үйлдэл гаргаж байгаа нь даанч хөөрхийлөлтэй.

Саяхны нэгэн жишээ гэвэл элийрэх эрх чөлөөгөө эдлэгчдийн төлөөлөл эрхэм “Элийрэгч”-ийг торгосон үйлдэл харуулна. Цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хүн бүрт нээлттэй тул хүлээн зөвшөөрөх ёстой. 

Европын парламент 2012 оны цахим эрх чөлөөний стратегиа баталж, “Цахим эрх чөлөө бол хүний салшгүй эрх бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг уламжлалт эрхээ эдлэхэд чухал, хүний суурь эрх” болохыг нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хэлж байгаа чинь таалагдахгүй байна гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө амиа өгөхөд ч бэлэн байна гэсэн Волтерийн мэргэн үгний утга санаа Монгол Улсын шинэ Үндсэн хуульд бүрэн шингэж 16 дугаар зүйлийн 16-д “үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөтэй хэмээн баталгаажуулсан.

Элийрэх эрх чөлөөнд гомдогч маань “хүн” биш байх бөгөөтөл манай эрхэм Ёорк, Еөк, Жонхуугийн хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндэд халдсан гэж “уйлан донгодсон” байх юм. Шар хүний өмнөөс хар хүн гэдэг байсан бол болиод хөндлөнгийн хэн ч биш гуай албан тоотоор гомдлоо мэдүүлдэг болсон цаг үе ирж.

Сонирхуулахад хуучин, манай төрийн байгууллагын нэр төрд халдлаа хэмээн гомдол ирж тэр дагуу нь хэрэг үүсгэсэн хачин гэмээр онигоотой явдал олон биш ч хааяа, хааяа тохиолдож байв. Энэ нэр төр, алдар хүнд гэдэг чинь хувь хүнд байгалиас, олон түмнээс, өөрөө өөртөө өгсөн ойлголт болохоос “байгууллага”-т хамааралгүй асуудал байна хэмээн олон улсын хэм хэмжээнд заасныг баримталсан юмуу бас чиг овоо гайгүй болсон. Одоо шүүх, цагдаад гомдол, нэхэмжлэл гаргаж байгаа зарим нэг тохиолдлыг хараад байх нь манай байгууллагад ажиллагсдын хийсэн бүтээснийг үгүйсгэж нэр төрд халдлаа хэмээн дотор муухайрам “попрох” гэдгийг үзүүлдэг болсон байна лээ.

Элийрэх эрх чөлөөг эрхэмлэж, эдлүүлэх боломжоор нь эрх тэгш хангахын тулд дээрх тохиолдолд дараах хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй.

Ёорк, Еөк, Жонхуу гэсний төлөө нэр төр, алдар хүнд хохирсон эсэх, хохирлоо гэхэд хэдий хэмжээний хохирол учирсан эсэх, ер нь энэ үг өөрөө доромж утгатай эсэх гээд олон эргэлзээг араасаа дагуулж байна. Зарим эргэлзээгээ гаргая гэвэл хэл шинжлэлийн эрдэмтдээс асуу л даа. Хэрхэн үүссэн, хэдий үеэс гаралтай гэдгийг хэлдэггүй юмаа гэхэд доромж утгатай юу, үгүй юу гэдгийг шийдчих байх.

Харин харилцаа холбооны зохицуулах хороонд цахим хаягийг нь хаах саналаа уламжилж байгаа нь төрөөс цензур бий болгож буй хэрэг. Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө хааж байгаа бол цахим эрх чөлөөнд ч халдсан үйлдэл болно.

Ерөнхийлөгчийн нэр төр халдашгүй биш халдаштай байх тухайд. МУҮХ болон Ерөнхийлөгчийн тухай хуулиараа нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй дархан байна гэсэн заалттай. Энэ заалтыг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн авгай яах вэ гэсэн яриа хүртэл гарахад унаа гэдэгт нь хамаарч байгаа юм гэсэн хошин яриа байдаг. Хууль зүйн талаасаа бол Ерөнхийлөгч нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хамгаалуулах зайлшгүй шаардлагатай байх нь мэдээж билээ. Манай үе үеийн ерөнхийлөгчид ч ингэж хамгаалуулж ирсэн.

