Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа удирдамжийн дагуу тус аймагт хүргүүлсэн хоёр удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцав.
АТГ-аас 2017, 2018 онд орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх Зөвлөмжийг 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд Баян-Өлгий аймагт 2017 онд 12, 2018 онд 13 чиглэлээр Зөвлөмж хүргүүлсэн байна.
Баян-Өлгий аймгийн хувьд хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулдаг, танил тал, хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас улсын төсөвт хохирол учруулсан, Сум хөгжүүлэх сан болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал өмнөх онуудад илэрч байв. АТГ-ын ажлын хэсэг өмнө хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцахад зарим зөрчил, дутагдал арилаагүй хэвээр байна.
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг хэтрүүлэн хэрэглэх явдал давтагдсаар байна. 2019 онд тус аймаг баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхдээ 16 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гарсаар байна. Тухайлбал, 13 сумын Засаг даргыг гадаадад туршлага судлах нэрийдлээр 22 сая төгрөг, сургуулийн барилгын зураг төсөл хийлгэхээр 9.3 сая төгрөг зарцуулжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шалгаж шийдвэрлэдэггүй, иргэнд үндэслэл бүхий хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал таслан зогсоогдоогүй байна. Тухайлбал, төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар нөөцөд бүртгэгдсэн иргэн Х-ийн 2019 оны 1 дүгээр сард гаргасан ажилд орох хүсэлтийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй, иргэнд үндэслэл бүхий хариуг өгөөгүй байна. Уг асуудлыг Ажлын хэсэг нарийвчлан хянан шалгаж байна.
Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах, төсвийн мөнгөөр дайлж цайлах явдал үргэлжилсэн хэвээр байв. Харин хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах, бүртгэх, хянах, үндэслэлгүй дүрэм журмуудыг цэгцлэх ажлыг АТГ-аас өгсөн Зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэж байгаа аж.
АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтээр нэгдсэн тайлан, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Эх сурвалж: АТГ
Сэтгэгдэл