Мо Батбаяр гэр бүлийнхний хамтаар стратегийн гурвын гурван орд газрыг өмчилжээ


Мо Батбаяр гэр бүлийнхний хамтаар стратегийн гурвын гурван орд газрыг өмчилжээ-Мо Батбаярынхан АН-ыг ашиглаж, ард түмнийг луйвардахаа болимоор юм-


Албан тушаал, авлига хээл хахууль, алт мөнгийг гул барьж, төрийн хууль цаазыг зөрчлөө ч ял гэмгүй үлддэг жишиг манай улс төрд тогтоод удаж байгаа билээ. Тендер, авлига, татвар гээд албан тушаалтнуудын холбогдохгүй хэрэг үгүй боловч ардчилал, нам, сонгууль гэсэн гуравхан хүчин зүйл ял гэмтнийг хэргээс мултлах хөшүүрэг болсоныг нэг бус жишээгээр дурдаж болно. Тэгвэл ардчиллаар гул барьж, намынхаа ивээлээр дураар дургиж байгаа нэгэн эрхэм бол Молекул байгаад ноос ноолуурын хөнгөлөлттэй зээлээс болоод Молиго нэрийг авсан УИХ-ын гишүүн асан, АН-ын өвгөн партизануудын нэг Батж.Батбаяр юм. Бид түрүү түрүүчийн нийтлэлдээ Батж.Батбаяр болон түүний хүүхдүүд нь ерөнхийлөгчийн хайр ивээл, Лу.Болдын дэмжлэгээр Бүрэнхааны фосфоритын ордыг хэрхэн эзэмшиж, төрийн тендер нэрээр 10 гаруй тэрбумыг авчихаад байгаа тухай өгүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр энэ гэр бүл ”Даварсаар даварсаар Дагвын оронд” гэдгийн жишгээр Монголын ард түмний өмч болсон стратегийн гурван том ордын хувь заяаг атгаж сууна.

 

Энд бяцхан тодруулга хийхэд стратегийн орд гэдэг нь социализмын томоохон бүтээн байгуулалт болсон Эрдэнэттэй адил Монгол Улсыг, Монголын ард түмнийг хэдэн арван жилээр тэжээхүйц хэмжээний их баялаг бүхий орд газрыг хэлж байгаа юм. Тэгэхээр Мо Батбаярынхан гурван Эрдэнэттэй дүйх хэмжээний их баялагт дангаараа эзэн суужээ гэсэн үг юм.

 

Үндсэн хуулиар бол Монголын гурван сая иргэний өмч болох энэ их баялгийг нэгхэн гэр бүл дангаар эзэмшиж болно гэж үү? За яахав, иргэн хүн орд газрыг өмчлөх нь хуулиар бол хориотой хэрэг биш. Гагцхүү яаж ашиглаж байна, төр түмэнд хэр их өгөөжтэй байна гэдэгт асуудлын гол учиг байгаа юм. Тиймээс гурван стратегийн ордыг эзэмшсэн Могийнхон тус ордуудыг хэрхэн авсан болон яаж ашиглаж байгааг нягталж үзье. Стратегийн орд 1. Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд Мо Батбаярын хүү Батхишигийн "Талст маргад” ХХК-ийн эзэмшилд байгаа


Хэдэн жилийн турш хэрүүл маргаан дагуулаад байгаа энэ орд газрын лицензүүдийг Мо Батбаярын хүү Б.Батхишгийн "Талст маргад” компани эзэмшиж байгаа. Хөвсгөл нуурын төдийгүй цаашлаад дэлхийн цэвэр усны томоохон нөөц сан болох Байгаль нуурын экосистемд асар их хор уршиг дагуулна гэж үзсэн учраас социализмын үед уг ордыг ашиглаагүй юм. Тэгэхдээ социализмын үед улсаас олон зуун сая төгрөг зарцуулан нөөцийг нь тогтоосон байдаг. Мо Батбаяр энэ лицензүүдийг хүүгийнхээ компанийн нэр дээр авмагцаа зарахаар ихэд мэрийсэн ч бүтэлгүй болсон тул хамтран ашиглах түнш хайсан, МАН-АН-ын зарим томчууд, мөн гадныхныг татан оруулах гэж оролдсон хэмээн улс төрийн хүрээнд яригддаг. Тэдний дотор МАН-ын олигархуудын нэг болох "Бороо гоулд”-ыг барж дууссан Сү.Батболдын нэр ч дуулддаг. Ямартай ч Могийнхон уг орд газрыг зарж үрж хөлжихөөр ихэд мэрийж байх шиг.

