“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкны ӨАБНУ дахь салбарт барьцаалж 109 сая ам.доллар зээлсэн, үүнийгээ төлөлгүй улсад хохирол учруулаад байгаа юм. Түүнд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш таван жил нэг сар өнгөрчээ.
Харин сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэр бүхий хуульчид “…”Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ” гэсэн мэдээлэл тарах болов. Ш.Батхүү нар ч “…Хөөн хэлэлцэх хугацаа дуучихлаа” гээд найр хийсэн байгаа юм. Тэгвэл энэ хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ оны долдугаар сараас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж “Стандарт” банкинд төлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж хэрэгжүүлсэн. Харин Засгийн газар тэрхүү хохирлыг эргүүлэн төлөхтэй холбогдуулж АТГ-ын битүүмжилсэн Ш.Батхүүгийн нэр дээр байсан 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий 185 ширхэг эд хөрөнгийг нууцаас гаргаж нийтэд зарласан.
Улмаар энэ талаар ажиллагаа хийгдэж, Ш.Батхүү сар гаруйн “…Надад мөнгө төлөөгүй тул миний нэр дээрх хөрөнгүүдийг худалдаж болно” гэсэн бичгийг холбогдох байгууллагуудад өгсөн байдаг. Ингэхээр Ш.Батхүүгийн хэрэг таван жил болохоос нэг сарын өмнө дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл