Монгол Улсын хуулинд захирагддаггүй, хуулийг огт биелүүлдэггүй улсаа хэдэн тэрбумаар нь худалдаж, хувьдаа ашиг хонжоо хайдаг, эрдэг цагаан захтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа нь дэндүү харамсалтай юм. Тэд ял завших нь энгийн үзэгдэл болов.
Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусдыг эдийн засгийн болон сэтгэл санаа эд материалын хохиролд унагаасан албан тушаалтнуудад яагаад хариуцлага хүлээлгэж болдоггүй юм бэ.
Он удаан жил шалгуулсан хэрнээ эрүүгийн хуулиар шийтгүүлдэггүй, хуулийн цоорхойг ашиглаж хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хэрэгсэхгүй болгуулдаг авлига, албан тушаалтны хэрэг үйлдсэн хэнбугайд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг баймаар байна.
Өөрөөр хэлбэл, авлига болоод албан тушаалтны гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэд хүчирхийлсэн, хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдсан хүмүүсийг хатуу шийтгэдэг байя. Тэгэхгүй бол бүр даварч гүйцлээ.
Уг нь тэдэнд өршөөл гэж байх ёсгүй. Тиймээс толгойг нь илдэг, ялаас мулталдаг Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулмаар байна.
Өнөөдөр хэдэн тэрбум төгрөгийн хулгай хийсэн хүн эрх чөлөөтэй явна. Гэтэл хэн нэгний төлөө хилс хэрэгт буруутай этгээдийн өмнөөс хилсээр ял эдэлж байгаа ч үгүйсгэхгүй юм. Ингэж хэтэрхий зөөлөн хандаж болохгүй. Мэдээж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ард түмнийг бол өршөөж болно. Өөрөөр хэлбэл, олон нийтийн үйлддэг хулгай, дээрэм, танхай зэрэг гэмт хэрэгт тохирсон ялыг нь хүлээлгэж, өршөөж болно.
Харин цагаан захтанууд буюу албан тушаалтны үйлддэг гэмт хэргийг өршөөж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай юм. Ийм төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлдэг орон манайхаас өөр байхгүй.
Өнөөдөр цагаан захтнуудын нэг нь л гэхэд хэдэн тэрбумаар яригдах хэмжээний мөнгө завшиж улсыг хохироочихсон, оронд оруулчихсан хэрнээ таван жил хүртэлх л ял авч, зарим нь бүр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлэх, эсвэл хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийн дор гэм зэмгүй, ял шийтгэлгүй зүгээр өнгөрөөд байна.
Дэлхий нийтийн жишгийг хараад байхад албан тушаалын гэмт хэргийг хүнд, бүр онц хүндэд авч үздэг.
Зарим улсад авлигын хэрэгт холбогдсон дарга нараа цаазаар авдаг ялтай байна. Гэвч ардчилсан улс оронд албан тушаалын гэмт хэргийг бүх төрлийн гэмт хэргүүдээс хүндээр авч үздэг.
Өөрөөр хэлбэл, онц хүнд гэмт хэрэгт тооцож 10-аас дээш жилийн ял оноодог хуультай. Ганцхан жишээ дурдахад л, манай нийгмийн ахуй байдалтай ижил төстэй Хятадад л гэхэд албан тушаалын гэмт хэрэгтэнд бүр цаазаар авах ял оноодог.
Ер нь албан тушаалтнууд өөрсдөдөө зориулж хуулийн төсөл санаачилж хууль хэрэгжүүлдэг гэж харж байна. Албан тушаалтнуудад оногдуулах ялыг хөнгөрүүлэх тусмаа улс орны хөгжил сулран доройтдог.
Улс орны хөгжлийн гол түлхүүр болсон хөрөнгө мөнгө, баялгийг хуу хамаад идчихээр улс орон яаж хөгжих вэ дээ. Улмаар ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эдлэх ялыг сулруулж, эсвэл үйлдсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгснөөр манай улсыг дэлхий нийтийн өмнө эвгүй байдалд оруулж байна. Авлига хээл хахууль улам бүр хөгжих бололцоог нээсэн гэж ойлгогдоно.
Албан тушаалын гэмт хэрэгтнүүд баригдахгүй, цаг хожиж явсаар байвал таван жилийн дотор хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихдаг хуулийн заалтыг өөрчлүүлэхээр саяхан хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа.
Авлига албан тушаалтнуудын үйлдсэн хэрэг улсын хөгжилд саад, чөдөр тушаа болж байна. Албан тушаалтнуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор улс эх оронд хэдэн тэрбум тэрбумын хохирол учирна.
О.Гэрэл
Эх сурвалж: Оллоо.mn
Сэтгэгдэл