Б.НАМУУНТАМИР
"Ардчилсан намын шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв "Үндэсний мэдээллийн төв”-д АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж мэдээлэл хийв. Түүнийг халз мэтгэлцээнд дуудсан боловч АН-ын дарга мэтгэлцээнд ирээгүй юм.
"Ардчилсан намын шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв "АН-ын удирдлага МАНАН болсон уу, С.Эрдэнэ төмсөгдүүлсэн улс төрч мөн үү, хэн нь цагдаад шалгуулах ёстой вэ гэсэн асуудлуудад цэг тавиад мэтгэлцэх ёстой байсан ч намын дарга маань ирсэнгүй. Мэтгэлцээнд зориулан С.Эрдэнэ даргатай холбоотой баримтуудыг авч ирсэн. П.Галиндэв нь АН-ын гишүүн биш гэсэн мэдэгдэл гаргасан байсан. С.Эрдэнэ үүнийг ганц цаасаар нотлохгүй. АН-д элссэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд өнөөг хүртэл би хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан. СХД-ийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, шат шатны бүхий л сонгуульд алгасалгүй оролцсон. С.Эрдэнэ АН-ын дотоод сонгуулийг будлиулж, намын даргад хариуцлага тооцох заалтыг байхгүй болгочихсон. Ямар ч сайхан дүрэм бичиж өгсөн бохир улстөрчид засчихдаг юм байна. С.Эрдэнийг намаасаа явуулж байж төр хийгээд нам маань цэвэршинэ. 1996-2000 онд С.Эрдэнэ БГД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа БГД-ийн ихэнх газруудыг хувьдаа авчихсан, 2004-2008 онд НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа хууль бусаар хувьдаа мөнгө завшсан хэргээр шалгагдаж, хоригдож байсан ч Ц.Элбэгдорж хэргийг нь хэрэгсэхгүй болгож сулласан. Тэгэхээр С.Эрдэнэ бол Ц.Элбэгдоржийн барьцааны хүн юм. Энэ талаар С.Эрдэнэтэй мэтгэлцэхэд бэлэн байна. Энэ бүхий л асуудлуудаа хууль шүүхийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Энэ бүхнийг тодорхой болгохгүй бол огцрох хүртэл нь тэмцэнэ” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл