Технологийн эрин дэх спикерийн “төрх”


УИХ-ын дарга Г.Занданшатар амралтын өдрөөр сайжруулсан түлш хэрэглэж буй гэр хорооллын өрхөд зочилсон. Тэрбээр жил гаруйн өмнө зочилсон айлаа эрж, сурсаар очсон. Гэвч гэрийн эзэд “гомдоод яах вэ үнэнийг л хэллээ” хэмээн сайжруулсан түлш илчтэй ч дулаанаа барихгүй, асуудал дагуулах нь байна шүү хэмээн сануулсан. Эрхэм спикерийн хувьд өнгөрсөн өвөл хэрхэн өвөлжсөн талаарх яриа өрнүүлэхийн зэрэгцээ “Таван толгойн түлш” компанийн мэргэжилтнүүдтэй хамт явсан тул цаашид утааг бууруулахад иргэд хэрхэн хувь нэмрээ оруулах, зөв галлах талаар багагүй зааварчилгааг өгүүлсэн. Тэгэх явцдаа очсон айлдаа нэг тонн түлш үнэгүй өгөхийг үүрэгдэж, мөнгийг нь би олоод өгчихье хэмээн ам алдах нь ч сонстсон.

Хэрэв уншигчид санаж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Apple” хамгийн сүүлд худалдаанд нийлүүлсэн “iPhone 11 Pro” гар утсыг ашиглаж байгаагаа “гайхуулан” бяцхан сурагчидтай “патиараа” татуулж байсан.

Харин өнөөдөр гэнэтхэн утаатай тэмцэж, гал зөв түлэх талаар ярьж суугаа нь технологийн эрин дэх спикерийн олон төрх гэлтэй. Нэг ёсондоо түүний хэрэглээ, иргэдийн бодит амьдрал хоёрыг товч, тодорхой харуулсан ч гэж хэлж болохоор байв. Тодруулбал, түүний барьж, патиараа татуулсан iPhone 11 утсыг дэлхий дахинаа шагшин магтаж, технологийн хувьд хамгийн сайжруулсан загвар хэмээж байгаа. Монгол дахь албан ёсны борлуулагч нар нь 2.700.000-3.600.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж буй. Харин агаарын бохирдлыг бууруулах зорилт бүхий сайжруулсан түлшний нэг тонн нь 150.000 төгрөг. Нэг өрхийн бүтэн өвлийн хэрэглээ нь гурван тонн бөгөөд 450.000 төгрөг гэсэн үг.

Үндсэндээ дэлхийд гайхагдсан гар утсыг барьж, ашигладаг дарга бусад улсаас ч хоцрогдсон сайжруулсан түлшээр өвлийг өнтэй давна шүү хэмээн ярьж суух нь иргэдээ егөөдөж байна уу л гэж харагдсанаас ердөө ч хөрсөн дээр бууж ажиллаж байгаа нь мэдрэгдсэнгүй.

 

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.