 

Учир нь тус орд газар байрлах Хөвсгөл аймгийн иргэд, "Хөвсгөл далайн эзэд” ТББ-ынхан "Талст маргад”-ын эзэмшлийн лицензүүдийг цуцлуулахаар хууль хяналтын байгууллагад хандан нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэл нь шат шатны шүүхээр дамжсаар яваад 2013 онд Дээд шатны шүүхэд очсон байна. Тухайн үед Дээд шүүх "Талст маргад”-ын эзэмшлийн лицензүүдийг цуцлах шийдвэрийг гаргажээ. Хамгийн хачирхалтай нь 2015 онд уг асуудлыг "Талст маргад” ХХК-ийн нэхэмжлэлээр "шинээр үүссэн нөхцөл байдал” гэдэг үндэслэлээр сэргээж, түрүүнд гаргасан шийдвэрээсээ буцаж, "Талст маргад” ХХК-ийн талд шийдвэр гаргав. Гэтэл 2013 онд хуралдсан Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн бараг хэвээрээ, таван шүүгчийн нэг нь л солигдсон байлаа. Тийм атал хоёр өөр ийм шийдвэр гаргах болсоны учир юу вэ?

 

Олон нийт үүнийг Мо Батбаярын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгсөн гэх Марзан Шаравын зурагтай холбон хардаж байна. Дээд шүүх бол ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хамаардаг байгууллага. Тэгвэл зураг аваад ерөнхийлөгч Мо Батбаярын талд шийдвэр гаргуулахаар Дээд шүүхэд нөлөөлсөн үү гэх асуулт нээлттэй хэвээр үлдэж байна.

Стратегийн орд 2. Баянхонгорын Цагаан цахирын алтны орд газар нь Мо Батбаярынхны Спейшл гэдэг компанийн эзэмшилд байна

 

Мо Батбаяр 2008 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихдээ нутгийн иргэд сонгогчдод "Би УИХ-ын гишүүн болбол та нарынхаа ноолуурыг хамгийн өндөр үнээр авна” хэмээн баахан амлалт өгч сонгогдсон билээ. Үнэндээ бол Мо тэр үеэр Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс нэг тэрбумыг "Туул кашемир” компанийхаа нэр дээр түүхий ноолуур цуглуулна гэж авсан байна. Тэгсэн атлаа Баянхонгорчуудаас ноос ноолуурыг нь авалгүй тэр жилдээ малчид иргэд ноолуураа зарж чадахгүй, ихэд хохирсон гэдэг. Харин нөгөө нэг тэрбумыг нь Мо Батбаярын сонгуулийн менежерээр ажиллаж байсан хүү Б.Батбилэг нь сонгуулийн сурталчилгаанд буюу хэвлэл мэдээлэл, 30 жийп машин, онгоц вертолёт зэрэгт цацаад дуусгасан гэх. Энэ мэтээр сонгогдсоныхоо дараа тэрбээр амлалтандаа хүрээгүй төдийгүй тойрог руугаа ч очихоо больсон тул Баянхонгороос дахин нэр дэвших нэр нүүргүй болсон аж. Харин энэ байдал нь бизнест нь огт садаа болоогүй бололтой.

 

Учир нь түүний хүү Б.Баттулгын "Спейшл” компани мөн л стратегийн орд болох Цагаан цахирын алтны орд газрыг эзэмших болсон тухай хэвлэлээр олонтаа бичигдсэн. Энэ орд газрын лицензийг Мо гартаа хэрхэн оруулсан бол гэж медиа архив шүүж үзэхэд, манай эрхэм ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Шударга байя” хэмээнсонгогдчихоод Монгол орон даяар өгөгдсөн байсан олон лицензийг цуцлан шоудаж байх үед Молекул Цагаан цахирын лицензийг гартаа оруулж авсан тухай мэдээлжээ. Ц.Элбэгдоржийг Мо-д энэ ордыг өгсөн гэж бичсэн байна. Үнэн бол арай ч дээ, ерөнхийлөгч өө?  

