Монгол улсын эдийн засаг хүнд байна гэж өнөөдөр дээр дооргүй ярьж байна. Харин эдийн засгийг сайжруулна гэж ард түмний итгэлийг авч гарч ирсэн МАН-ынхан нэг их удахгүй нөхцөл байдлыг сайжруулна гэж амлаж байгаа. Гэвч тэдний энэ амлалт бүрэн дүүрэн биелэж чадах эсэх нь туйлын эргэлзээтэй санагдаж байна. Зүгээр хөдөө орон нутагт очоод ард иргэдтэй улзахдаа гоё сайхан юм яриад явах нэг өөр хэрэг, харин хэлсэн ярьсан юмаа биелүүлэх нь шал өөр хэрэг. Харамсалтай нь монголын ард түмэн ийм үг сонссоор байгаад бүүр залхчихаж.
Өмнө нь УИХ-ын дарга М.Энхболд иргэд хөдөлмөрчидтэй уулзахдаа дандаа л гоё сайхан юм ярьж явдаг байсан, АН-ын Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа ч мөн адил бас ингэж хэлж явдаг байсан. Гэхдээ нөхцөл байдлыг ажвал өнөөгийн Засгийн газар Монгол улсын эдийн засгийг ойрын 1-2 жилдээ сайжруулж чадахгүй гэдэг нь бараг тодорхой болчихлоо. Эдийн засгийг сайжруулна гэдэг бол хэн нэг тэнэг хүний хийдэг ажил биш, тэр тусмаа даргын алба хашна гэдэг бол бас ухаан муутай хүмүүсийн хийдэг зүйл бол бүр биш.
Харин өнөөгийн У.Хүрэлсүхийн Засгийн Газрын бүрэлдхүүнийг харвал хөөрхийдөө сайд, дарга хийж чадах л юм байхдаа гэмээр хүмүүс олон байгааг хэлэх юун. Тэдний хэлж ярьж байгааг сонсвол их хачин зүйлүүд харагддаг. Жишээ нь сая Ерөнхий сайд орон нутагт ажлын айлчлал хийн, ард иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг боловсруулж байна гэхийг сонслоо. Гэхдээ яаж гэдгийг тэрээр нарийвчлан тайлбарласангүй.
Өнөөгийн Засгийн газрын авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар зарим эдийн засагчид түрүүчээсээ дуугараад эхэлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэдний хэлэх нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнүүд нь төдийлөн үр дүнтэй биш гэж үзэж байна. Учир нь өнөөдөр төр засагт мөнгө байхгүй бол Засгийн газар нэг бол мөнгө хэвлэнэ, аль эсвэл аль нэг гадны улс орноос мөнгө зээлж таарна. Хамгийн боломжит хувилбар нь дахиад л өнөөх Олон Улсын Валютын Сангаасаа хөрөнгө мөнгө зээлэх хувилбар байж болох ч тэд маш өндөр шалгуур тавьдаг болохоор энэ нь хоосон зүйл болж хувирах магадлал тун их.
Засгийн газар мөнгө хэвлээд унавал Монгол шиг хамаг юмаа ам доллараар арилжаагаа хийдэг улсад эдийн засгийн хямрал улам даамжрах нь гарцаагүй. Мөн МАН-ынханы байнга ярьж явдаг өөр нэг зүйл нь өмнөх сонгуулиар амалсан амлалтаа биелүүлнэ гэж ярьдаг явдал юм. Харин одоогийн УИХ-ын Төсвийн Байнгын хороо болон Засгийн газрын эрхмүүдийн хэлж ярьж байгаагаас харахад тэдний өнөөх амласан амлалт нь дашийн шог болох нь бараг тодорхой болж байх шиг байна. Удахгүй намрын чуулган эхэлнэ. Энэ чуулганаар зөв зүйтэй шийдвэр гараасай гэж олон түмэн хүсэн хүлээж байгаа. Хэрвээ анхнаасаа буруу шийдвэр гаргаад, буруу төсөв батлаад явбал Монгол улс өнөөх Латин Америкт орших алдарт Венесуэль улс шиг болох магадлал тун их бий гэдгийг эдийн засагчид сануулж байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn
Сэтгэгдэл