Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудад ямар нэмэлт, өөрчлөлт оруулах вэ?


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг  есдүгээр сарын 17-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг багц хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

Эрүүгийн эрх зүйн хууль тогтоомж багцаараа 2015 онд өмнөх парламентын үед шинэчлэгдсэн. 2016 онд өнөөгийн УИХ бүрдсэнийхээ дараа энэ багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 49 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан. Зөрчлийн хуульд ч мөн өөрчлөлт оруулж 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Эрүүгийн болон Зөрчлийн хууль багцаараа нийгмийн дэг журмыг сахиулах, хамгаалах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд ял цээрлэл үзүүлэх үндсэн агуулгатай. Эдгээр хуулийн үйлчлэл, хүрээ хязгаараас ангид нэг ч хүн, байгууллага байхгүй. Өнгөрсөн хугацаанд дээрх хуулиудын хэрэгжилтэд ямар асуудал үүсч байна, гажиг согог гарч байна уу, үйлчлэл дутаж байгаа асуудал байна уу, зөрчилдөөн хийдэл байна уу гэдэгт салбарын яам, мэргэжлийн байгууллагууд дүгнэлт хийж, хийдэл, зөрчил үүсч байгаа асуудлуудыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан юм байна.

Өнгөрсөн хугацаанд эдгээр хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад холбогдох байгууллагууд болон иргэдээс гаргасан санал, хүсэлтээс үзэхэд хуульд заасан  зарим асуудлыг тодруулах, нарийвчлах хэрэгцээ гарсан гэдгийг хуулийн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн өмнө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-аар  батлах  явцад эхний хэлэлцүүлгээр дэмжигдэж, хуулийн төсөлд тусгагдсан санал, эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдээгүйн улмаас хуульд хийдэл, давхардал үүссэн аж.

Хууль хэрэгжүүлэх явцад гарсан практикийн шинжтэй асуудлууд ч цөөнгүй бий аж. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналтынхаа хүрээнд эрх бүхий байгууллагад нийт 180 удаа шалгалт хийж, 2383 зөрчил илрүүлжээ. Эдгээр зөрчлийг арилгуулахаар 113 шаардлага бичиж, биелэлтийг нь хангуулан ажилласан бөгөөд энэ хүрээнд 190 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрт холбогдуулан 97 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Прокуророос шүүхэд гаргасан дүгнэлтийн 69 хувь нь эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар, 31 хувь нь шийдвэрт нь өөрчлөлт оруулах тухай дүгнэлт байсан гэнэ.

Үүнээс дүгнэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа эрх бүхий 13 мянга орчим албан тушаалтны 60-70 хувь нь хуульч бус бусад салбарын мэргэжилтнүүд байгаа аж. Тиймээс зөрчил шалгах зарим тодорхой ажиллагаанд мөрдөх журмыг илүү ойлгомжтой болгох шаардлага тулгарч байгаа  гэдгийг хууль санаачлагчид онцолжээ.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байцаагчийн шалган шийдвэрлэх зарим зөрчлийг гаалийн байцаагчийн харьяалалд хамруулсан, зөрчил шалгах зарим тодорхой ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгжүүлэхээр хуульчилсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээтэй зөрчилдөж байгаа гэх мэт баримт жишээ практик дээр цөөнгүй гарсан байна.

Хөөн хэлэлцэх хугацааг тодорхой болгоно

Хуулийн давхардал, хийдэл, зөрчилтэй зохицуулалтыг хагас сарын өмнө парламентад өргөн барьсан багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засч залруулах юм. Эдгээрээс онцлоход олон нийтийн анхаарлыг сүүлийн үед нэлээд татаж буй эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт төсөлд тусчээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн юм байна.

Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 10 дугаар зүйлд гэмт  хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: 1.1. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татахгүй” хэмээн тодорхойлсон бий. 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан энэ заалтыг “1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн;” гэж хугацааг нь уртасган өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ.

Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудад ямар нэмэлт, өөрчлөлт оруулах вэ?

Гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар шийднэ

Бусдыг гүтгэх үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдэх зохицуулалт эдүгээ мөрдөгдөж байгаа. Харин өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төслөөр уг зөрчлийг Эрүүгийн хууль руу эргүүлэн татаж байгаа ажээ. Эргүүлэн гэдгийн учир нь 2017 оноос өмнө гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулийн заалтаар шийдвэрлэдэг байсан юм. Зөрчлийн тухай хуулийн 6.21-т буй “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн энэ заалт сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд нэлээд маргаан, шүүмжлэл дагуулж байгаа.

Зөрчлийн хуульд гүтгэх заалт байх аль ч талаасаа ашиггүй. Яагаад гэхээр Зөрчлийн процессын хуулийн мөн чанар нь жижиг асуудлыг хурдан шуурхай шийдэх, ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан гэж нэрлэгдэж байгаа байцаагч, хэв журам, нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа албан тушаалтан шууд шалгаж шийдвэрлэдэг процесс. “Энэ хүн намайг гүтгэлээ” гэхэд өнөөдөр цагдаагийн хэв журмын байцаагч шалгаад “Энэ хүнийг гүтгэсэн байна” гээд шийдвэрлэдэг болчихоод байгаа юм. Процедурын хувьд нэлээд шуурхай, хязгаарлагдмал хүрээнд асуудлыг шийдвэрлэчихэж байгаа гэсэн үг. Энэ нь юуны түрүүнд хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал болсон гэдгийг хуульчид хэлдэг.

Зөрчлийн хуулийн энэхүү заалт нь сэтгүүлч, хэвлэн нийтлэгч болон, хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн хувьд дааж давшгүй хүнд нөхцөлд байдал руу түлхэж байгаагаас гадна ардчилалын үнэт зүйл болох хэвлэн нийтлэх эрхийг мөнгөн торгуулиар дамжуулан боомилсон хууль болсон гэж үзэхэд хүргэж байна. Мөн хууль сахиулагчдын хэвлэл мэдээллийн болон цахим орчны талаарх мэдлэггүй байдал нь хэвлэн нийтлэгчийг “гүтгэгч” мэтээр олон нийтэд ойлгуулах, тэдэнд торгууль оногдуудах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Энэ нөхцөл байдлыг ойлгож мэдэрсэн хуульчдын хувьд гүтгэх асуудалд сэтгүүлч хамрагдах ёсгүй. Их ноцтой үр дагавар үүсгэлээ гэхэд нэр төр, алдар хүнд, ажлын хэргийн нэр хүнд гутаасан гээд иргэний шүүхээр явах ёстой асуудлыг Эрүүгийн болон Зөрчлийн хууль руу оруулж ирдэг нь буруу гэж үздэг.  

Эрүүгийн процесс руу орохоор зөрчил шалгадаг байцаагч шалгаж байгаад л шууд торгочих биш мэдээллийн эх сурвалжийг шалгаж, тогтоох боломжтой шүүхийн өмнө аваачна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бүх ажиллагаа зөвшөөрөлтэй явагдаж, тэрийг нь прокурор орж нотлогдож байгаа эсэхийг нь ярина, дүгнэлт өгнө. Ингэж гурван шатны шүүхээр явна гэдэг бол хүний эрх талаасаа баталгаатай систем рүү орж байгаа юм. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөний талаар мэдлэггүй, мэргэжлийн бус захын нэг байцаагч Зөрчлийн хуулийн дээрх заалтын дагуу гүтгэсэн гэдэг үндэслэлээр торгууль шийтгэл ногдуулдаг явдал сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн.

Энэ талаар Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Л.Данзанноров “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гүтгэхийг гэмт хэрэгт тооцох өөрчлөлт оруулах гэж байгаа. Хүний нэр төр, алдар хүнд үнэтэй зүйл. Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлийг Эрүүгийн хуулиар хамгаалах нь үр дүнтэй. Зөрчлийн хуульд одоогоор бусдыг гүтгэсэн хүнийг хоёр сая, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох заалттай. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шинэ төсөлд сошиалаар гүтгэвэл 450 мянгаас 1 сая 350 мянган төгрөгөөр, хэвлэлээр гүтгэвэл 450 мянгаас 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ялтай. Эсвэл хорихгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлана гэсэн байгаа. Гүтгэсэн, гүтгүүлсэн эсэхийг тогтоох процесс аль хуулиар явах вэ гэдэг илүү чухал. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар явахад хэсгийн байцаагчийн төвшинд тухайн асуудлыг шалгахдаа мэдээлэл гарсан эсэхийг нь шалгаад л торгуулийн хуудас бичээд шийдэгдчихэж байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар явбал өмгөөлөгчийн оролцоо тодорхой гарч ирнэ, мэдээллийг нягтлах цаг хугацааны болоод үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Мөрдөгч шалгахаас гадна прокурор хянаж, шүүх шийдвэрлэнэ. Энэ үүднээсээ Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг оруулах нь иргэн талаасаа ч, хэвлэн нийтлэгч талаасаа ч нарийн шүүлтүүрээр эрхээ хамгаалуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Зөрчлийн хуулиар байгууллагыг нь 20 сая төгрөгөөр торгох гэхээр байгууллага өөрийгөө хуяглачихаад сэтгүүлчдээ буруугаа чихэж 2 сая төгрөгөөр торгуулах хандлага байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн 10 жилийн дунджаар жилд 4-5 гүтгэх гэмт хэрэг шийтгэгдэж байсан. Зөрчлийн хуульд оруулснаар энэ тоо хэд дахин өсч жилд 20 орчим болсон” хэмээн ярьжээ.

Түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтны гүтгэсэн асуудлыг гэмт хэрэгт тооцохгүй байх, ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээдийг шүүмжилсэн, хардсаны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх тайлбарыг хуулийн төсөлд  тусгасан байна. Энэ нь Монгол Улсад хариуцлагатай, шударга төрийг бэхжүүлэхэд чухал гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан зохицуулалт юм.

Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.