ЕРӨНХИЙЛӨГЧ ба ХОРИГ


Төрийн тэргүүн бол бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Үндсэн хуулиар олгосон эрхээ улсын Ерөнхийлөгч хангалттай эдэлдэг шигээ үүргээ ч эн тэнцүү гүйцэтгэх учиртай.

Ингэж байж ард түмний эв нэгдлийг хангаж чадна. Харин манай Ерөнхийлөгч энэ үүргээ хэр гүйцэтгэж байгаа бол гэдэг асуулт гарч ирж байна.

Учир юу гэвэл, Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш УИХ-аас гаргасан хуулийн төсөл, тогтоолд ес дөх удаагаа хориг тавилаа.

Улсынхаа Ерөнхийлөгчийг өөрт таалагдахгүй болонгуут заавал санаандаа нийцүүлж байж сэтгэл нь амардаг айлын эрх хүүхэдтэй зүйрлэх нь хаашаа ч юм.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд УИХ-аас гарсан шийдвэрүүдэд хориг тавьж, зарим тохиолдолд тамгын газрын ажилтнууд нь үндэслэлээ буруу тайлбарлаж эрх баригчдын элэг доог болж байсан жишээ ч саяхных.

Лав л өнгөрсөн тавдугаар сард Татварын багц хуульд хориг тавихдаа өмнөх хуулийн заалт, тоо баримт ашигласныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлаж, толгойгоо сэгсэрч гайхширч байв.

Тэгвэл Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт ээлжит хоригоо тавилаа. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт бий.

Гэтэл УИХ Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг тогтоолоор баталсан нь уг хуулийг зөрчсөн байна” гэж үзэж байна. Тиймээс Ерөнхийлөгч тогтоол бус хууль хэлбэрээр баталж ард нийтээр эцэслэн батлуулах нь зүйтэй гэжээ.

Хуульд Ерөнхийлөгч чуулганы үеэр хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавьсан бол 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр заасан.

Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр үлддэг. Ард нийтийн санал асуулга хэдийд, ямар хэмжээний зардлаар явуулахаа шийдээгүй байгаа энэ үед парламент хориг хэлэлцэх ажилтай болов.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа эрчээ авсан энэ үед Төрийн ордон эл хуль байгаа. Үндсэндээ Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, төсвийг шийдчихвэл УИХ-ын ээлжит бус сонгуулийг хамтад нь хийчих вий гэх болгоомжлол зарим гишүүнд бий.

Угаас УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсэг 40 нэлээд гарчихсаныг эх сурвалж баталж байгаа юм. Одоо ердөө хэдхэн гишүүн гарын үсэг зурвал Улсын их хурлыг хугацаанаас нь өмнө тараах төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн болоод буй.

“Зуун ямаанд жаран ухна” гэгчээр Ерөнхийлөгчийн тавьсан өмнөх найман хоригийн нэгийг нь л парламент хүлээж авсан. Тэр нь зарчмын шинжтэй л өөрчлөлт оруулах зүйл байсан юм.

Харин улсын төсөв, томилгоо, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэгт тавьсан хоригийг УИХ хүлээж аваагүй.

Энэ удаагийн хоригийг хуулийн дагуу аравдугаар сард хэлэлцэж эхлэх ч мөн л хүлээж авахгүй болов уу. Хэрэв хоригийг хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуулийн төсөл цааш явахгүй, унах магадлал бий.

Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд тавьсан хоригуудыг тоймлон хүргэе.

2017.10.27

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлж, УИХ-аар томилуулахад Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан хориг байв.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй юм. Ерөнхийлөгчийн есөн хоригийн дөрөв нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хаяглагдаж байсан билээ.

2017.11.02

-Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрд бүхэлд нь хориг тавив.

Энэ үед сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдож, анхны төсвөө батлуулж байсан үе юм. Гэвч 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй билээ.

2017.12.05

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавив. УИХ мөн л энэ хоригийг хүлээж аваагүй.

2018.06.16

-УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын бичиг ирсэн. Энэ дагуу УИХ асуудлыг хэлэлцсэн ч гишүүдээ авч үлдсэн юм.

Уг асуудалд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургаадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47-р тогтоолд хориг тавьсан.

Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан. Гэвч УИХ мөн л хоригийг хүлээж аваагүй.

2018.11.15

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хориг. УИХ хүлээж авахаас татгалзсан.

2019.05.15

Татварын багц хуульд хориг тавихдаа 2006 оны хүчингүй болсон хуулийг ашигласан тухай Сангийн сайд тайлбар хийж байв.

Үүнээс үүдэн олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчийн тамгын газрынхан ажлаа дутуу дулимаг, тооцоо судалгаагүй хийлээ гэх шүүмжлэл гарсан.

Ерөнхийлөгч эдийн засгийн мэдлэггүй байж болох ч түүний багт ажиллаж буй зөвлөх, туслах, шинжээчид ажлаа яг таг мэддэг байх ёстой гэх маргаан ч өрнөж амжсан билээ. УИХ Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээж аваагүй юм.

2019.05.30

Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор холбогдох Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх ёстой.

Ингэхдээ гишүүдийн 66.6 хувь нь буюу гуравны хоёр нь хоригийг хүлээж авсан тохиолдолд хоригийг хүлээж авсанд тооцдог.

2019.06.04

Ерөнхийлөгчийг Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авахаас татгалзах тухай УИХ-ын 51 дүгээр тогтоол тавьсан хориг. (Ерөнхийлөгч хоригоо буцааж татсан)

2019.09.20

Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд тавьсан хориг.

Уг н ь Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зөвшилцөгч. УИХ-аас боловруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй түүний өргөн мэдүүлсэн төслийг нэгтгэсэн.

МАН ч эрх баригч хүчний хувиар уг төслийг нь нэгтгэх, зөвшилцөх ажлыг эхлүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын хэсгийг даргалж, орлогч даргаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон юм.

Энэ бол ердөө нэг cap гаруйн өмнөх шийдвэр. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн улс төрийн байр суурь эрс өөрчлөгдчихжээ.

С.БАТЗАЯА, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.