 

Өнөөдөр уг орд газарт олборлолт ашиглалтын ажил хийгдэж байгаа бөгөөд гадныхан ажиллаж байгаа гэх. Баянхонгор аймаг бол говь-хээр-хангай хосолсон өвөрмөц тогтоц бүхий байгальтай газар. Тиймээс нутгийн иргэд Цагаан цахирын ордыг ашигласнаас байгаль-экологийн сүйрэл дахин нүүрлэх вий, Хонгорын эмгэнэл давтагдах вий хэмээн ихэд эмзэглэж байгаа. Мөн сонгуулиар Мо Батбаярт хулхидуулсандаа хашраад энэ олборлолт нутаг оронд нь ямар ч өгөөжгүй гэдэгт итгэлтэй байна.

 

Тэгвэл юун гадныхан энд ажиллаад байгаа юм бол? Мо уг орд газрыг зарсан уу, эсвэл гадныхантай хамтарсан уу гэдэг нь тодорхойгүй байна.Сураг сонсвол "Бороо гоулд”-ыг цөлмөсөн Сү.Батболдын гадаад түншүүд Мо-той хамтарсан гэх яриа чих дэлслээ. Хэрвээ энэ үнэн бол Монголын 40 тонн алтыг зүгээр л ачаад явсан "Бороо гоулд”-аас санаа авсан Мо Батбаярынхан Цагаан цахирын алтны ордыг ч мөн тэгж ард түмэнд ямар ч өгөөжгүйгээр, төрд татвар төлөхгүйгээр цөлмөх гэж байгаа юм биш биз? Өнөөдөр хуулиар бол энэ стратегийн ордын 51%, эсвэл 34% нь Монголын төрд байх ёстой. Тэгвэл Цагаан цахирын ордын хэдэн хувийг төр мэдэж байгаа вэ гэж асуумаар байна.

 

Стратегийн орд 3.Тавантолгойн орд газрын 14 эзэмшигчийн нэг нь ”Мо” Батбаяр байсан бол одоо хүү Б.Батбилэг нь "Эрдэнэс Тавантолгой” удирдаж байна

 


Монголын томоохон стратегийн орд болох Тавантолгойн орд газрыг 14-хөн этгээд эзэмшиж байсаны нэг нь Мо Батбаяр билээ. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихийн тулд Мо Батбаяр буруу харж уйлж, зөв харж инээсээр Тавантолгойг эзэмшиж байсан "Энержи ресурс” компани дахь эзэмшлийн хувиа зарсан билээ. Чингэхдээ зүгээр ч нэг зараагаагүй төрөөс нөхөн олгвор маягаар хэдэн тэрбум төгрөг авсан гэх.

 

Тавантолгойн ашиглалтын асуудал хүчтэй яригдаж эхлэх үед Тавантолгойг "Энержи ресурс”-т өгөх ёстой хэмээн баруун солгойгүй ухуулж явах болсон ньэнэ орд газарт түүний ашиг сонирхол өнөөдрийг хүртэл байсаар байгааг нотолж байна. Мо Батбаяр нь Тавантолгой дахь ашиг сонирхол, хүсэл шуналаа гээгээгүй гэдгийн өөр нэг нотолгоо бол түүний том хүү Б.Батбилэгтэй холбоотой. Мо Батбаярыг Тавантолгойн эзэмшлийн хувиа буцаасны дараахан тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд Б.Батбилэгийг "Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит компанид ажилд оруулсан гэдэг. Эндээс үзэхэд Сү.Батболд Мо Батбаяр хоёрбизнесийн ашиг сонирхлоор багагүй холбоотой нь харагдаж байна. Өнөөдөр Б.Батбилэг нь "Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод ажиллаж байгаа. Эцэг нь Тавантолгойн хувь эзэмшигч байсан байхад хүүд нь төрийн өмчит компанийг хариуцуулан өгч болох уу? Үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо гэхгүй гэж үү?

 

Тэгээд ч Батбилэгийн хувьд гадаадад суралцан бизнесийн чиглэлээр бакалавр болсон, улс орны хэмжээний томоохон компани удирдах ажил мэргэжлийн туршлага гэх юмгүй нэгэн.Батбилэг нь томоохон төрийн өмчит компанийг удирдах нь битгий хэл томчуудын хүүхдүүдийн хамтаар хар тамхины хэрэгт хүртэл шалгагдсан гэж хэвлэлээр бичигдсэн хүн. Тэрбээр аавыгаа Баянхонгор аймагт нэр дэвшихэд нь сонгуулийнх нь менежер хийж, Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нэг тэрбумыг хамт авалцан, ноос ноолуурыг чинь авна хэмээн баянхонгорчуудыг хулхидалцсан. Энэ мэтээр дурдвал сайнаасаа саар нь илүү гарна. Гэтэл Монголын мега том стратегийн орд газар болох Тавантолгойг удирдах, нийт ард түмний хувьцааг хариуцах зуун хувь төрийн мэдлийн компанийг мэдлэг боловсрол, авьяас чадвараар гавихгүй этгээдийн гарт бариулах болсоны учир юу вэ? Өнөөдөр Тавантолгойн олборлолтод "Энержи ресурс” компани "Спейшл майнз сервис” нэртэй компаниар тэсэлгээ хийлгэж байгаа аж. Энэ компанийг мөн л Мо Батбаярын хүүхдүүдтэй холбож ярьдаг.

 

Ард түмний өмч болсон Тавантолгойг эцэг нь Тавантолгойн найруулганд оролцсон, дүү нар нь төрийн тендер, стратегийн орд, хөрөнгө мөнгөтэй орооцолдсон хүмүүжилтэй, ийм гэр бүлээс гаралтай этгээдийн гарт өгсөнөө Ерөнхий сайд юу гэж тайлбарлах вэ?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гээд төрийн өндөрлөгүүд энэ томилгоог зөвшөөрсөний цаана хэн хэнийх нь ашиг сонирхол байгааг "Мо” Батбаяр овжноор ашигласан юм биш биз? Хачирхалтай нь Мо Батбаяр болон хүүхдүүдийнх нь ургийн овог "Мо” хэмээн иргэний үнэмлэхэн дээр нь тэмдэглээтэй байдаг тухай намынхан нь ярьсан юм. Гэтэл Монголд Мо гэсэн овог байхгүй, харин Хятадад бол Мо овогтнууд зөндөө байдаг гэх. Цаашилбал хятад хүн удам дамжсан хэдэн үеийн хөрөнгө мөнгө, бэл бэнчингээрээ гайхуулдаг бол монгол хүн унасан газар, угаасан ус, гарал үүслээ ярьж сайрхдаг. Мо Батбаяр нэгэнтээ "Миний хүүхдүүд Монголын толгой арван баяны тоонд багтана” хэмээн сайрхсан тухай нэгэн сайт дээр мэдээлжээ. Эндээс ямар дүгнэлт хийж болохыг эрхэм уншигч та өөрөө тунгаана бизээ.

 

Эцэст нь эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандмаар байна. Монголын ард түмний хосгүй баялаг орд Оюутолгойг нэгэнт алдчихаад одоо Тавантолгойг ч нам дамнасан олигархиуд, ардчиллын баг өмсөгчид дээрэмдэх гэж байгааг зүгээр харсаар суух уу? Стратегийн орд газруудад ээмших ёстой төрийн хувь хаачсан бэ? Мо Батбаярын эзэмшлийн энэ гурван ордын ашиглалтыг хуулинд нийцүүлж, төр түмэнд өгөөжтэй болгох тал дээр анхаарна уу. Ерөнхийлөгч таны "шударга байя” гэсэн уриаг дахин сануулж, өөрөө шударга байгаач, ард түмнийхээ талд байгаач гэж шаардмаар байна.

 

24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.