 

Харин албаа өгөөд оймсоо гозолзуулсан нь бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш тул хуульд бүрэн нийцэхээс гадна олон улсын жишгийг дагасан сайн туршлага билээ. Тэр ч бүү хэл Улсын Их Хурлын гишүүд, бүх шатны шүүгчид ч халдашгүй дархан байх заалттай. Ажил, албыг нь хийлгэхгүй хорьж цагдах, нэгжлэг үзлэг хийх, унаа тэргийг нь зогсоох зэргээр төрөөс халдаад байвал энэхүү албыг цаашид гүйцэхэд бэрх ээ. Ийм ч учраас хууль зүйн шинжлэх ухаанд томьёолон оруулахдаа цаад утга нь төрийн зүгээс аливаа дураар аашлах явдлыг хориглосон заалт болохоос иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, орон байрны хулгайч Ерөнхийлөгчийн өргөө гэрт нь халдах явдал бол цэвэр иргэн хоорондын шинжтэй иргэний харилцаа юм л даа.

Магадгүй ерөнхийлөгчийн орос эхнэр хардахдаа маажаад авах нь ерөнхийлөгчийн биед халдаж МУҮХ, МУЕтХ зөрчсөн үйлдэл биш бөгөөд хартай авгайн үйлдэл ахуйн шинжтэй, эхнэр нөхөр хоёрын харилцаа болно гэдгийг ялгаж салгаж ойлгох ухаан Ерөнхийлөгчийн Тамгын Газрынханд алга, зайлуул.

Процессын нуль алдаатай зүйлсийг засаж, залруулахгүй бол хэрэг алга. Үндсэн хуульд маань нэг ийм зарчим байдаг юм л даа “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй” гэж, мөн шүүхээр гэм буруутайд тооцогдох хүртэл хэн ч гэм буруутайд тооцогдохгүй байх. Ядаж шалгагдаж байгаа хэргээ мэдэх, мэдэх эрхийг нь олго л доо. Дараа нь тайлбар мэдүүлэг өгөх эрхийг нь хангах хэрэгтэй.

Харин элийрэгч эрхмийн ээжид нь шийтгэвэрийн хуудсыг гардуулсан эсэхийг нь мэтгэлцэгч талуудын саналыг үндэслэн шүүх тогтоог гээд нээлттэй үлдээе.

Ерөнхийлөгчийн албыг яах гэж хашиж байгаа вэ? Хаант засаглал, дарангуйллын нийгэмд угаас уул эрх маань хэрэгжих ямар ч боломжгүй байсны түүх гэрчилдэг тул хааны өөдөөс үг сэрвэл хар толгойгүй гэдэг нь болох биз. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн хөгжил XVII зууны хагасаас үүсэлтэй ба анх америкийн үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөд үг хэлэх эрхтэй гэсэн заалт орсноороо албан ёсоор баталгаажсан байдаг.

Харин ардчилсан нийгэмд бол бүрэн утгаараа хэрэгжиж, олон нийтийн үнэнийг мэдэх эрх хангагдах ёстой. Аливаа улс төрч нь өөрөө олон нийтийн шүүмжлэлд хүлээцтэй хандах ёстой бөгөөд үүнийг зөвшөөрсний үндсэн дээр уг албыг хашиж, улс төрч, Ерөнхийлөгч гэдэг нэрийг Ёорк, Еөк, Жонхуутай нь цуг зүүж байгаа билээ. Энэ ойлголт улс төрийн өндөр албан тушаалтнаас ч гадна урлаг соёл, спортын одууд, түүнчлэн тохиолдлоор алдар нэртэй болсон “хэнбугай”-д ч хамаатай ойлголт юм.

Гүтгэсэн, доромжилсон зүйл ангиар гомдол гаргагчдын 1/3 нь улс төрчид байна гэхээр манайд энэ ойлголт хэрэгжих хүртлээ мөн ч хол зай байна даа, хөөрхий!

Элийрэх хэмээх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө иргэн бүр эдлэгтүн! төр засаг эрхэмлэгтүн!

Б.ПҮРЭВСҮРЭН Хуульч, Сэтгүүлч 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.