Д.Тогтохсүрэн дарга аа, мэлзээд яахав дээ


Д.Тогтохсүрэн дарга аа, мэлзээд яахав дээ

 

АТГ-ынхан МАН-ынхан дундаас дахин нэг авлигын гэмт хэргийн учгийг атгасан бололтой. Тэр нь УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гэх мэдээлэл хөвөрч мань хүн ч "Би биш" хэмээн мэлзэж эхлэв. Тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан талаар авлига өгсөн гэх иргэн АТГ-т ханджээ.Д.Тогтохсүрэн авлига аваад ч зогсохгүй, дараа нь тухайн иргэнд янз бүрийн дарамт үзүүлж байсан гэнэ. Энэ хэрэгт Өвөрхангай аймгийн өнөөгийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын Ерөнхий санхүүч Ч.Болормаа нар оролцсон болохыг мөн шалгуулахаар баримтаар хавсаргасан талаарх мэдээлэл ч байгаа юм.

Харин энэ асуудлын тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэн "Энэ тухай мэдээллийг харлаа. Энэ дагуу АТГ-тай утсаар холбогдож асуухад, дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу өгсөн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй. Миний нэр хүндэд халдсан ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Уг нь мэдээллийг гаргахаасаа өмнө шалгадаг газраас нь асуусан бол олон нийтэд зөв мэдээлэл өгөх байсан болов уу” гэх хариултыг өгчээ.

Юутай ч энэ асуудлын талаар АТГ-аас тодорхой мэдээлэл өгөх үлдлээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.5-д хясан боогдуулсны улмаас авлига өгч, төрийн үйлчилгээ авснаа сайн дураар илчилбэл ялаас чөлөөлөгдөх боломжтой гэж заасан байдаг. Энэ удаагийн авлигаа илчилсэн асуудлын холбогдогч нь төрийн өндөр дээд албан тушаалтан, УИХ-ын гишүүн байгаа нь анхны тохиолдол ажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.