Б.Дамдин-Очир
УИХ "өөрөө” тарна гэж хэсэг гүйлдлээ. Эцэст нь тарахааргүй болж үлдлээ. Анх энэ санаачилга 2019 оны есдүгээр сарын эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд, Ерөнхий сайдаас өөрөөс нь гарсан гэдэг. Тэрээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан хүмүүс, одоогийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарыг дуудаж ярилцаад ийм шийдэл гаргасан гэх мэдээлэл бий.
МАН-ын генсек үүнийг хэрэгжүүлэх гэж нэлээд яваад УИХ-ыг тараах саналын бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоог хуулиар тогтоосон хэмжээнд хүргэж чадаагүй. Улмаар МАН-ын нөлөө бүхий гишүүд дахин ярилцаад УИХ-ыг тараахгүй байх шийдвэрт хүрсэн байгаа юм.
Харин ингэж шийдэхийн өмнө, есдүгээр сарын 26-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "…УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг хэрхэвч дэмжихгүй. Хэрэв үүний төлөө улайрвал намынхантайгаа ч хатуу тэмцэхэд бэлэн, энэ бол нэг хүний чиглүүлсэн тоглоом шүү” гэжээ. Энэ үг нийтийн анхаарлыг татлаа. Учир нь Ц.Нямдорж сайд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хэн нэгний тоглоом болж, УИХ-ыг тараах санаачилгыг өрнүүллээ гээд хэлчихсэн байна.
Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэний тоглоом болчихов оо гэдэг асуулт гарч ирнэ. Бас тэр хүнийг нь Ц.Нямдорж сайд мэдээд байна.
Хамгийн түрүүнд нэрлэгдэх хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга юм. Тэрээр "..УИХ тар” гэдэг шаардлагыг хоёр ч удаа албан ёсоор тавьж байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд нэлээд гүнзгий оролцож яваад тэр нь унасан. Үүнд бухимдсан. Бас Ерөнхий сайдтай маш ойр харилцаатай гэж улс төрийн хүрээнд яригддаг. Иймээс У.Хүрэлсүхэд нөлөөлж болох №1 хүнээр Ерөнхийлөгчийг нэрлэж байна.
Түүнээс гадна Ерөнхий сайд ч байсан, МАН-ын дарга ч байсан, У.Хүрэлсүхийн урилгаар өрөөнд нь очиж УИХ-ыг тарах шийдлийг хамт гаргалцсан С.Баяр, Сү.Батболд хоёрыг бас "Ерөнхий сайдаар тоглосон” хүмүүсээр нэрлэж болно.
Энэ хоёр хүн угаасаа нэг фракц гэж эртнээс хэлэгдэж ирсэн. Ерөнхий сайдын албан тушаал, МАН-ын даргын суудлыг бие биедээ "үе дамжуулж” явсан хоёр юм. Товчхондоо, хэлэх ам нь өөр болохоос С.Баяр ч, Сү.Батболд ч нэг ижил үг амнаасаа унагах хүмүүс гэсэн үг.
С.Баяр МАН-ын стратегич гэгддэг. Түүнгүй сонгууль МАН-ын сүүлийн үеийн түүхэнд байхгүй. Тэгэхээр энэ ээлжит бус сонгуулийг С.Баяр санаачилж мэдэх л юм.
Сү.Батболдын хувьд У.Хүрэлсүхтэй хамгийн ойр харагдаж байгаа. У.Хүрэлсүх Сангийн сайдаас эхлээд гол яамдаа ч Сү.Батболдод атгуулсан. Дээрээс нь Сү.Батболдын нэр дээр явдаг хүмүүс гайгүй гэх албан тушаалд олноороо томилогдсон байдаг. Энэ бүхнээс үзэхэд У.Хүрэлсүхэд хамгийн их нөлөөлж чадах хүн бол Сү.Батболд болж таараад байгаа юм.
Олны яриа ортой гэдэг. Хардлага ч ялгаагүй. Тиймээс Ц.Нямдорж сайдын мэдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чиглүүлээд байгаа хүн бол энэ гурван эрхмийн хэн нэг нь байх магадлал өндөр юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл